Хорьж болдоггүй хорин насанд залуу бүсгүй юу эсийг бодох. Уншигч танд ч бас тийм гэгэлгэн үе байсан биз ээ. Сүүлийн үеийн хэвлэлийн баатар болоод буй Дэлхийн миссийн оролцогч гэдгээрээ олонд танигдсан мисс Т.Батцэцэг 20 насандаа мөрөөдсөн зүйл нь яг биелсэн нь дэлхийн тайз. Харин түүний дараагийн бодол, хүсэл 28 насандаа хүүхэдтэй, гэр бүлтэй болох. Тэр яг одоо бол хэвлэлийн баатар, гол сенсаацийн эзэн, бэлтэй эрчүүдийн дунд “моодонд орж яваа охин” нэр, хоч зүүх болсон юм. Ингээд олныг үл нуршин эх сурвалжийн үгийг нэмэлт хачиргүй хүргэж байна.

-Ингэхэд өөрөө дэлхийн мисст оролцох гэж 3 жилийн турш бэлдсэн гэсэн үү? Шалгаруулалт ч болоогүй байхад оролцоно гэдгээ мэдэж байсан хэрэг үү?
-Бэлдсэн хугацаа нь бол бага. Бүр 20-той байхдаа 23 настайдаа Дэлхийн мисст орно доо гэж боддог байсан юм. Тухайн үед ямар ч тэмцээн болдоггүй, яаж шалгарсан нь мэдэгдэхгүй охидууд явчихдаг байсан. Хамгийн гоё нь 23-тайд маань тэмцээн болсон. Санаж явбал бүтдэг л юм билээ.
-Заавал дэлхийн мисст орно гэсэн зорилт баргийн охидуудад байдаггүй. Ер нь өөрийгөө миссийн тэмцээнд оролцох хэмжээний хөөрхөн эмэгтэй гэдгээ анх хэзээ мэдсэн бэ?
-Намайг хамгийн анх загварт хөтөлж оруулсан хүн ээж маань. Ээждээ их баярладаг. Бүхий л зүйлийн маань ард ээж, ах эгч нар маань байдаг. Дэлхийн мисст орох үедээ л өөрийгөө илүү мэдэрсэн юм уу даа. Хүн аливаа зүйлийг ямар ч байсан өөртөө итгэлтэйгээр хийх ёстой юм болов уу. Манайд болсон Дэлхийн миссийн шалгаруулалтын тайзан дээр гарахад тайз хуваагдаад зритель ориллоо. За за хэн ч түрүүлсэн, юу ч болсон гэсэн орсон. Хэрэв түрүүлэхгүй бол дараа жил дахиад үзнэ гэсэн бодолтой байсан. Манай аав ээж хоёр хоёулаа биерхүү өндөр. Миний өндөр нуруу бол аавынх. Манай гэр бүлд надаас өөр загвар өмсдөг, олны танил хүн байхгүй. Манай ээж спортын мастер, багш хүн. Саяхан ээж маань Алтангадас одонгоор шагнуулсан.
-Батцэцэгийн хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? Хамгийн анх загварт хөл тавьсан үеэ бас дурсаач?
-Хүүхэд нас Дарханд өнгөрсөн. Арван зургаатай байхдаа, одоогоос 10 жилийн өмнө хамгийн анх загварт орж байсан. Хамгийн сонин нь манай багш эрэгтэй хүн байдаг. Багш маань одоо талийгаач болчихсон. Тэндээс загварын гараагаа эхэлж бүх л тэмцээнд түрүүлээд маш их эрч хүч авч, идэвхитэй болдог юм билээ. Түүний дараахан “Face of Mongolia”, хуучин BBQ фото мисс нэрээр болдог байхад оролцож амжилт үзүүлсэн. Яг олонд танигдсан тайз гэвэл Монголын мисс. 2010 онд ороод Дэд мисс болж байсан.

-Өөрийг чинь дэлхийн мисст явах үеэс Асашёорюү Дагвадорж дэмжиж бараг л фэйсбүүк дээрх лайкыг чинь өөрөө цуглуулж, сошиал хөдөлгөөн маягийн юм өрнүүлж байсан санагдана. Та хоёр хэр дотно харилцаатай хүмүүс вэ?
-Би тэгж их дэмжиж байсныг нь тухайн үед мэдээгүй. Асашёорюү мундаг хүн. Бүгд тэрийг нь хүлээн зөвшөөрдөг. Тэмцээн болоход би ч тэр, олон нийт ч тэр, шилдэг 25-д багтана гээд бодчихсон байсан. Гэтэл ямар ч байр эзлээгүй. Асашёорюү, бидэнд “шаанс” байдаг юм байна, монголчууд маань л дэмжилгүй хаячихдаг юм байна, тийм болохоор дараа дараагийн жил өшөө сайн бэлдээрэй. Хүмүүнлэгийнх нь ажлыг олигтойхон хийчихгүй яасан юм, энэ чинь бас нэлээн нөлөөтэй юм байна ш дээ гэж дараа нь зөвлөж байсан.
-Тэгэхээр тэмцээнд оролцож ирчихээд Асашёорюүтай нүүр тулж танилцсан гэсэн үг үү?
-Ер нь мэддэг байсан. Юу гэмээр юм, ах дүүгийн л харилцаатай. Тааралдахаараа юу байна, сайн уу, ахын дүү зүгээр үү гээд л өнгөрдөг. Манай ээжийг бас таньдаг.
-Ам нээвэл уушги нээ гэгчээр өөрөө олон улсын миссийн тэмцээнд оролцож байсан, залуухан ганц бие эмэгтэй. Магадгүй тийм учраас ч тэр үү, ойрын үед хэвлэлийн баатар болоод олны танил Асашёорюү Дагвадорж, сүүлд Монголбанкны захирал Золжаргал, “Алтан Дорнод Монгол”-ын Ариунболд гээд нэр нөлөө бүхий эрчүүдтэй холбогдоод байна. Гадуур хэвлэлүүд маш их шуугиж байна шүү дээ. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?
-Би ийм яриа гараад байгаад гайхаж байгаа. Одоогоор хэн ийм юм хийлгэж буйг судалж байна. Огт тийм юм байхгүй. Тэр хүмүүстэй ямар ч холбоогүй. Харин Ариунболдыг бол танина. Миний араас нэлээн олон сар гүйгээд албан ёсоор найзлах санал тавьсан. Бид хоёр удаагүй, сар ч хүрээгүй. Би эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдээгүй. Мэдээд ийм заваан юманд хутгалдахгүй ээ гээд больсон. Хүмүүс намайг ганц бие гэх юм, надад найз залуу байдаг. Бид үерхээд бараг хоёр, гурван жилийг ардаа орхичихлоо. Бид хоёрын харилцаанд хүртэл нөлөөлж байна. Би одоо болтол энэ муухай юманд хариулт өгөөгүй. Тэртэй тэргүй худлаа мэдээлэл. Одоо бүр арай дэндлээ. Сүүлд болсон фэшн шоуны үеэр дахиад нэг найзтайгаа холбогдчихлоо. Би фэшн шоунд орчихоод гараад ирсэн. Өө сайн уу, юу байна найз гээд. Бид шоунд орохдоо чемодантай баахан юм барьж ирдэг. Тэрийг буулгаад өгөх үү гэхээр нь өө тэг тэг буулгуулчихья гэсэн юм. Тэгж явахад зураг авчихсан юм билээ. Ийм мэдээлэл гарснаас болж нэг найзын маань амьдралд ч сэв сууж, хоёр найз маань салахдаа тулж байна.
-Монголбанкны Золжаргалын тухайд?
-Тэр хүнийг мэдэхгүй. Яагаад холбоод байгааг мэдэхгүй байна.
-Өөрийг чинь их үнэтэй машин унадаг, хэрэглээ өндөр яаж тэр мөнгөө олдог юм бол гэлцэх юм билээ. Ямар ажил эрхэлдэг вэ?
-Арай л тэнгэрээр хөөрөгдөөд байх шиг /инээв/. Би одоогоор бизнесийн чиглэлээр Удирдлагын академид сурч байна. Хажуугаар нь нэлээн хэдэн газартай гэрээ хийчихсэн нүүр царай нь болоод ажиллаж байна. Хамгийн сүүлд Urban jeans-тэй гэрээ хийсэн. Арван гуравт барилга нь баригдаж байгаа барилгын компанитай гэрээлсэн. Тэдний нүүр царай болоод Сингапурт арга хэмжээн дээр нь илтгэл тавиад ирлээ. Мөн “Соёл” төвтэй хамтран ажилладаг. “Сүлд” телевизэд хөтлөгч хийж байсан. Тэднийх санал тавиад үргэлжлүүлж ажиллая гэсэн бодолтой байна. Цалингийн хувьд албан ажил хийдэг хүмүүстэй л ижил. Мэдээж зөндөө рекламны санал ирдэг. Бараг амрах завгүй байна. Машины тухайд «Harrier» унадаг.

-Хаана амьдардаг вэ?
-Тэрийг заавал хэлэх юм уу? /инээв.сурв/ Japan town-д амьдардаг. Гэхдээ манай ах эгч хоёр хамт байдаг.
-Гоо үзэсгэлэнтэй төрнө гэдэг бурханы хишиг. Гэтэл охидууд миссийн тэмцээнд орж алдрыг нь хүртсэнээс болоод нийгмийн зүгээс их дарамт шахалт, элдэв бусын хэл ам, гүтгэлэг, доромжлол хүлээж байгаа ч юм шиг. Ийм зүйл өөрт чинь хэр их мэдрэгддэг вэ. Ер нь миссийн титэм, алдар хүнд Батцэцэгт юу авчирсан бэ.
-Миссийн титэм надад гоё хайр хүндэтгэл авчирсан. Хайрлаж хүндэлж байгаагаа олон сайхан хүмүүс хэлдэг, бүгдээрээ намайг хүндэтгэдэг. Тэр утгаараа энэ алдар хүнд дарамттай санагддаггүй. Гэхдээ энэ нэр хүнд, хүндэтгэл зөвхөн гоо үзэсгэлэнтэй хамаатай биш байх гэж бодож байна. Дотоод мөн чанартай илүү холбоотой юм болов уу. Гоо үзэсгэлэнтэй ч аймаар их зантай, дуугарч ядаад байвал юу нь сайхан байх вэ. Чөтгөр болж хувирах байлгүй.
Нөгөө талаас бодвол миссүүд муу нэртэй байдаг нь эмзэглэмээр, муухай. Би ер нь хүний хувийн амьдралд оролцох, орооцолдох дургүй. Ийм байдал өөрсдөөс нь үүсдэг ч юм билүү, үнэндээ сайн мэдэхгүй байна. Би жишээ нь хүнд гэм хийгээгүй. Гэтэл миний талаар янз бүрийн мэдээлэл цацагдаад байгаад их гайхаж байгаа. Энэ чинь цаашлаад ирээдүйд миний гэр бүлийг устгаж байгаа зүйл. Миний нэр хүндэд халдаж доромжлохоо болиосой. Дахиж хэрвээ ийм мэдээлэл гүтгэлэг гарах юм бол шүүхээр шийдүүлье гэж бодож байна.
-Өөрөө найз залуутай. Гэтэл Ариунболдтой нэг сар дотно харилцаатай байсан юм байна. Энэ үедээ найз залуугаасаа салчихсан байсан юм уу?
-Ерөнхийдөө яахав тухайн үед нэг тийм хэрэлдсэн, салчихсан байсан үе.
-Найз залуугийнхаа тухай ярь л даа?
-Төрийн байгууллагад ажилладаг, надаас 4, 5 насны зөрүүтэй тийм залуу байгаа. Нэрийг нь хэлэхгүй ээ /инээв/.
-Ирээдүйн амьдралаа ямраар төсөөлдөг вэ. Гэр бүл болж хурим хийх талаар чиний ойрын төлөвлөгөөнд бий юу?
-Би ер нь жаахан байхын л 28-тайдаа хүүхэдтэй болно гэж боддог байсан. Тэгээд 28-тай болох л юм шиг байна. Тэрнээс өмнө ч байж магадгүй ээ. Манай ах эгч нар эрт хүнтэй суусан болохоор тэгж боддог байсан байх.

-Маш олон миссүүд байна шүү дээ, Монголд. Нэрийг нь цээжлэх битгий хэл бараг тоог нь тоолж барахгүй. Энэ олон миссээс Батцэцэгийн ялгарах давуу тал, онцлог юу гэж боддог вэ?
-Би өөрийнхөө биеэ авч яваа, бусадтай харьцаж байгаа байдал гэж хэлнэ. Би хуурамч худлаа зан гаргадаггүй. Байгаагаараа л бусадтай харилцдаг. Тийм мөн чанартай байх нь хүний дотоод хүмүүжилтэй холбоотой байх.
-Хувцаслалт гоёл чимэглэлийн тал дээр ямар зарчим баримталдаг вэ? Танай үеийн охидууд брэндийн цүнх барьж гутал өмсөхгүй бол хүн биш болчихсон юм шиг.
-Би тэгж боддоггүй. Заавал тэр үнэтэй хувцсыг авах ямар шаардлага байгаа юм. Хэрвээ таалагдаад байвал загварыг нь аваад оёдолчингоор оёулчих л даа. Би өөртөө таалагдсан зүйлээ л авч хэрэглэдэг. Манай ээж, эгч ийш тийшээ явахдаа миний ойр зуурын хэрэглээ хувцас энэ тэрийг авчираад өгчихдөг.
-Өөрөө ер нь ихэмсэг эмэгтэй юу эрхэмсэг эмэгтэй юу?
-Мэдэхгүй хүмүүс юу гэж дүгнэдэг юм бол. Ер нь эмэгтэй хүн эрхэмсэг байх ёстой гэж бодож байна. Хамгийн гол нь эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой.

Ярилцсан Б.Ундрал
Гранд сэтгүүл №78

Сэтгэгдэл (45)