Тоглоом сонирхогчдын дунд хамгийн алдартай тоглоомын нэг бол “Булш ухагч” буюу “Tomb Raider” юм. Тэртээ 1993 онд тоглоомын анхны хувилбарын хөгжүүлэлт эхэлж 1996 онд худалдаанд гарч байжээ.

2001 онд Холливудын од Анжелина Жоли тоглоомын гол дүр Лара Крофтыг амилуулж кинонд тоглосноор тоглоомын нэр хүнд улам өссөн бөгөөд дэлхий даяар 58 сая хувь борлуулагдсан байна. Ингэснээр дэлхийн хамгийн их борлуулагдсан цувралаар нэрлэгдээд зогсохгүй тоглоомын гол дүр Лара Крофт хамгийн алдартай эмэгтэй дүрийн нэг болоод зогсохгүй Гюиннесийн номд хүртэл бичигдсэн байдаг.
Анжелина Жоли 2001, 2003 онуудад Лара Крофтын дүрийг бүтээснээс хойш дахиж кино хийгдээгүй байсан бол 2018 онд киноны шинэ анги гарахаар төлөвлөгдөж зураг авалтаа эхлүүлээд байгаа юм. Киноны гол дүр буюу Лара Крофтын дүрд Оскарын шагналт Шведийн залуу жүжигчин Алишиа Викандэр тоглохоор болжээ.

Тус кино нь 2013 онд худалдаанд гарсан Лара Крофтын гарал үүслийн тухай дүрсэлсэн Tomb Raider тоглоомоос сэдэвлэн бүтээж байгаа юм. Кино 2018 оны гурван сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд найруулагчаар Роар Утауг ажиллаж байна.
Тэрээр “Бид Ларагийн биеийн хүч, гоц ухааныг гаргахаас гадна түүний хүн чанарын тухай харуулахыг хичээх болно” гэсэн бол “The Danish Girl” киногоороо Оскарын шагнал хүртсэн Алишиа Викандэр “Лара бол олон залуу охидын шүтээн нь болсон дүр” гэж хэлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна