Дэлхийн хамгийн олон хэлээр ярьдаг хүмүүс хэн байв?

Хүний тархи хэдэн хэлийг төгс эзэмших чадвартай юм бол? Та бүхэнд түүхнээ олон хэлээр ярьдаг байсан хамгийн алдартай эрхмүүдийн талаар танилцуулж байна.

Лазарь Маркович Заменгоф

Эрүүл мэндийн ухааны доктор, хэл шинжээч тэрээр Еймен, Орос, Польш, Герман, Францаар хэлээр чөлөөтэй ярьдаг байсан ба Латин, Грек, Еврэй болон Арамайк хэлийг судалж байжээ. Мөн түүнийг бусад полиглот буюу олон хэлээр яригчдаас онцгойруулах нэгэн зүйл байсан нь Заменгоф олон хэлээр яриад зогсохгүй Есперанто хэмээх шинэ хэлийг зохиосон байдаг. Есперанто нь дэлхийн хамгийн түгээмэл зохиомол хэлнүүдийн нэг юм.

Тэрээр хүүхэд байхын дайн дажингүй дэлхийн тухай мөрөөддөг байсан. Энэхүү мөрөөдлийг нь биелэхэд нөлөөлж чадах хамгийн чухал зүйл бол дэлхийн ямар ч өөр хэлээр ярьдаг улс орон хоорондоо ойлголцож болох хоёрдогч нэг хэлтэй байх ёстой гэдэгт итгэдэг байжээ. Уг итгэл үнэмшил нь түүнийг Есперанто хэлийг бүтээхэд түлхэц өгсөн бөгөөд тэрээр 1873 онд сургуулийн сурагч байхдаа л хэл зохиох алхмаа эхлүүлж байсан байна.

Нэгдүгээр Элизабет хатан

Онгон хатан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг нэгдүгээр Элизабет маш загварлаг нэгэн байжээ. Түүний хувцасны шүүгээнд 2000 гаруй чамин загвартай бээлийнүүд байсан гэдэг. Мөн тэрээр гайхалтай хэлний мэдлэгтэй нэгэн байсан байна. Элизабет хатан Франц, Фламанд, Итали, Испани, Англи, Латин, Грек болон Корнвол хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ.

Мөн тэрээр тун чадварлаг орчуулагч байсан гэдэг. Дөнгөж өсвөр насны охин байхдаа Кэтерин Паррын "Залбирал эсвэл бясалгал" хэмээх шашны бүтээлийг Англи хэлнээс Латин, Франц, Итали хэл үрүү хөрвүүлж байжээ. Үүнээс гадна Цицерон, Сенека, Калвин хэлүүдийг Англи хэл рүү хөрвүүлж байсан гэдэг.

Фридрих Энгельс

Германы гүн ухаантан, бизнесмен тэрээр Карл Марксын хамтаар капитализмыг шүүмжлэн Марксизмийн онолыг гаргаж байжээ. Гэсэн ч үүнээс өмнө тэрээр Орос, Итали, Португали, Ирланд, Кельт, Испани, Польш, Франц, Англи, Гот, Хуучин Нордик болон Хуучин Саксон хэлээр ярьдаг олон хэлтэй гэдгээрээ алдартай нэгэн байсан. Мөн Фридрих Араб хэл сурч байсан ба Перс хэлийг гурван долоо хоногийн хугацаанд сурсан хэмээн хэлсэн байдаг.

Александр Аргуэльес

Дан ганц түүхэн гоц авьяастай хүмүүс олон хэлээр ярьдаг юм биш. Манай дэлхий дээр 10-аас дээш хэлээр ярьдаг олон мянган хүн одоо ч амьдарч байгаагийн нэг бол Александр. Тэрээр гуч гаруй хэл мэдэх бөгөөд талаас илүү хувиар нь чөлөөтэй ярьж бичдэг гэнэ. Анх өсвөр насны жаал байхдаа Франц хэл сурахаар оролдож чадалгүй орхисон байдаг ч хожим нь их сургуульд ормогцоо Герман хэлийг шамдан суралцсан гэдэг. Удалгүй Латин, Грек, Санскрит хэлийг бүрэн сурч улмаар үргэлжлүүлэн олон хэл сурах болсон байна.

