Нийслэлийн прокурорын газраас хойшлуулшгүй ажиллагааны журмаар явагдаж буй байцаан шийтгэх ажиллагаанд хяналт тавих Шуурхай удирдлагын төв /102-ын жижүүр/-т ажиллаж буй прокуроруудын үйл ажиллагаа, ажлын байрны ахуй нөхцөлтэй танилцжээ.
Прокурорууд 2016 оны эхний 3 сарын байдлаар нийт 216 удаа бусдын амь нас хохирсон талаар дуудлагын дагуу хэргийн газрын үзлэгт оролцсон байх ба үйл ажиллагаандаа Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/88 дугаар тушаалын I хавсралтаар батлагдсан Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх ажлын аргачилсан зааврыг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж дүгнэлээ.
Хойшлуулшгүй ажиллагааны журмаар явагдаж буй байцаан шийтгэх ажиллагаанд хяналт тавих, жижүүрийн прокуророор ажиллах талаар Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокуроруудаас саналыг авч нэгтгэн, дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна.
Тухайлбал:Прокурор хэргийн газрын үзлэгт оролцоход анхаарах асуудлаар гарын авлага гаргах, мэргэшүүлэх чиглэлээр практик сургалт зохион байгуулах, цогцсыг чандарлах, задлан шинжилгээ хийлгэхгүй байх зөвшөөрлийг хэрхэн олгох, хилийн хориг тавигдсан этгээд хил дээр саатуулагдсан үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар хяналтын ажлын аргачилсан зааварт нарийвчлан тусгах талаар Улсын Ерөнхий прокурорын газарт санал хүргүүлжээ.
Мөн Нийслэлийн прокурорын газраас жижүүрийн прокурорыг тусгай таних тэмдэг бүхий хантаазаар хангах, ажлын байранд шаардлага хангасан техник хэрэгсэл, эд зүйлийг байрлуулах, шуурхай албаны автомашиныг дуут, гэрлэн дохиогоор хангах зэрэг ажлуудыг дотоодын нөөц бололцоогоо ашиглан шийдвэрлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна