Бид их олон төлөвлөгөөтэй амьдардаг. Яагаав “Айлгах төлөвлөгөө”, “ШОК” гээд бод л доо. За тэгээд утсаар бантуулах, бантуулах гэдэг нь мэдэхгүй эв энгийн номын хүмүүст зориулж тайлбарлахад эвгүй байдалд оруулах гэсэн үг. Бид ч бас юугаараа дутаа аж. Дутахгүй дутахгүйдээ нэлээн супер төлөвлөгөө гаргалаа. Тэр нь гэрлүүлэх төлөвлөгөө. Нийгэмд олны танил өнгөлөг, мөнгөлөг, стильтэй аятайхан нь дэндсэн олон ганц бие залуус байна л даа. Тэднийг гэрлэлтэнд зуучлах гэж байна. Уучлаарай, утсаар холбогдож дансаар мөнгө шилжүүлээд утасны дугаарыг нь авах ч юм уу сохор болзоонд явуулах гээгүй ээ. Харин амьдралынхаа ханийг та хэрхэн үнэлэх вэ тэрийгээ л өгчих гэж бол хэлэхгүй. За маазрах ч яах вэ. Бид орчин цагийн ганц бие хүмүүсийг хооронд нь гэрлүүлж байна. Бодит биш, хийсвэр. Юмыг яаж мэдэх вэ, бие биенээ олж хараад гэрлэчихвэл сайн л биз. Амьдралын хос баганаа олно гэдэг амар эд биш.

Их хотын фэшниста ээж “ДИОР”-ын Ц.Батчулуун хүү охин хоёртой. Охин гэрлэх насанд хүрээгүй ид сурч мэдэж яваа. Харин хүү Дэлгэр нь одоо хэр нь ганц бие гунхаастай. Нэг үе МУГЖ Ө.Уянгатай болзож байсан ч тэгсгээд романс нь дууссан. Харин түүнтэй гэрлэхэд тохиромжтой бүсгүй ямар байх вэ? Юун түрүүн хадам ээжийг харвал загвар, фэшний өндөр мэдрэмжтэй нэгэн байгаа биз? Тэр утгаараа нас үс ч хол зөрүүтэй “нялх” амраг сонирхохгүй байх магадлалтай. Энэ үүднээс аваад үзвэл модель Ч.Туяацэцэг тохиромжтой гэмээр. Одоо хэр нь сайхан хэвээр гунхаж яваа бүсгүй бол загварын ертөнцийн ахмад биш дунд үеийн төлөөлөл шүү дээ. Мэдээж өнгөрсөн амьдрал байв. Нүцгэн зураг, тэр энэ гэх холбоос, залуусын ээрсэн харц ч байв. Чука хатагтай сайхан бэртэй байх хэмжээний хүн. Эгэл даруу бүсгүй гэхээс хамтдаа дэлгүүр хэсчихдэг вкус өндөртэй бас ч үгүй өөрөөс нь дутахгүй олны танил байвал ямар вэ?

Д.Оюунхорол гишүүний охин ээжээсээ дутахгүй “надяль” болж амжжээ. Гэрлэж амжаагүй бүсгүй Бээжингийн их сургууль төгссөн, ээжийнхээ үүсгэн байгуулсан Отгонтэнгэр их сургуульд захирлаар ажиллаж байсан гээд залуу хүн бүрт байдаггүй өнгөлөг CV-тэй. Бүр Харвардад сурах болсон гээд бодчих. Үргэлж олны нүдэнд торж байдаг охин загварлаг сайхны дээр дэргэдүүр нь өнгөрсөн эр хүн бол харахгүй өнгөрөмгүй. Түүнтэй хамгийн тохирох хархүү жүжигчин П.Баттөр. Мөн л жүжигчид дундаа сайхан, эвтэйхэнд ордог хархүү өнөөдрийг хүртэл эсрэг хүйсний хүнтэй нэр холбогдож байсангүй. Улс төрч айлын охинтой гэрлэх хэмжээний кругозор байна л гэнэ шүү. Хэн хэн нь celebrity олон нийтийн арга хэмжээнд хамтдаа очвол нүд хужирлам гээд тэднийг нэгдээсэй гэж хүсдэг хүмүүс мэр сэр байх. Даанч суваг нь таарч өгөхгүй байна уу даа.

Саяхан эх орондоо “YAVUU” нэрийн брэндийн шоугаа хийсэн дизайнер бүсгүй Японд амьдардаг. Харин модель Б.Галбадрах эх орондоо бас л өнгөлөг яваа залуусын нэг. Ямартаа л “секс символ” гэж хочлуулж байх вэ. Түүнтэй нэг хамтлаг бас найз модель Э.Энхболд дизайнер гэргийтэй. Энэ цаг үед байж болох сайхан хослол болохыг амьдралаараа харуулсан гэж болно. Одоо хэр нь ганц бие явсаар байгаа Галаа ердөө цор ганц бүсгүйтэй авахуулсан зураг нь энэ байна. Дизайнер бүсгүй бас ганц бие харь оронд ажиллаж амьдардаг ч гадаад хүнтэй суухгүй гэдгээ илэрхийлсэн. Тэднийг холбогдчихоосой гэх хүсэлтэн олон байдгийг нуугаад яахав. Одоо тэгээд заяа төөрөг нь л мэдэж дээ.

