Покемон тоглоом амиа хорлолтыг бууруулж байна

Япон улс амиа хорлолтоороо дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. "Амиа хорлогчдын ой" зэрэг хүмүүс зорьж очин амиа хорлодог олон газар байдгийн нэг нь Фукуй мужийн Тожинбо нэртэй газрын далайн эргийн хад асга ихтэй байгалийн цогцолбор газар юм. Байгалийн үзэсгэлэнтэй тогтоцтой уг газарт гадаад дотоодын жуулчид их ирдэг ч мөн амиа хорлохоор хүмүүс их ирдгээрээ алдартай.

Өнгөрсөн жилд л гэхэд 14, 2015 онд 12 хүн энд хаднаас үсэрч амиа хорлосон байдаг. Харин хачирхалтай боловч баярлууштай нэг мэдээ байгаа нь 2017 он гарсаар өнөөг хүртэл нэг ч хүн Тожинбод амиа хорлоогүй байна.

Тожинбо амиа хорлолтыг таслах зогсоох, урьдчилан сэргийлэх цагдаагийн хэлтэс байдаг. Уг хэлтсийн ажилтан Юукио Шигэгийн таамаглаж байгаагаар "Покемон Гөү" нэртэй гар утасны тоглоом амиа хорлолтыг буурахад чухал нөлөө үзүүлсэн байх магадлалтай гэнэ. Уг тоглоом нь Японы алдарт "Покемон" цуврал хүүхэлдэйн киноны тоглоом бөгөөд та гар утасныхаа камерны тусламжтай тоглоомын мангасуудыг бодит ертөнцөөс барьдаг тоглоом юм. Тоглоомын мангасууд нь гар утасны байрлал заагчийн тусламжтай тодорхой нэг газарт гарч ирдэг. Тожинбод ховор мангас барихаар маш ихээр хүмүүс ирдэг бөгөөд энэ нь хүмүүсийг амиа хорлох боломж олгохгүй байгаа тухай Шигэ ярьжээ.

Мөн тэрээр "Миний бодлоор уг тоглоомын нөлөө маш их байгаа. Энэ янзаараа нэг ч хүн амиа хорлохгүй байгаасай гэж хүсэж байна" гэжээ.

Вики Шкоржи бол Японы Олон Улсын сэтгэцийн эрүүл мэнд үйлчилгээ, зөвлөгөө өгдөг "Tell Lifeline" нийгэмлэгийн тэргүүн бөгөөд тэрээр "Магадгүй энэхүү амиа хорлолтын бууралтад олон хүчин зүйлс нөлөөлсөн байх. Гэхдээ уг тоглоомын нөлөө байхыг үгүйсгэж болохгүй. Амиа хорлох гэж буй хүн голдуу чимээгүй, хүнгүй газар эсвэл гэртээ амиа хорлодог. Харин уг тоглоом гарч ирснээс хойш тоглогчид олноороо Тожинбог зорих болсон тухай  мэдээллийн хэрэгслүүдээр их гарах болсон нь уг газрыг зорих амиа хорлогчдын тоог бууруулсан байх магадлалтай" гэжээ.

Японд амиа хорлох хүмүүсийн тоо харьцангуй багасаж байгаа тухай мэдээлж байгаа. Арван жилийн өмнө жилд дунджаар 33,000 хүн амиа хорлодог гэсэн судалгаа байсан бол сүүлийн жилүүдэд энэхүү тоо нь 21,000 болтлоо буурчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025