Энэтхэгийн хамгийн том Ганга мөрөн болон түүний салбар Ямуна мөрөн нар хүнтэй адил статус буюу эрх эдлэх хуультай боллоо. Тодруулбал өмнө өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын засгийн газраас түүхэнд анх удаа Вангануй голыг амьд биет гэж үзэж голын дагуу амьдардаг Вангануй овгийн оршин суугчдын адил эрх эдлэх болно хэмээн зарласан.

Тэгэхээр Ганга мөрөн одоо хүнтэй адил эрх эдэлж улсын хамгаалалтад байх юм. Өөрөөр хэлбэл Ганга болон Ямуна мөрөнд хог хаях, бохирдуулах, голын сав газрыг гэмтээх зэрэг нь хүнд гэмтэл хохирол учруулж байна гэж тооцогдох бөгөөд хуулийн өмнө хариуцлага хүлээх юм. Улсын нөлөө бүхий албан тушаалтнуудыг Ганга мөрний харгалзагчаар томилсон бөгөөд тэд Ганга мөрөнг хамгаалах, түүний өмнөөс үүрэг хүлээх юм байна.
Ганга бол эрт дээр үеэс өдийг хүртэл хүмүүсийн тахин шүтсээр ирсэн мөрөн. Эдгээр мөрнүүд амьтан ургамал төдийгүй олон сая хүний амьдралыг тэтгэж, эрүүл цэнгэг усаар хангаж байдаг.

Хэдийгээр бүх Энэтхэгийн ард түмэн Ганга мөрнийг тахин шүтэж, нандигнан хайрладаг ч том том үйлдвэрээс эхлээд ард иргэд хүртэл хогоо хаяж маш ихээр бохирдуулаад байгаа юм. 2400 километр үргэлжлэх голын усанд өдөрт л 1,5 тэрбум гаруй литр бохир ус, 500 сая гаруй литр үйлдвэрийн хаягдал хаягддаг гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь усыг бохирдуулж голыг ойр орчимд амьдардаг 450 сая гаруй ард иргэдийг ундны усгүй болох аюулд хүргээд байгаа юм.

Сэтгэгдэл байхгүй байна