Дэлхийд алдартай “America’s Next Top Model” цуврал нэвтрүүлгийн онцгой эрхийн дагуу хүрдэг “Asia’s Next Top Model” реалити шоунд анх удаа Монгол улсыг төлөөлөн модель оролцох чихэнд чимэгтэй сайхан мэдээ 12-р сарын нэг дуулиан байсан. Индонез Филиппин, Хятад, Вьетнам, Малайз, Өмнөд Солонгос зэрэг орны моделиуд шалгаран өрсөлдөөндөө бэлдэж буй энэ мөчид бид та бүхнийг Монголыг төлөөлөх модельтой уулзуулж байна. С.Төгс хэмээх энэ бүсгүй Германд хүүхэд насаа өнгөрүүлж, Берлинд загвар өмсөж байсан. Модель С.Эрдэнэцогттой дотносон дундаасаа хүүхэдтэй болсон ч ганц бие ээжийн хувиар амьдарч, Сингапур Монголын хооронд жим гартал явж моделийн ажлаа хийж буй бүсгүй. Эх орныхоо загварын тайзнаа цухас үзэгдээд өнгөрсөн, хувийн амьдралаараа олны анхаарлын төвд байдаг С.Төгс чухамдаа хэн бэ? Өнгөрсөн он цагууд түүнд юу өгсөн бэ?

Өөрөө “Гоёл” наадамд яагаад оролцдоггүй юм бэ?
Юу ч гэх юм бэ дээ, арай зөөлнөөр хэлбэл эмэгтэй топ өргөмжлөлөө Шилмэл загварын холбооноос өгдөг юм шиг санагддаг. “Гоёл”-оос топ авсан моделиудын хажууд гадаадад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн шоун дээр алхдаг Монголоос юу ч аваагүй моделиуд зөндөө бий. Манайд бол тайзны ард эвгүй юмнууд болдог ч гэж сонссон. Олон жил өмссөнөөрөө цөөн жил өмссөнийхөө хувцсыг булаах, өөр агентлагаас ороход Шилмэлийнхэн дээрэлхдэг ч юм уу. Би иймэрхүү мэргэжлийн бус юмыг эсэргүүцдэг учраас ордоггүй.
-Ингэхэд хэдэн жил загвар өмсөж байна вэ?
Таван жил. Би 18, 19-тэйгээсээ загвар өмсөж эхэлсэн.
Ихэнх нь 12, 13-тай эхэлсэн байдаг. Яагаад тэгж оройтож эхлэв?
Манай гэрийнхэн их номын хүмүүс. Моделиудад дургүй. Намайг модель хийнэ гэхэд бүгд эсэргүүцэж байсан. Толгой муутай, томчуудтай явлаа барилаа гээд манай моделиуд муу нэртэйболоод ч тэр үү гэрийнхэн маань, чамайг загвар өмсөгч болоод замаа алдаад ааш чинь эвдрэх байх гэж бодож байсан. Харин чи мэргэжил шиг байлгаж, хувийн амьдралаа хувийн амьдрал шиг байлгаж чадаж байна гэж их хожуу хүлээн зөвшөөрсөн. АнхМонголд биш Берлинд загвар өмсөж эхэлсэн нь гэр бүлийнхэнд маань нөлөөлсөн байх.
Загвар өмсөгч болсноор Төгс юу хожсон бэ?
Загварын тайз миний бүх амьдралыг өгсөн. Загварт ороод би юунд дуртай, юуг сайн хийж чаддагаа ойлгосон. Одоо мake-up артистаар сурч байгаа. Дуртай юмаа хийнгээ цалин авч байна. Монголдоо анх run-way алхсан тайз минь 2009 оны“Торго” шоуны тайз байсан. Ер нь “Торго”-ын тайз одоог хүртэл намайг сандруулдаг. Хэрэв анзаарсан бол “Торго”-ын тайзан дээр би алдаа их гаргадаг. Санаа зовмоор.

Гэр бүлийнхэн чинь эсэргүүцсээр байтал загвар тийш хөтөлсөн зүйл юу байсан бэ?
