Дорнод аймгийн Засаг дарга прокурорын шаардлагыг биелүүлэхгүй өдийг хүрчээ
2017/04/03

Дорнод аймгийн прокурорын газраас 1 дүгээр улирлын төлөвлөгөөндөө тусгасан ажлынхаа дагуу аймгийнхаа Улсын бүртгэлийн хэлтэс, Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб, сум, багийн Засаг дарга нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журамд нийцэж буй эсэхийг шалгажээ.

Шалгалтанд Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэл мэдээллийн албаны хяналтын улсын байцаагчийн 2016 онд хийж гүйцэтгэсэн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 1521 материалын хууль зүйн үндэслэлийг шалгахад давхардсан тоогоор нийт 87 зөрчил илэрсэн байна. Дээрх зөрчлийг арилгуулахаар захиргааны шийтгэл оногдуулсан шийтгэврүүдийг прокурорын тогтоолоор хүчингүй болгон зөвтгөж, Монгол улсын Захиргааны хариуцлагын хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахаар Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбаярт прокурорын шаардлага хүргүүлжээ. Харин аймгийн Цэргийн штабаас ирүүлсэн судалгаанд 2016 оны цэрэг татлагын явцад захиргааны хариуцлага тооцвол зохих 78 зөрчил дурьдагдсан байх боловч тэдгээрт хуульд заасны дагуу захиргааны хариуцлага тооцоогүй байжээ.

Энэ нь өмнөх онд хийсэн шалгалтаар захиргааны хариуцлага тооцогдох 82 зөрчилд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр аймгийн Засаг даргад прокурорын шаардлага хүргүүлж байсан боловч уг зөрчил өнөөдрийг хүртэл арилаагүй, давтан гарсаар байгаа юм байна. Мөн аймгийн сум, багийн Засаг дарга нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журамд нийцэж буй эсэхийг шалгахад Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэсээс ирүүлсэн албан бичигт "Аймгийн хэмжээнд сум, багийн Засаг дарга нар нь 2016 оны байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй болно” гэсэн байх тул эрх бүхий албан тушаалтнаас тайлбар авахад Сангийн сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нарын хамтарсан 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 179/а/171/а/64/а/225 дугаар тушаалаар батлагдсан "торгууль, шийтгэврийн хуудас хэрэглэх” заавар, журмыг нэг мөр ойлгож, хэрэгжүүлээгүй болох нь тогтоогджээ. Иймд дээрх ажлыг удирдан чиглүүлж өдөр тутмын удирдлагаар ханган ажиллах чиглэл бүхий Засаг даргын тамгын газар,  хуулиар хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй Цэргийн штабын удирдлага болон сум, багийн Засаг дарга нарын зөрчил, дутагдалыг арилгуулж, хууль болон холбогдох бусад тушаал, заавар, журамд заасан эрх үүргээ бүрэн хэрэгжүүлэн ажиллаж, хуулийг нэг мөр хангуулах талаар Аймгийн засаг дарга М.Бадамсүрэнд прокурорын шаардлага хүргүүлсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин