Завханы хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
2017/03/29

Өнгөрсөн УИХ, Орон нутгийн сонгуулиар Завхан аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан. Идэр сумын ИТХ-ын 21 суудлын 16 нь АН, 5-ыг нь МАН авсан байна.

Тиймээс засгийн эрхийг АН дангаараа барьж, Засаг даргаар Х.Баярмаа, ИТХ-ын даргаа Ц.Баянтөр нар сонгогдон ажиллах болсон байна. Тэд өнгөрсөн 11 дүгээр сард Засгийн эрхийг гартаа авсан даруйдаа л төрийн албан хаагчдыг халах, солих шалтаг хайн, өөрийн хүмүүсээ томилохоор хэт улайрч байснаас 50 настай төрийн албан хаагч амиа егүүтгэсэн эмгэнэлтэй хэрэг гарсан байна.

Тодруулбал, өчигдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой тус Идэр сумын Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан, төрд 28 жил хөлс хүчээ зориулсан Т гэгч эмэгтэйг МАН-ын угшилтай хэмээн ад үзэж, ажлаас халах захирамжийг нь гаргуулж, оронд АН-ын хүнийг томилсон аж. Үүнийг хууль бус хэмээн үзсэн эмэгтэй амиа хорлоход хүрсэн байна.

Хохирогчийг эмнэлэгт хүргэсний дараа Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар нь дуудуулан байж очсон бөгөөд Засаг дарга Х.Баярмаа нь нөхрөө явуулжээ. Нөхөр нь "Та нар манай эхнэрийг алах гээ юу. Унтаж байгаа хүнийг дуудаж та нар яах нь вэ" хэмээснээс үүдэн ойр тойрныхонтой нь маргалдсан байна.

Түүнчлэн Засаг дарга Х.Баярмаа нь хохирогчийг нас барах үеэр буюу 23 цагийн үед дуудуулан байж очсон байна. Энэ хэргээс үүдэн сумын удирдлагадаа дургүйцсэн, бухимдсан иргэд жагсаж, цуглах, тэмцэл хийх дээрээ тулаад байгаа тухай мэдээлэл гарсаар байна.

ЦЕГ-аас тодруулахад "2017 оны 3-р сарын 28 ны 04 цаг 33 минутад Завхан аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Тус аймгийн Идэр сумын иргэн утсаар “Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багт иргэн Т нь өөрийгөө шатаачлаа” гэх мэдээлэл ирсэн мэдээллийн дагуу аймгийн төвөөс 78 км зайтай хэргийн газарт очиход өөрийгөө шатаасан гэх иргэн Т-д сумын хүн эмнэлэг анхан шатны тусламж үзүүлсэн боловч 2017 оны 3 дугаар сарын 28 өдрийн 11 цагийн үед нас барсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Завхан аймгийн цагдаагийн газрын ажлын хэсэг шалгалтын ажиллагаа хийгдэж байна" гэлээ.

 

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин