Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан дөрвөн иргэнийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас аварсан байдаг.
Түүний гавьяат үйлсийг Монголын улаан загалмайн нийгэмлэгээс сайшаан таван ханатай гэр өгсөн. Тэгвэл Г.Ганбаяр уг гэрээ дүүргийнхээ 25 дугаар хорооны амьдралын нөхцөл тааруухан Х.Мандах гэдэг хөгшинд өгч, сэтгэлийн тусыг хүргэжээ.

Гэр хүлээлгэн өгөх үеэр Цагдаагийн II хэлтсийн дарга хурандаа А.Бакыт болон Монголын Цагдаагийн "Сүлд" чуулгын даргаар ажиллаж буй дууны зохиолын их мастер болсон Гаваасүрэн гуай, 25 дугаар хорооны Засаг дарга, ИНХ-ын дарга нар хамт байсан гэнэ.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг өөрийн цахим хуудастаа "Мандах хөгшнийг би сайн мэднэ. Хэдийгээр хөл муутай ч нийгмийн идэвхи маш сайтай, хорооны хамаг л хогийг цэвэрлэж явдаг сэтгэлтэй хөгшин байгаа юм. Г.Ганбаярын маань өглөг зөв хүндээ очиж байгаад үнэхээр баяртай байна. Ингээд миний зүгээс Г.Ганбаяртаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт тэмдэгээр энгэрийг нь мялаалаа. Энгэрээр нь дүүрэн эрэлхэг үйлсийн нь гэрч одон медалиуд ярайж байна лээ. Үнэхээр бахархалтай сайхан үйл байлаа" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл байхгүй байна