Америкийн Алабама мужийн иргэн Вайли Дэй унтахдаа утсаа орон дээрээ цэнэглэж орхисноос болж 110 вольтын тогонд цохиулж маш хүнд гэмтэл авчээ.
Түүний хүзүүний зүүлт утасны цэнэглэгчтэй шүргэлцэх үед тог дамжсан байна. Хүчтэй тогонд цохиулсан Дэй орноосоо унаж газар хэвтэж байхдаа нүд нь юм харахаа больж байгааг мэдэрчээ. Тэрээр "Яг тэр мөчид миний бие юу ч мэдрэхээ больсон байсан. Биеээ хөдөлгөж чадахгүй байсан бөгөөд хүмүүсийн хэлдэг шиг халуу шатах мэдрэмж төрөөгүй. Харин хүзүү хэсгээр маш их даралт мэдрэгдэж байсан" гэжээ.

Удалгүй тэрээр бага зэрэг тэнхэл авч хүзүүний зүүлтээ тасдан эмнэлэг рүү явсан байна. Түүнийг хоёр, гуравдугаар зэргийн түлэгдэлтэй гэж оношилжээ. "Тогонд цохиулах миний амьдралдаа мэдэрч байсан хамгийн аймшигтай зүйл байсан" хэмээн Дэй хэвлэлд мэдэгдсэн байна.
Дэй одоо өөрийн утас болон цахилгаан хэрэгслүүдээ гал тогооныхоо өрөөнд цэнэглэдэг бөгөөд бусад хүмүүсийг ч мөн адил орондоо утсаа цэнэглэхгүй байхыг анхааруулжээ.

Сэтгэгдэл байхгүй байна