Түүнийг Герман хэл шамдан суралцахад уран зохиол нөлөөлсөн гэж тэрээр хэлдэг. Германы зохиолчдын бүтээл түүний сонирхлыг маш их татдаг байсан бөгөөд эх хэлээр нь зохиолчдын жинхэнэ хувийг унших сонирхол нь ийнхүү түүнийг олон хэлтэй болоход тусалжээ.

Като Ломб

Като Ломб 2003 онд 100 настайдаа өөд болжээ. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг хэл сурах, заахад зориулсан байдаг. Като дэлхийн анхны хэлмэрчдийн нэг байсан бөгөөд 16 хэлийг өөрөө бие даан сурч байсан байна.

Хими, физикийн мэргэжлээр сурч байсан Като Англи хэлний багш болох сонирхолдоо хөтлөгдөн Англи хэл бие даан сурч эхэлжээ. Тэрээр аль болох их хэмжээгээр англи хэл дээр ном сонин уншиж түүнийгээ толь бичгийн тусламжтай орчуулсаар Англи хэлийг сурсан байна. Ийнхүү тэрээр мөрөөдлөө биелүүлж англи хэлний багш болсон бөгөөд зөвхөн англи хэлээр ч зогссонгүй Болгар, Румин, Польш, Франц, Орос, Словак, Украйн, Дань, Герман, Итали, Испани, Еврей, Латин, Япон, Хятад хэлнүүдийг сурчээ.

Като "Би ингэж хэл сурсан юм" хэмээх номондоо нэг удаа Польш хэлний дээд төвшний ангид явж ороод багшид нь өөрийгөө Польш хэлний ямар ч мэдлэггүй, гэхдээ сурахыг үнэхээр хүсч байгаа тухайгаа хэлэхэд багш нь маш их таатай хүлээн авч түүнийг ангидаа авч байсан тухайгаа дурдсан байдаг.

Жон Рональд Руэл Толкин

Толкин өөрийн зохиолууддаа Эльф хэл гэх мэт зохиомол хэл ашигладгаараа алдартай. Эдгээрээс хүмүүсийн хамгийн их мэддэг нь алдарт "Бөгжний эзэн", "Хоббит" цувралуудад гардаг хэлнүүд. Магадгүй хүмүүс сонсоод зүгээр дүрүүдэд зориулж зохиосон утгагүй хэл мэтээр дүгнэдэг ч яг үнэндээ түүний зохиосон хэлнүүд бусад орнуудын ярианы хэлнүүдтэй адил тодорхой бичгийн дүрэм, семантикуудыг агуулсан байдаг.

Энэ бүхэн түүнийг бага байхад ээж нь түүнд Латин, Франц, Герман хэл зааж эхэлсэнтэй холбоотой. Хүүхэд байхын гадаад хэл сонирхож дурлах болсон тэрээр амьдралынхаа турш илүү олон хэл сонирхож судлах үүдийг нь нээж өгчээ. Түүний хамгийн дуртай хэл Финлянд хэл байсан гэдэг. Тэрээр Финлянд хэлнээс санаа аван "Күэняа" буюу Эльфүүдийн хэлийг зохиожээ. Мөн түүний зохиосон хамгийн төгс хэлнүүдийн нэг "Синдарин" хэл ч мөн Финлянд хэлнээс үүдэлтэй гэнэ.

Толкин Нолдорин, Наффарин, Элдарин болон дээр дурьдсан Күэняа, Синдарин хэл мөн Голдогрин, Телерин, Илкорин, Дориатрин зэрэг хэлнүүдийг зохиосон байдаг бөгөөд бүгд Финлянд, Грек, Франц, Герман, Англи, Гот, Итали, Испани зэрэг хэлнүүдэд тулгуурласан байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025