Б.Батмөнх: Талийгаачийг амиа хорлоход нөлөөлсөн гэх үндэслэл бий
2017/04/13

Завхан аймгийн Идэр сумын төрийн албан хаагч ажлаасаа халагдсанаас болж амиа хорлосон хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд гарсан. Талийгаачийн нөхөр Ш.Батбаатар, талийгаачийн төрсөн ах н.Эрдэнэцогт, нагац ах С.Доржсүрэн болон өмгөөлөгч Б.Батмөнх нар өнөөдөр /2017.03.13/ болсон явдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэд талийгаачийн талаар буруу, ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа учраас бодит мэдээллийг хүргэхээр ийнхүү хэвлэлийн хурал зарлаж байгаа гэлээ.

Талийгаач С.Тэгшжаргал нь 28 жил Идэр сумын төрийн албанд ажилласан, 2005 оноо Идэр сумын нягтлан бодогчоор ажиллаж байгаад тухайн жилд төрийн албаны бүтцэд өөрчлөлт орж, Санхүүгийн алба шинээр байгуулагдаж, тус албаны даргаар нь Т.Сэлэнгэ томилогдон ажиллажээ. Харин талийгаач төрийн сангийн мэргэжилтэн болохоор Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгсөн байна. Тухайн үед төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноог гурван хүн авсан бөгөөд талийгаач гуравдугаарт бичигдсэн байна. 2015 оны дөрөвдүгээр сард болсон төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтад оролцсон С.Нямжав өндөр оноо авсан боловч тухайн үед Идэр сумын санхүүгийн албаны дарга н.Сэлэнгэтэй төрөл, садангийн холбоотой байсан учраас Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчиж байгаа гэж үзэн С.Нямжавыг ажилд аваагүй байна. Тиймээс түүний оронд талийгаач С.Тэгшжаргалыг Идэр сумын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтнээр томилох шийдвэр гаргаж өнгөрсөн хугацаанд ажлаа хийж байж. Гэтэл 2017 оны гуравдугаар сарын 14-нд талийгаачийг ажлаас нь чөлөөлж, төрийн албаны хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр С.Нямжавыг дахин томилохоор болсон байна.  С.Нямжав нь Идэр сумын Засаг даргын орлогч н.Болдбаатарын эхнэр бөгөөд талийгаачийг ажлаа өгөөгүй байхад нь ирж ажлаа хурдан өг гэж дарамталдаг байсан гэнэ. Энэ нь талийгаач С.Тэгшжаргалыг амиа хорлоход төрийн албанаас чөлөөлсөн болон тухайн ажилд томилогдох С.Нямжав нарын дарамтаас болж амиа хорлоход хүргэсэн гэж үзэж байгаа учраас шүүхэд хоёр асуудлаар хандахаар болжээ.

Өмгөөлөгч Б.Батмөнх “Талийгаач С.Тэгшжаргалыг МАН-ын хүн учраас ажлаас халсан гэсэн  ташаа мэдээлэл явсан. Үнэн хэрэгтээ талийгаач аль нэг намын гишүүн биш. Төрийн жинхэнэ албан хаагч аль нэг намын гишүүн байж болохгүй гэсэн хууль бий. Гэтэл  Идэр сумын одоогийн Засаг дарга н.Баярмаа болон С.Нямжав нар нь өмнө МАН-ын гишүүд байсан бөгөөд 2016 оны сонгуулийн өмнө Ардчилсан намд элссэн хүмүүс. С.Нямжав төрийн  жинхэнэ албан хаагч байсан учраас намаасаа татгалзсан байх гэж найдаж байна” гэлээ.

Мөн одоогийн Идэр сумын Санхүүгийн хэлтсийн дарга н.Сэлэнгэ нь С.Нямжавтай эгч дүүсийн харилцаатай хэвээр байгаа бөгөөд энэ нь мөн л Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчиж байгаа гэлээ. Тэд талийгаач С.Тэгшжаргалыг амиа хорлоход төрийн албанаас чөлөөлсөн болон тухайн ажилд томилогдох С.Нямжав нарын дарамтаас болж амиа хорлоход хүргэсэн гэж үзэж байгаа, төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчсөн, төрийн албанд томилогдохдоо хууль зөрчөөгүй байхад нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан хууль бус гэж үзэн дээрх асуудлаар шүүхэд хандахаар болсон гэдгээ онцоллоо.

Эх сурвалж: www.news.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин