Америкийн Сакраменто мужийн иргэн Карри Жо хоёр хүүхдээ дагуулан төрсөн өдрийн үдэшлэгт явсан нь тун харамсалтай үйл явдлаар өндөрлөжээ.

Хүүхдүүд нь гадаа талбайд тоглож байх үед Жо гэнэт буун дуу сонссон байна. Энэ үед Жо-гийн 11 настай том хүү нь нуугдаж биеэ хамгаалахын оронд хоёр настай охин дүүгээ хамгаалахаар гүйжээ.
"Миний хүү буун дуу гармагц дүү рүүгээ гүйсэн. Тэр дүүгээ л хамгаалахыг хамгийн түрүүнд бодсон байх. Хүү минь дүүгээ биеэрээ халхлан зогсож байсан. Тэр бол миний баатар" хэмээн хүүгийн ээж ярьжээ.
Тэрээр дүүгийнхээ урд биеэрээ халхлан зогсож цээж, нуруу, хөлөндөө гурван удаа буудуулжээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний бөөр болон бусад гэмтсэн эрхтнүүдэд хагалгаа хийжээ.
"Хүүд минь ийм зүйл тохиолдсонд итгэж чадахгүй нь. Тэр минь бусад хүүхдүүдийн адил тоглож наадаж явах насан дээрээ л байсан шүү дээ. Одоо түүнийг эмнэлэгт амьсгалах төхөөрөмжөөр амьсгалуулж байгаа. Хүүг минь оносон нэг сум нь маш их гэмтэл учруулсан байсан" хэмээн Жо ярьжээ.

Хүүгийн биеийн байдал одоогоор дээрдээд байгаа бөгөөд удалгүй мэдээ орж эдгэрэх боломжтой хэмээн мэдэгдээд байгаа юм.
Хэрэгтэн одоогоор баригдаагүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас хэрэгтний талаар мэдээллийг иргэдээс тодруулж байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)