Гурван хүүхэд хоолонд хордож нэг нь амиа алдсан хэрэг гарчээ
2017/04/13

Төв аймгийн Батсүмбэр суманд нэг гэр бүлийн 6-11 насны гурван хүүхэд хоолонд хордож нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хүүхдүүд сургуулийн дотуур байранд амьдардаг байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гүйлгэж, бөөлжиж эхэлжээ.

Хүүхдүүдийг хоолноос хордсон байж магадгүй гэж үзэн гэр бүлийнхэнд нь мэдэгдэж харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хүргэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч нар хүүхдүүдийг халдварт өвчин туссан байж болзошгүй гэж оношилсон тул Халдварт, өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д үзүүлэхийг ар гэрт нь зөвлөсөн байна. Гэвч тухайн өдөр хүүхдүүдийн ээж ХӨСҮТ рүү явалгүй, гэртээ иржээ.

Гэсэн ч дараа өдөр нь хүүхдүүдийн биеийн байдал дээрдэлгүй нэг нь гүйлгэж, их хэмжээгээр бөөлжсөнөөс болж таталт өгч шоконд орсон байсан бөгөөд дахин Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хандсан ч 9 настай охин эмнэлэгт хүргэгдэж ирсний дараа амиа алдсан харамсалтай хэрэг болжээ. Охин ах, дүү хоёр одоо ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж байна.

Болсон явдлын талаар тодруулахаар ХӨСҮТ -д очиход хоёр хүү Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн, шаардлагатай эмчилгээ хийгдэж байгаа, хүүхдүүдээс нянгийн шинжилгээ авсан бөгөөд хариу 72 цагийн дараа гарна хэмээн тус тасгийн эрхлэгч мэдэгджээ.

Хордлогод орсон хүүхдүүд Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд оршин суудаг гэж бүртгэгдсэн байдаг. Гэхдээ энэ айлын дөрвөн хүүхэд Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд суралцаж, дотуур байранд нь амьдардаг байжээ. Хүүхдүүд амралтын өдөр хотод гэртээ ирж амраад сургуульдаа явдаг байна.

Хүүхдүүдийн дотуур байрны хоолноос хордсон байх магадлалтай гэсэн таамаг байгаа ч дотуур байранд байдаг бусад хүүхдүүд зүгээр байгаа тул гэрийн нөхцөлд юм уу өөр орчинд хордлого авах хоол идсэн байх магадлалтай гэж үзэж байгаа.

Энэ бүхэн одоогоор таамаг төдий байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн хамтарсан баг Батсүмбэр сумын сургуулийн дотуур байрны гал тогоо болон бусад газраас дээж авч, шинжилгээ хийх ажлыг явуулж байна.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар хордлого авсан гурван хүүхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Нарантуул” худалдааны төвийн орчмоос өндөг авч идсэн гэх яриа байгаа. Гэхдээ одоогоор сургуулийн гал тогоо болон хүүхдүүдээс авсан нянгийн шинжилгээний хариу гараагүй байгаа учраас энэ бүхнийг баттай мэдээлэл гэж үзэх нь өрөөсгөл юм. Тийм ч учраас шинжилгээний хариу гартал хүүхдүүд юунаас болж хордсон эсвэл халдвар авсан эсэхэд дүгнэлт, мэдээлэл хэлэх боломжгүйг албаныхан анхааруулжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин