Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нараас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд нийцэж байгаа исэхийг 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар шалгасан байна. Шалгалтаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 210 материалыг хянахад гаалийн улсын байцаагч нар нь шийтгэл оногдуулах хуулийн зүйл заалтыг буруу бичдэг, хүчингүй болсон хуулийн заалтаар арга хэмжээ тооцдог, эд зүйл хураан авахдаа тэмдэглэл үйлддэггүй, зөрчлийн байдлыг тодорхой бичдэггүй, шийтгэврийн хуудсанд огноо болон улсын байцаагч нь албан тушаал, нэрээ бичдэггүй зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна. Захиргааны шийтгэл оногдуулахдаа шийтгэврийн хуудсанд хуулийн зүйл заалтыг буруу бичсэн 10 шийтгэврийг прокурорын тогтоолоор өөрчилсөн байна. Шалгалтын дүнг Замын-Үүд дэх Гаалийн газрын удирдлага, ахлах байцаагч, прокуроруудыг оролцуулан илэрсэн зөрчил, дутагдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх, зөрчил гаргасан улсын байцаагч нарт хариуцлага тооцуулахаар прокурорын шаардлага хүргүүлжээ. Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас шалгалт хийсэн талаараа орон нутгийн "Халиун” кабелийн телевизид мэдээлэл өгч ажилласан байна.
Сэтгэгдэл байхгүй байна