Алиалагч нар дургуйцлээ илэрхийлж байна

Их Британи улсын мэргэжлийн алиалагчид саяхан интернетээр цацагдсан аймшгийн зохиолуудаараа алдартай Стивен Кингийн "IT" киноны трейлерийг ихээр шүүмжилж байгаа гэнэ.

Уг кино 1986 онд Кингийн бичиж худалдаанд гаргасан зохиолоос сэдэвлэсэн бөгөөд зохиолд хэсэг хүүхдүүд нэгэн алиалагчийн дүрд хувилсан аймшигт мангасаас зугтааж буй тухай гардаг.

Киноны трейлер интернет ертөнцөд маш их эрэлттэй байгаа бөгөөд интернетэд тавигдсан эхний өдөр 197 сая хүн үзсэн нь киноны трейлерүүд дундаас хамгийн олон хүн үзсэн рекордыг тогтоогоод байгаа юм.

Гэсэн ч мэргэжлийн циркийн алиалагч нар үүнийг өөрсдийнх нь бизнест муугаар нөлөөлнө хэмээн үзэж байгаа аж.

Селин Харланд алиалагч хийгээд 17 жил болж байгаа. Тэрээр "манай бизнес өнгөрсөн жилийн аймшигтай алиалагч болж жүжиглэн хүн айлгаж байсан хүмүүсээс болж багагүй хохирол амссан. Түүнээс хойш одоо л бага зэрэг сэхэл авч байгаа. Харин энэ аймшгийн кино хүмүүсийн алиалагчдын тухай бодлыг өөрчилж байна. Харамсалтай нь өөр бусад аймшгийн кинонд гардаг хиймэл аварга загас зэрэгтэй харьцуулахад алиалагч бол нийгэмд байдаг зүйл шүү дээ. Над руу сургуулийн багш, эцэг эхчүүд ярьдаг. Тэд зарим хүүхдүүд айж, буруугаар хүлээж авахвий гэдгээс эмээж намайг хөлслөх боломжгүй боллоо гэдгээ хэлж байгаа" гэжээ.

Олон улсын алиалагчдын холбооноос мөн энэ тухай мэдэгдэл хийжээ. Холбооны гишүүн Богнор Регис: "Энэ бол зүгээр аймшгийн кино. Гэсэн ч бид өөрсдийгөө аймшгийн алиалагчдаас өөрөөр илэрхийлдэг байхыг хүсэж байна. Ийм төрлийн хэтэрхий олон аймшгийн кино байгаа шүү дээ. Хүн иддэг алиалагчаас эхлээд. Энэ нь хүмүүсийн хүмүүсийн бодлыг төөрөгдүүлж өөр зүг үрүү чиглүүлж байна. Бид үүнийг хүсэхгүй байна. Энэ бол маш муу муухай зүйл" гэжээ. Мөн тэрээр эцэг эхчүүд аль болох ийм төрлийн киног бага насны хүүхдүүддээ үзүүлэхгүй байхыг уриалж байгаа юм.

Б.Бямбаням

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025