Өнгөрсөн парламентын буюу Шийдлийн засгийн газрын сайд нарын талаарх мэдээлэл их бий. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн тэдний хэн нь хэн болохыг сайн мэднэ гэсэн үг. Гэтэл 2016 оны шинэ парламентийн сайд нарын талаарх мэдээлэл их хомс байх юм. Тиймээс уяач, бизнесменээс бүрдсэн гэмээр шинэ сайд нарын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
МАН ялалт байгуулж засгаа бүрдүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд мөнгөтэй, бизнесмен хүмүүсийг томоохон албан тушаалд томилж байна гэх шүүмжлэл багагүй өрнөсөн. Гэвч хэнбугай нь ч байсан ажлаа л сайн гүйцэтгэж байвал болох нь тэр шүү дээ.
Уналтанд орсон салбарын СЭРГЭН МАНДАЛТ
Тухайлбал, Эрүүл мэндийн яамны сайд А.Цогцэцэгт бол дажгүй үнэлгээ тавьмаар санагдсан. Энэ хүн салбарынх нь хүн болоод ч тэрүү тамга тэмдгээ гардаж авсанаас хойш чамгүй ажил амжуулаад авсан.
Хамгийн гол нь цусны өвчтэй хүнийг үнэгүй эмчилгээнд хамруулахаас эхлээд нилээн хэдэн бодит ажил хийчихэж. Энэ бүхэн ард иргэдийн нуруунаас нэг бухал ачаа аваад хаяж байгааг уншигч та анзаарсан уу. Нөгөөтэйгүүр олон мянган иргэний амь насыг хариуцсан эмч хүн учир олон нийтийн бухимдал, санаа бодлыг хамгийн сайн мэднэ. Мөн эмнэлгийн даргаас эхлээд төрийн хүндхэн албыг түүртэлгүй хашиж сурсан хүн учир энэ салбарт ямар ажил эхлүүлж, төрийн оролцоотой юу хийж болохыг ч андахгүй.
Өөрөөр хэлбэл, ард иргэд хийгээд эмнэлгийн салбарын ажилчид, тэдгээрт тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг нүдээрээ үзэж, биеэрээ туулсан хүн учир магадгүй ирэх он жилүүдэд Эрүүл мэндийн салбар хамгийн их өөрчлөлт, ахиц дэвшилтэй, хүртээмж, чанараараа тэргүүлэхийг хэн байг гэхэв.
Мөн нэг зүйлийг хэлэхгүй орхигдуулж яав ч болохгүй. Энэ бол уналтанд орсон, маш хүнд салбарыг хариуцаж авсан явдал. Үе, үеийн Эрүүл мэндийн яамны сайд, удирдах албан тушаалтнууд ямар хэрэгт холбогдож “аавын хаалга” руу өөрсдөө яваад орчихдогийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Энэ бүхнээс болж эрүүл мэндийн салбарын нэр хүнд, үйлчилгээ, чанар шалан дээр унасан байсан. Хаана л асуудал гарна, хаана л ажлын хариуцлага алдана, хаана л хүнд суртал байна тэнд Эрүүл мэндийн байгууллагууд өртөх болсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн он жилүүдэд эрүүл мэндийн салбарын уналттай үе байсан. Тэгвэл ийм хүнд салбарыг өөд нь татаж чадна гэсэн итгэлээр ажлаа хүлээж авсан сайд бол А.Цогцэцэг юм.
СУРАГГҮЙ ЯАМ,СУРАГГҮЙ САЙД
Харин Уул уурхайн яам гэж аль ч үед сураггүй газар байна аа. Олон түмэнд хүрч чадсан ямар ажлууд хийж байгаа нь ч мэдэгддэггүй нам жим яам. Энэ яам ер нь ард иргэд рүү чиглэсэн, олон түмэнд хүртээлтэй юу хийж байгаа вэ?. Нэрлэж чадах хүн ховор л байх. Үүрэг, чиглэл, хийж буй ажлаас нь эхлээд тодорхой зүйл их ховор. Эсхүл зөвхөн уул уурхайн компаниудтай олигархиуд, томоохон уул уурхайн компаниудад л хамааралтай яам юм уу. Ер нь энэ яамаар үйлчүүлж байсан, энэ яамны бодлого дээр үг хэлэх хүн ер нь байна уу?
Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Ц.Дашдорж гэж хүн бий. Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа байх. Харин энгийн ард иргэд төдийлөн мэдэхгүй. Уг нь уул уурхай тойрсон олон асуудлаас нэгийг нь ч болтугай шүүрч аваад, бодит үр дүнг нь ард иргэддээ тайлагнамаар...
Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой гээд л орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхай, хүнд үйлдвэрийн газруудад том машин механизмийн осол аваар өдөр алгасахгүй бүртгэгдэж байна. Энд төрийн зохицуулалт дутагдсаар л өдийг хүрлээ. Таван цаасны ахиу цалингаа бодож ажиллаж буй иргэд алтан амиа алдсаар. Мөнөөх уул уурхайн компаниуд нь энэ мэдээллийг хав дарсаар. Мөн монгол охидын биеэ үнэлэлт “Эзэнгүй төрийн эмгэнэл” аятай хөгжсөөр. Яахын аргагүй хууль хяналтынхны зохицуулалт, төрийн оролцоо, харьяа яамны бодлого хэрэгтэй байдаг. Гэтэл юу хийж байгаа нь мэдэгдэхгүй цаг хугацаа өнгөрсөөр дөрөв, дөрвөн жилийг ардаа орхиж байна.
Сайд амбицгүй, хэвлэл мэдээллээр төдийлөн ажлаа тайлагнаад байдаггүй байж болно. Гэвч яамны бодлого зохицуулалт, ажлын чиг үүрэг, олон нийтрүү чиглэсэн ажлууд зэрэг наад захын мэдээллийг ард иргэд авч байх ёстой бус уу.
Шийдвэр хэрэгжүүлэгчээс ШИЙДВЭР ГАРГАГЧ
Улс орны хөгжлийг чиглүүлэгч хамгийн чухал салбарын толгойлогч Д.Ганбат. Шинэ хүн ч энэ салбар талруугаа туршлага бий. Авто тээврийн газарт ерөнхий менежер, “Монголын төмөр зам” ТӨК гүйцэтгэх захирал хийж байснаас нь харахад шүү дээ. Зам тээврийн салбарт хөрөнгө оруулалт бишгүй хийгддэг. Гагцхүү хийсэн хөрөнгө оруулалтыг үнэгүйдэхгүй байх л чухал. Шинэ сайд маань ч энэ тал дээр анхаарч ажиллана гэж сайд болсоныхоо дараахан ярьж байсан.
Мөн төмөр зам барих ажилд аль хэдийнэ анхаарал хандуулаад эхэлжээ. Тавантолгой-Гашуун сухайт, Бичигт-Хөөт, Шивээхүрэн-Сэхэгийн боомт зэрэг төмөр замын ажлуудыг зарцааж болохгүй гэх том тушаалтай сайд шүү дээ. Хөгжлийн шатандаа яваа энэ салбарын хөгжил дэвшил ирэх дөрвөн жил хэрхэн хөврөх нь шинэ сайдын ажлын туршлага, хэрэгжүүлж буй бодлого чиглэлээс их шалтгаална.
Гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг албан тушаалд буюу “Монголын төмөр зам” ТӨХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн өнөөдөр шийдвэр гаргах түвшинд, Засгийн газрын гишүүнээр ажлаад эхэлсэн учир салбартаа тулгамдаж буй олон асуудлыг зөв шийдвэрлэх биз ээ.
Д.Ундрах
Сэтгэгдэл (2)