Ганын хөлбөмбөгчин Мохаммэд Анас тоглолтын дараа ярилцлага өгч байх үедээ эхнэр болон найз бүсгүйдээ зэрэг талархлаа илэрхийлэн өөрийгөө хүнд байдалд оруулжээ. Түүний энэхүү бичлэг интернет ертөнцөд нилээдгүй шуугиан тарьсан бөгөөд саяхан өгсөн өөр нэг ярилцлагадаа түүнийгээ залруулан "Манай гэрийнхэн намайг мэдэж байгаа. Би гэртээ охиноо дандаа миний найз охин гэж дууддаг юм" хэмээн хэлсэн нь өөрийг нь улам хүнд байдалд оруулжээ.
Анас Өмнөд Африкийн лигийн "Free State Stars" багт тоглодог бөгөөд чухал тоглолтонд хоёр гоол оруулж багаа хүнд байдлаас авран тус тоглолтын шилдгээр нэрлэгджээ. Ингээд тоглолт дууссаны дараа түүнээс ярилцлага авсан бөгөөд бүх зүйл энгийн явагдаж байсан ч тэрээр санамсаргүй "Үнэнч хөгжөөн дэмжигч та бүхэндээ баярлаж байна. Мөн өөрийн эхнэр болон найз бүсгүй.... бишээ эхнэртээ баярлаа" хэмээн сандран хэлсэн нь ийнхүү олны анхааралд хүрчээ.
Үүний дараа Анас эхнэртээ хандан: "Уучлаарай, үнэхээр уучлаарай. Би чинь чамдаа зүрх сэтгэлээсээ хайртай шүү" хэмээн хэлсэн нь үзэгчдийг бүүрч эргэлзэхэд хүргэсэн байна.
Анас эхнэртэйгээ гэрлээд долоон жил болж байгаа бөгөөд энэ бүх үйл явдлын дараа бүх зүйл хэвийн байгааг тайлбарлан хэлжээ. Тэрээр "Би эхнэртээ маш их хайртай. Тэр минь надад хоёр сайхан үр бэлэглэсэн. Бидний хооронд бүх зүйл хэвийн байгаа. Тэр намайг ямар хүн болохыг би мэдэж байгаа болохоор надад санаа зовох зүйл байхгүй" хэмээн BBC агентлагт мэдээлсэн байна.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "Би харин ч одоо алдартай боллоо. Дэлхийн олон орны хүмүүс намайг мэддэг боллоо шүү дээ" гэжээ.

Сэтгэгдэл байхгүй байна