Тэд урд нь хэн хэн нь гэр бүлтэй байв. Харин одоо бол ганц бие. “Наран трейд”-ийн боссын ууган хүү Б.Аргун жүжигчин бүсгүй хоёрыг Золоо “Naran Mall”д салоноо нээсэн үеэс шахуу холбох болсон. Мэдээж нэг дор байгаа хүмүүс хоорондоо зөрөлдөх таарах тохиолдол байдаг л байлгүй. Хамтдаа шинэ жил хийсэн зураг нь олон нийтэд ил болж байв. Тэгээд харсан чинь их тохирох хос харагдаад холбож эхэлсэн гэх үү дээ. “МАСК” продакшны жүжигчин Золоо бас ч инжгүй групптэй айлд огт тэнцэхгүй бэр биш. Урлагийн салбарт ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ өөрийн салоноо нээсэн сүйхээтэй бүсгүй. Өө хэлбэл тэдний нас зөрүүтэй. Гэхдээ хэн хэн нь олонд хүртээмжтэй амьдарч сайн муугаар бишгүйдээ бичүүлж сурсан, нэг үгээр хэлбэл хор нь гарсан гэхээр хүмүүс. Болохгүй ч юу байх вэ.

Удган Т.Замандын хоёр дахь охин “Киви” Укагийн дүү Д.Уранзаяатай болзон дундаасаа нэг хүүхэдтэй болсон боксчин Н.Төгсцогт одоо АНУ-д амьдарч буй. Ёстой л хүүхдээрээ шахуу аав болчихсон тэрбээр спортын карьертаа тууштай анхааран тэр салалтаас хойш охин хүүхэнтэй нэр холбогдоогүй явна. Харин жүжигчин Б.Оюунзул элит театр “Black Box”-д сонгодог жүжгүүдийн гол дүрийг бүтээж “Гэгээн Муза” гардаж байсан чадварлаг жүжигчин. Хувийн амьдралын хувьд нэр цэвэр гэж болно. Тэднийг юу нэгтгэх вэ гэж үү? Хэн хэн нь хөдөлмөрч тууштай хувь амьдралын хувьд цэвэр зөв амбицтай залуус. Салбартаа л түүчээлдэг хоёр. Эхнэр нөхөр ижил төвшинд карьерист байвал гэр бүлийн амьдрал гэрлэлт төгс болдог гэдэг. Яагаад ер нь бодоод үзэж болохгүй гэж?

Энэ залуу “Киви” Ц.Намуунаагийн экс гэсэн зөвхөн нэг сэтрээр амьдраагүй. Загвар өмсдөг, кинонд тоглодог юм юмтай хөдөлмөрч нэгэн байх нь. Тэр дуулиант болзоо нь задарснаас хойш өнөөдрийг хүртэл ганц бие яваа. Харин модель Нора загварын тайзнаа эх орондоо төдийгүй хилийн чанадад байлдан дагуулж яваа. Мөн л болзооны статус нь цэвэр. Авьяаслаг, өөрийн гэсэн ертөнцтэй, юм үзэж нүд тайлсан бүсгүйгээ харьд алдчих вий гэх айдас байдаг. Нэг салбарын зовлон жаргалыг нь ойлгодог хүн их тохирмоор. Тэр өнцгөөс харвал энэ хоёр муугүй шүү. Нэг ийм нүд хужирлууштай сайхан хос байвал бас харчихмаар.

Жүжигчин модель О.Амгаланбаатар бүжигчин М.Бямбаа хэмээх бүсгүй хоёр хамтдаа нэгэн дууны клипэнд тоглосон юм билээ. Хуримын хувцас өмссөн нь эгээ л шинэ хосууд мэт сайхан харагдаж хүмүүс лайк ч харамлаагүй. Угаасаа тэр хоёроос хэнээс нь ч хүмүүс лайк харамладаггүй л дээ. Сонирхолтой нь тэд нэг үе болзож байсан юм билээ. Үнэхээр ч тохиромжтой нүд дүүрэн хосууд гэмээр байгаа биз. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны ялдам бүсгүй Яргуйн дүрийг дэлгэцэнд гаргасан М.Бямбаа анхны амьдралаас нэг хүүхэдтэй. Харин Амгаа урдны гэрлэлтийн түүхгүй. Бас тохирвол ч тохирчихоор залуус байх чинь.

Өөр өөрийн ертөнцтэй энэ залуус одоо хэр нь ганц бие. Тээр жил хийлч О.Байгаль “Танайд хоноё” нэвтрүүлэгт орохдоо хөдөө гэр дэх лагерьтаа хүлээж авч байв. Харин сэтгүүлч Болдко өөрийн барьсан хаустаа тохилог амьдардаг. Мөн “Танайд хоноё” нэвтрүүлэгт орж байв. Санамсаргүй гэхэд дэндүү ижилхэн тохиолдол байгаа биз? Хэн хэн нь өнөөдрийг хүртэл гэрлэж бараалаагүй зам мөрөө хөөж яваа залуу ажил хэрэгч улс. Эмэгтэй нь усгал дөлгөөн эрэгтэй характертай тэгсэн мөртлөө уяхан. Уяхан гэдэг нь “Болдкогийн цэцэрлэг” санаачилга ажил байдлаас нь харагдсан хэрэг л дээ. Бүх талаараа энэ хоёр төгс зохицох юм шиг. Хааяа Болдко мотоциклио унан роккер хувцаслан давхиж явдаг. Дэлхий нийтийн жишгийг харахар роккер hard стилийн залуу балетчин ч юм у,у хөгжимчин ч юм уу бүсгүйтэй романс үүсгэсэн байх нь элбэг. Энэ өнцгөөс харвал яг л тохирох хоёр байгаа юм даа. Өөрсдөө мэдэцгээ гэж нэг сайхан үг байна.
Сэтгэгдэл (6)