Анх зуны амралтаараа Чаминчулуун багшийн жүжгийн хичээлийг сонирхож очсон юм.Тэнд анх тайзан дээр алхаж сэтгэл татагдаж эхэлсэн. Юу ч хийсэн, загвар өмссөн ч гэсэн толгойгоо ажиллуулах шаардлагатай байдгийг тэгэхэд ойлгосон. Тэгээд “Торго”-ын менежер Одсүрэн эгч, Болд дизайнер хоёр манай гэрээт дизайнер болох уу, чамайг оройн тоглолтонд авмаар байна гэж санал тавьснаар загвар өмсөх эхлэл маань тавигдсан.
Ингэхэд монгол моделиуд олон улсын загварын тайзан дээр гарах боломж хэр их байдаг вэ? Жишээ нь супермоделийн хэмжээнд хүрч ажиллах боломж бий юу?
Гадаад төрхийн хувьд тэнцэхээр модель манайд олон бий. Гэвч Монголоос гадагш гарах хэцүү. Нэгдүгээрт, харилцаа холбоо тогтоож, хөөцөлдөж гүйх шаардлагатай байдаг. Ази дотроо нэг их асуудалгүй байж болох ч Европ тийшээ бол ауудалтай. Жишээ нь агентлагийнх нь харилцаа холбоо манайд байдаггүй. Энэ их чухал байдаг. Хоёрдугаарт, хэлний бэрхшээл байна. Маш сайн англи хэлтэй байх ёстой гэх мэт. Дээр нь соёлын нөлөө их байдаг юм шиг санагддаг. Заавал их сургууль төгсч, оффисын ажилд орно гэдэг чинь ази сэтгэлгээ. Баруунд ийм юм байдаггүй. Яагаад Европ моделиуд гадаадад их байдаг вэ гэвэл эцэг эх нь хүүхдүүдээсээ тийм их юм шаарддаггүй. Загварын карьер хөөе гэхэд нь 13, 14 настай охиноо Парис руу явуулчихдаг. Гэтэл азиуд хэзээ ч тэгэхгүй шүү дээ. Ер нь тууштай загварын карьер хөөе гэвэл сургууль соёлоо хаях шаардлага гарна. Өдөр болгон шахуу л загварын шоунд оролцож, ийш тийш явах хэрэгтэй болдог. Гэтэл сургууль соёлоос гадна хувийн амьдралын тогтвортой байдал алдагддаг. Би гэхэд л Берлинд загвар өмсөж байхдаа найз залуугаа их санадаг байлаа. Тийм үед энэ загвар ер нь хэнд хэрэгтэй юм, тэнд хайртай хүмүүс маань бүгд байж байхад би энд тайзан дээр юу хийж байгаа юм гэж бодогдоно. Гэх мэт бэрхшээл тоочъё гэвэл олон зүйл бий л дээ.
Өөрөө өнөөдөр энгийн, гял цал юмгүй европ маягаар хувцаслаж. Энэ нь бага насаа Германд өнгөрүүлсэнтэй чинь холбоотой байх. Ер нь барууныхан загварын хэр өндөр мэдрэмжтэй улс гэж та дүгнэдэг вэ?
Манай монгол моделиудын ихэнх нь өндөр өсгийт өмсөөд үсээ ороохыг гоё гэж боддог юм шиг байна лээ. Гадны моделиуд их өөр л дөө. Кастинг дээрээс харж байхад л тэдэн шиг навсгар хүмүүс байдаггүй. Үсээ зүгээр л угаагаад сэнсдээд хатаачихсан, бариу жийнс, сул цамцан дээр өмсдөг нэг хар туфль, олон жил бариад элэгдсэн цүнх, томдсон куртиктэй хүмүүс л явж байдаг. Би чинь бараг тэр дундаа гял цалд орчих гээд. Хувцас нь сүртэй, гоё ганган байх юм бол бусад нь минималь байх ерөнхий чиг хандлага тэнд одоо ноёрхож байна гэх үү дээ. Уруулын будаг нь тод биш, нүд нь тэгтлээ будаггүй шахуу, үс нь ч сүртэй биш гэх мэт. Бүх юм гял цал бол хувцсаа энгийн байлгадаг гэдэг ч юм уу.

Герман гэхээр цагийг ягштал барьдаг чанар хамгийн Түрүүнд тархинд буудаг. Төгс тэр орноос юу авсан бэ?
Германд өссөн болоод ч тэр үү би ер нь сүрхий монгол зантай биш. Цаг барьдаг. Чөлөөт сэтгэхүйтэй. Тийм байх ёстой, ингэх ёстой, хүмүүс тэгээд хэлчих байх, ингэчих байх гэж санаа зовох юм надад байдаггүй. Хүн жаргалтай л амьдрах ёстой. Өөрөө жаргалтай байх юм бол хажуудах хүмүүсээ, хүүхдээ ч гэсэн жаргалтай байлгаж чадна гэж боддог. Манай ээж их цоглог, эрч хүчтэй хүн л дээ. Бүхий л амьдрал нь өөрийнх нь гарт. Юу ч хийсэн тэр бүхнээ бусдад тайлагнаад байх шаардлагагүй. Ээжийгээ хараад өсчихсөн болоод ч тэр үү хүүхдээ хүнтэй хамт өсгөчихье гэхээр анхнаасаа миний санаанд буудаггүй байсан.Нэг юм хиймээр байлаа гэхэд яг үнэндээ би ээжээс ч асуудаггүй. Өөрөө шийдээд сурчихсан.
Өөрөө монгол зантай биш, европжуу либерал сэтгэлгээтэй гэдэг нь хувийн амьдралдаа хийсэн алхам, boyfriend-дээ хандсан хандлагаас чинь харагдаж байсан. Загвар өмсөгч Эрдэнэцогт охины чинь аав. Яагаад тэр хүнтэй хамт амьдраагүй шалтгаанаа сая хэлчих шиг боллоо. Тийм үү?
Бид хоёрын салсан шалтгаан гэвэл шал өөр. Цаадах чинь ярихдаа Солонгост миний хийсэн хоолыг идэж амьдраагүй юм шиг, намайг хоол хийж чаддаггүй, манай ээж ад үзсэн гэх ухааны юм ярьдаг.Монголд манай гэрт амьдарч байхад өвөө эмээ хоёр маань зөвхөн тэр хүнд зориулж хоол хийж өгдөг байсан. Манай ээж ад үзэж байсан уу? Ээгий нэг сургуульд сурч байгаад дараагийн сургуульд шилжсэн төлбөрийг манай гэрээс хийж байлаа. Солонгосоос Монгол руу ирэх онгоцны билетийг нь манай гэрээс дааж байсан. Тэнд мөнгөгүй хэцүү байна гэхэд манай ээж тэр хүн рүү мөнгө явуулж л байсан. Мөнгө чухал биш л дээ. Манай гэрийнхний тэр хүнд гаргасан сэтгэл чухал. Тэр хүн янз бүрээр алга болж байхад ээж маань хатуу үг хэлж байсан удаагүй дээ. Яв барь гэж ч хэлээгүй. Тэр хүн өөрөө л явсан. Үнэн гэвэл энэ л байна.
Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэдэг. Та хоёрын амьдралаас үнэхээр л гэнэн томоогүй алдахаас айгаагүй залуу насны алхмууд харагддаг. Энэ бол ойлгож, зөвтгөж болох өнцөг ч гэлээ нөгөө талаас өөрийн гараар босгож бүтээсэн тэр тусмаа анхны амьдралаа эвдэж, үр хүүхдээ дутуу өсгөхийг тэр бүр хүмүүс хүсээд байдаггүй.
Охиноо гаргахаас өмнө би тэнэг, тоомжиргүй, ямар нэг юм хийлээ гэхэд үр дүн нь юу билээ гэж боддоггүй байлаа. Эрдэнэцогтоос салаад охиноо гаргаснаас хойш би шал өөр болсон. Гуч, дөч хүрч хөгширсөн хойноо биш залуу байгаа дээрээ ухаарсандаа баярладаг. Одоо дахиж амьдралдаа алдаа гаргахгүй байх аа. Юм болгон учиртай, учиргүй юм болдоггүй гэж ээж маань хэлдэг. Энэ бүхэн болох ч байсан. Болсон. Тэглээ гээд харамсдаггүй. Амьдралын минь хамгийн аз жаргалтай, хамгийн галзуу үе тэр хүнтэй хамт өнгөрсөн. Бид 5 жил хамт амьдарсан. Хамт байхдаа би ч галзуу, тэр ч галзуу гоё он жилүүд өнгөрсөн. Санаа их нийлнэ. Хосууд гэхээсээ илүү найзууд шиг байдаг байлаа. Тэр найзууддаа ярьж байгаагүй хэцүү асуудлуудаа надад л ярьж, би ч гэсэн түүнд ярьж тайвширдаг байсан. Эцэст нь тэр хаалга хаагдахад бүр том өөр нэг хаалга нээгдсэн. Тиймээс харамсдаггүй дээ. Ер нь эргээд бодоход охин минь миний амьдралд их зүйл авчирсан. Өмнө нь, бүр багаасаа хүүхэд гаргахгүй, сайн ээж ч болж чадахгүй гэж ярьдаг, боддог байлаа. Харин охинтой болсноор үр хүүхэд гэж хүний амьдралын хамгийн гайхалтай гоё баялаг болохыг ойлгосон доо.
Галзуу гэсэн чинь Эрдэнэцогт ярилцлгандаа, Төгс бол үнэхээр секси, horny гэж ярьж байсан нь санаанд орчихлоо?
Тийм биш ээ. Би яг үнэндээ тэр ярилцлагыг нь уншаагүй л дээ. Гэхдээ найз нөхдийнхөө ярианаас сонсоход намайг шөнө хэд давтдаг ч гэж хэлсэн юм бэ дээ. Тэгж хэлснээр намайг доош нь хийх гээд байгаа юм уу, өөрийгөө өөд нь татах гээд байгаа юм уу, бүү мэд. Тэр хүний тэгж чадах байсныг ч би яг үнэндээ мэдэхгүй юм байна. Галзуу гэдэг нь энэ тухай биш. Зан араншингийн хувьд л хоёулаа галзуу байсан. Дүрэм зөрчихөөс нээх санаа зовохгүй. Хүмүүс бид хоёрыг мэддэг байсан ч гэсэн жижигхэн гуанзанд орчихсон хоол идээд сууж байна. Хоёулаа машингүй, хасах 30 градусын хүйтэн хацар нь улайчихсан хөтлөлцөөд явж байдаг байсан. Ээгий нэлээн хайнга. Хүн юу гэж бодох бол гэдгээс нээх санаа зовоод байдаггүй гэх үү дээ. Тэр нь надад их таалагддаг байсан. Гарын дүйтэй, надаас илүү уран. Миний цамц урагдчихсан байсан чинь би хэлээгүй байхад оёод тавьчихсан байх жишээний. Ямар л бол ямар ажил гололгүй хийчихдэг. Тэр зангууд нь таалагддаг байсан.
Ийм сайхан дурсамж байна. Та хоёрын хайрын ургамал болсон хүүхэд байна. Хэн хэн чинь хүнтэй суугаагүй. Эргээд нийлчихэж болдоггүй юм уу?
Миний хувьд тийм сэтгэл ерөөсөө байхгүй. Одоонийлэх юм бол гэрээс хэрүүл салахгүй байх. Надад гар хүрдэг байсан. Жирэмсэн байхад ч бас гар хүрч байсан. Хүн хүүхэдгүй байхдаа хайнга байдаг юм билээ. Одоо бол хүүхэддээ ийм зүйл харуулахыг хүсэхгүй байа. Ер нь уучихдаг. Охин минь хичээлээсээ тараад ирэхэд аав нь уучихсан байвал ямар байх вэ. Агсам тавиад байвал яах вэ? Би ийм гэр бүлд охиноо өсгөхийг хүсээгүй. Тэр хүнтэй суугаад амьдарлаа гэхэд би насаараа тэвчиж, зодуулж амьдрах уу? Хэцүү ш дээ. Охин мааньнадад ухаарал хайрласан ганц хүн. Ээж маань ч үглэж уурлаад ойлгуулж чадаагүй байхад охиноо төрүүлснээс хойш би бүгдийг ухаарсан. Одоо тэгээд ч надад дахиж хүнтэй нийлэх, дотносох зав алга. Хоёр сар өөр газар, хоёр сар Монголд байдаг болохоор цаг зав үнэхээр хомс болдог юм байна.

Ам нээвэл уушги нээ гэгчээр Эрдэнэцогтын дараа өөрт чинь талийгаач Сүбээдэй гэсэн хархүү гарч ирсэн байдаг. Тэр хүн энэ ертөнцөд байхгүй ч гэсэн сайхан дурсамж яривал сайхан байх?
Ээгийгээс салаад жил илүүгийн дараа бид хоёр нийлсэн юм. Найман сар хамт байсан. Салах болсон шалтгаан нь цэвэр ажил карьертай холбоотой. Хоёулаа залуу хүмүүс юм чинь ажлаа хийе гэж шийдсэн хэрэг. Талийгаачийн агентлаг, миний агентлаг хоёр өөр газар, хуваариа харсан чинь бараг хоёр жил уулзалдахааргүй байсан.Тэгээд л ямартай ч холбоотой байя гээд салцгааж байлаа. Нэг мэдсэн бие бие рүүгээ бичих нь ч багасаад, багассаар огт холбоогүй болсон. Ямар ч байсан тэр хүнтэй учирсандаа баярлаж явдаг. Хэзээ ч дахиж хүнтэй нийлэхгүй гэж бодчихсон явахад минь учирч сэтгэлийг минь зөөллөсөн. Дахиж хүнд итгэх итгэлийг минь буцааж бий болгож өгсөн. Ер нь охиноо гаргасныхаа нэг хэсэг хүнд байсаан. Охины аав хажууд байхгүй нь л хамгийн хэцүү л дээ. Бусдаар хүүхэд өсгөх бол хэцүү биш шүү дээ. Ээгийгээс салсны дараах нэг жилд би аймаар хахир, хатуу болчихсон байсан. Тэр сэтгэлийг зөөллөөд орхисонд нь тэр хүнд талархаж явдаг. Ямар ч холбоогүй жил илүү болсны дараа өөд болсон гэдгийг нь сонссон доо. Яг юу болсныг нь мэдэхгүй. Өнгөрснийх нь дараа гэрт нь очсон. Гаргахад нь ч гэсэн хамт байсан.
Эмэгтэй хүн хүний гэргий болж, хүүхэд төрүүлэх нь үндсэн үүрэг. Ялангуяа манайхан энэ тал дээр гуйвшгүй бодолтой. Гэтэл өөрөө охиноо төрүүлэхээс өмнө дээрхээс эсрэг бодолтой байж. Ирээдүйн Төгсийг гэр бүлийн амьдралтай, гэргий эзэгтэйгээр төсөөлөх гэж үзье. Тийм орон зай байж болох уу?
Охиноо гаргаснаас хойш дүү гаргаж өгвөл өөрт нь хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Гэхдээ нөхөр ажлаа хийгээд, би зөвхөн хүүхдээ харж гэртээ байна гэж байхгүй. Үнэнээ л хэлье.Би ажил хийхгүйгээр амьдарч чадахгүй. Адилхан ажил хийж, мөнгө олж байгаа бол гэрийн ажлыг адилхан хуваах ёстой гэж боддог. Тийм хүн байвал сууна ш дээ. Адилхан тавь, тавин хувьтай, тэнцүү эрхтэй амьдарвал эхнэр нөхөр хоёр муудалцаад байх нь ч ховор байх. Эмэгтэй хүн өөрийн гэсэн вант улстай байжнөхөртөө хүндэлэгддэг.
Ёстой тэр бүр хүнээс гарахгүй араншин, үг байна даа. Ажилгүй, карьергүй байж чадахгүй гэдэг нь нөгөө талаараа хүчирхэг эмэгтэйчүүдэд л байдаг чанар. Энэ чинь эрэгтэйчүүдийг өөрөөсөө түлхэх нэг шалтгаан болдог байх мэдэх юм?
Карьер хөөнө гэдэг зөвхөн загвар өмсөх нэр биш. Надад бодсон юм байгаа. Тэр бүхнээ хийнэ. Мэдээж хэзээ нэгэн цагт хүнтэй суух юм бол өөрөөсөө хүчтэй хүнтэй л сууна. Одоо би охиныхоо төлөө л өөрчлөгдөнө үү гэхээс эр хүний төлөө өөрчлөгдөхгүй. Би хичнээн хүчтэй, сайн явж байна тэр хэмжээгээр миний охин сайн явна. Охиныхоо төлөө л амьдарна. Хүмүүс чи дараа нь ганцаардана энээ тэрээ гэж ярьдаг. Яагаад хүмүүс өөрийнхөө сэтгэлийг бусад руу чихээд байдаг юм. Тэр хүн эрэгтэй хүнгүй ганцаарддаг байж болно. Хүн болгоныг яагаад тэгнэ гэж бодоод байгаа юм. Ямар ч тохиолдолд өөрийнхөө амьдралын хэв маягийг хэн нэгэнд тулгах утгагүй. Амьдралд маргааш юу болох бол гэж бодож амьдрах гоё ш дээ. Бүх юм тодорхой байх сонирхолтой биш.
Эрчүүд хэр их болзоонд урьж байна?
Урьдаг. Бүдүүлэг урьдаг нь ч, соёлтойгоор урьдаг нь ч байна. Манай монгол эрчүүд ер нь дээрэнгүй юм уу, ихэнх нь. Гэхдээ энэ нь би олон хүнтэй болзож байгаа гэсэн үг биш шүү. Би олон эрэгтэй, эмэгтэй найзтай. Бүгд найз залуу, нөхөртэй, эхнэртэй. Тэднээс харж байхад ийм байдал анзаарагдаад байдаг. Манай монгол эрчүүд дунд найз охиндоо, эхнэртээ тодорхой хэмжээгээр гар хүрч үзээгүй хүн гэж бий болов уу? Байхгүй байх. Үүнийгээ байж болох зүйл гэж боддог нь сонин. Би яасан юм, зүгээр л түлхсэн гэдэг. Түлхэх ч гэсэн гар хүрэх ш дээ. Би ийм дээрэнгүй амьдралд орох гэж нээх яарахгүй байгаа /инээв/.
Тэгвэл загварын карьераа нэлээд хол явах нь. Ингэхэд өөрт чинь Монголын болон гадны моделиудаас хүндэлдэг, идеал хэмжээнд авч үздэг загвар өмсөгч гэвэл хэнийг онцлох вэ?
Агинастин гээд Английн модель байдаг. Супермодель. Гэвч одоо загвар өмсөхөө больчихсон. Эрэгтэй үс засалттай, малгай тавьчихдаг, хайнга, хааяа дуулвал дуулчихна, DJ хийвэл хийчихдэг. Ийм л модель байх юмсан гэж боддог байсан. Монголоос яг ийм байх юмсан гэж бодогдож байсан модель үнэндээ байдаггүй. Ер нь бол загвар өмсөж гарч ирэхдээ хэн нэгнийг дуурайна гэдэг утгагүй л дээ. Гадныхан жишээ нь моделиудын хувь хүн, бусдаас ялгарах онцлог нь чухал үзүүлэлт болдог. Бусдаас өөр байж фэшн продюссерууд, дизайнерууд, зурагчдын анхааралд өртдөг.
Тэгвэл загвар өмсөгчийн хувьд Төгсийн тайзан дээр бусдаас ялгардаг онцлог давуу тал юу вэ? Ер нь Төгс сайхан бүсгүй мөн үү? Чамд өөрийн чинь юу таалагддаг вэ?
Тэрийг бусад хүмүүс л хэлэх байх. Гадны продюссерууднамайг тайзыг дүүргэж алхдаг гэж хэлэхийг сонсож байсан. Байгаа байдал нь ч юм уу, эсвэл том мөртэй болоод ч тэр үү, тэгж харагддаг юм шиг байна лээ. Надад бол миний бүхий л юм таалагддаг. Би өөрөө өөртөө таалагдахгүй бол өөр хэнд таалагдах юм. Бусдад таалагдахын хамгийн анхны алхам өөртөө таалагдах. Ямар нэгэн өөрт таалагдахгүй юм байлаа гээд би яах юм. Яаж ч чадахгүй шүү дээ.

Чи давхраа оёулсан. Надад бол чиний өмнөх жартгар онигор нүд таалагддаг байсан?
Би тэрэндээ санаа зовоод олон жил явж байгаад, бодож бодож давхраа оёулсан юм биш. Зүгээр л нэг өдөр хийлгэчихсэн /инээв/. Хийлгэснийхээ дараа их бодсон. Нээрээ юу билээ, арай өөр харагдах билүү гээд. Гэхдээ эдгэсний дараа өөр харагдаагүй. Манай арван жилийнхэн чи огт өөрчлөгдөөгүй байж ингэж мөнгө үрж яадаг юм гэцгээдэг. Хүмүүс үсээ будахдаа, тайрахдаа хүртэл хүн болгоноос асуугаад явдаг. Би шивээстэй, персинг хийлгэсэн, үсээ өөрчилдөг, буддаг. Энэ бүгдийг хийлгэхдээ нэг өдөр ч боддоггүй. Багадаа цэцэрлэгт байхдаа өөрөө өөртөө “чёлк” тайрсан. Дөрөвдүгээр ангид урт үснээсээ залхаад үсээ халимаг болгоход манай бага ангийн багш хүртэл намайг ойлгоогүй. Энэ бол зүгээр л гаднах байдлаа өөрчлөх асуудал. Юманд нервтээд байвал би зүгээр л очоод шивээс хийлгэчихдэг.
Чи моод хөөгч мөн үү?
Моод хөөгч гэх нь ч хаашаа юм. Брэндлав хөөдөггүй. Стиль тодорхой хэмжээгээр хөөдөг. Under gene, юнисекс гэж эрэгтэй эмэгтэй хоёрын завсарын стиль гэж бий. Би тиймэрхүү стильтэй. Хааяа томдсон пиджак, бариу жийнс, пүүз өмсөөд явж байхаар зарим хүмүүс араас хараад өндөр туранхай эрэгтэй хүн байна гэж бодлоо гэдэг. Биер нь хэт эмэгтэйлэг хувцаслалтанд дургүй. Юнисекс хувцасладаг ч аймаар эмэгтэйлэг байх шаардлага бол байна. Гэхдээ ямар ч эмэгтэйлэг хувцасанд эрэгтэйлэг өнгө аяс оруулж ирдэг. Хөгшрөөд намба суухаараа арай эмэгтэйлэг болж магадгүй юм.

Юнисекс стильтэй, этгээд бодолтой, монгол биш европжсон сэтгэлгээтэй загвар өмсөгч Төгсөд таалагдах залуугийн хэв маяг юу юм бол? Цагаан морьтой ханхүүгийнх нь стилийг сонирхъё?
Ханхүү энээ тэрээд итгэхээ байсан /инээв/.Магадгүй хоёр, гурван жилийн өмнө асуусан бол өндөр гоё биетэй, бор, шивээстэй, Дизелийн моделиуд шиг хувцасладаг эрэгтэй таалагддаг гэх байсан байх. Одоо болнадад тогтвортой эрэгтэй хүн таалагддаг болсон. Ажилтай, ажлаа тараад гэртээ ирээд хамтдаа хоолоо иддэг. Би уг нь оптимист хүн. Гэхдээ хааяа сэтгэл санаагаар унахад намайг аваад явчихдаг, түшигтэй эр хүн хэрэгтэй. Гаднах төрхийг яг үнэндээ бодохоо больчихдог юм байна. Мэдээж санаа нийлэхгүй бол бүтэхгүй. Бие биенээ сайн ойлгодог, ярихаасаа санаа зовдоггүй байх их чухал юм шиг. Хүмүүс нөхөртөө хэлэхээс санаа зовоод гэдэг. Нөхөртөө хэлэхгүй өөр хэнд хэлэх юм бэ. Гэрлэнэ гэдэг ээжийнхээ гэрээс гараад өөр хүний гэрт очно гэсэн үг. Нөхөр ээжээс ялгаагүй байх ёстой гэж би боддог.
Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
Улам их амжилт хүсье.




Ярилцсан М.Саян
Гранд сэтгүүл №74

Сэтгэгдэл (61)