Мөрдөн байцаах байгууллагуудаас зөрчил илэрлээ
2017/03/27

Нийслэлийн прокурорын газраас "Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр хураан авсан мөнгө, валют, үнэт эдлэлийг хүлээн авах, хадгалах, шийдвэрлэх ажиллагааг холбогдох хууль тогтоомж, хяналтын ажлын аргачилсан зааварт заасны дагуу явуулж байгаа эсэх”-ийг дотооддоо болон хяналтын харьяа Мөрдөн байцаах байгууллагуудад 2017 оны 02 дугаар сарын байдлаар шалгажээ.

Шалгалтаар Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Тагнуулын Ерөнхий газарт эд мөрийн баримтыг хадгалах өрөө, тасалгааны багтаамж хүрэлцээ муу, тусгай горим, нөхцөл шаардсан эд зүйлсийг хадгалах зориулалтын өрөө, тасалгаа, хөргөгч, хөлдөөгч байдаггүй, холбогдох бүртгэлүүдийг бүрэн хөтлөөгүй, эрүүгийн хэргийн дугаар, шийдвэрлэлт нь тодорхойгүй цөөнгүй эд мөрийн баримт, эд зүйлс хадгалагдаж байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.

Шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тухайлбал: Нийслэлийн прокурорын тушаалаар хэргийн дугаар, шийдвэрлэлт нь тодорхойгүй эд мөрийн баримтуудыг шийдвэрлэх хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Мөн илэрсэн зөрчлүүдийг арилгах, шаардлага хангасан эд мөрийн баримтын өрөө, тасалгаатай болох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг шалгалтанд хамрагдсан газрууд болон Цагдаагийн Ерөнхий газарт албан бичгээр анхааруулж, цаашид Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/88 дугаар тушаалын I хавсралтаар батлагдсан Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврын 8 дугаар бүлэгт заагдсан журмын хэрэгжилтийг хяналтын харьяа Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудад шалгаж, үр дүнг танилцуулахыг дүүргийн прокуроруудад үүрэг болгожээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин