Өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд Samsung брэнд хамгийн сүүлийн загварууд болох S8, S8+ -ийг танилцууллаа. Эдгээр загварууд нь энэ ирэх дөрөвдүгээр сарын 21-нээс худалдаанд гарах бөгөөд S8 загвар нь 720 ам.доллароор зарагдаж эхлэх бол арай том загвар болох S8+ нь 840 ам.доллароор зарагдаж эхлэх гэнэ.

Ухаалаг утасны зах зээл маш ширүүн өрсөлдөөнтэй байгаа энэ үед Samsung брэнд өмнөх загвар болох Galaxy Note 7 загварынхаа учруулсан хохиролыг нөхөж нэр хүндээ эргүүлэн олж авах хэрэгтэй болоод байгаа. Ухаалаг утасны зах зээлд Apple компани ноёлсоор байгаа гэж хэлж болох бөгөөд Хятадын Huawei, OnePlus зэрэг компаниуд хүч түрэн гарч ирж байгаа төдийгүй Google компани хүртэл өөрсдийн нэрийн ухаалаг утсаа худалдаанд гаргаад байгаа. Гэсэн ч Samsung брэнд S8 загвар нь ухаалаг утасны хувьсалд өөрчлөлт авчирна гэж итгэж байгаа юм.
Тэд Note 7 утсан дээр гаргасан алдаагаа давтахгүйн тулд утасны баттерэйнд маш их анхаарал хандуулж шинэ хяналт, шалгалтын протоколыг гарган ажилласан гэнэ. Баттерэй бүрийг худалдаанд гаргахын өмнө найман давхар шалгуураар шалгаж аюулгүй байдлыг нь бүрэн хангах учраас Note 7 загвар дээр гарч байсан асуудлууд бүрэн шийдэгдсэн гэж мэдэгджээ.
Шинэ S8 болон S8+ загваруудыг барьж үзэхэд хамгийн түрүүнд нүдэнд тусах зүйл бол том дэлгэц. S8 загвар 5.8 инчийн дэлгэцтэй бол S8+ загвар нь 6.2 инчийн дэлгэцтэй. Утасны хэмжээг томруулахгүй дэлгэцийн хэмжээг ихэсгэхийн тулд Home button буюу голын товчлуурыг авч дэлгэцийн доод хэсэгт мэдэрдэг байхаар хийжээ. Үүнээс гадна утасны их бие илүү нимгэн болж утасны өөр дээрх багтаамж 32-64gb болж нэмэгдсэн.

Шинэ загварууд нүүрний хэв болон нүд уншигчтай болсноор утасныхаа түгжээг тайлахын тулд утас уруугаа харахад л хангалттай болжээ. Хойд буюу үндсэн камерт чухал нэмэлт өөрчлөлт ороогүй ч урд нүүрний камер 5 мегапикселээс 8 мегапиксел болж нэмэгджээ.
Сэтгэгдэл байхгүй байна