Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийнэ

Англи улсын кино найруулагч, продюсор Benjamin Johns ахлагчтай кино багийнхан Монгол улсын Буддын шашин болон Уламжлалт анагаах ухааны томоохон төлөөлөгч, Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр 2017.02.24-нд Монголд ирж, зураг авалтаа эхлүүлсэн. Ийнхүү Монгол дахь зураг авалт нэг сарын турш амжилттай явагдаж, 4-р сарын эхээр сүүлийн зураг авалт Лондонд үргэлжлэх юм.

Баримтат киногоороо алдартай найруулагч Benjamin Johns "Дэлхийн соён гэгээрүүлэгчид" нэртэй цуврал баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэ цувралынхаа хүрээнд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсаны үндсэн дээр Хамба лам, хүний гавъяат эмч Д.Нацагдоржийг сонгосон байна.

Хамба лам Д.Нацагдоржийн тухай энэхүү баримтат кино нь зөвхөн Хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, ажил бүтээлийн талаар үзүүлээд зогсохгүй Монголын түүх, соёл, боловсрол, хөгжил, буддын шашин болон уламжлалт анагаах ухааны өв их уламжлалыг дэлхийн үзэгчдэд хүргэх чухал ач холбогдолтойгоороо онцлог юм.

"Дэлхийн Соён гэгээрүүлэгчид" цуврал баримтат киноны анхны кино нь "Uncle Max Dulumunmun of the Yuin Nation" хэмээх нэртэй Австралийн уугуул иргэний тухай кино байсан бөгөөд олосн улсын кино наадмаас өндөр үнэлгээ авсан байна. Найруулагч Benjamin Johns Англи Улсдаа олон тооны баримтат кино бүтээснээс гадна гадаад оронд хэд хэдэн баримтат кино хийжээ. Тухайлбал, Энэтхэгт нүүдэлчин Sikh омгийн тухай "The Nihang", Бүгд Найрамдах Куба улсад алдартай жазз хөгжимчний тухай "Jose Louis Cortez" зэрэг баримтат кинонуудыг бүтээсэн. Хамгийн их амжилт авчирсан кино нь Мексик улсад бүтээсэн "THe Huichols"  бөгөөд ууланд амьдардаг бөө мөргөлтөн, анчин, фермерийн аж ахуй эрхэлдэг омгийн тухай баримтат кино юм.

Тэрбээр баримтат кино бүтээлүүдээрээ Лондон болон олон улсын кино фестивальд амжилттай оролцож байсан бөгөөд энэхүү Хамба Лам Д.Нацагдоржийн тухай киног ч мөн олон улсын кино наадамд "сойх" төлөвлөгөөтэй байгаа аж.

Кино найруулагч, продюсер Benjamin Johns 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн "Шилдэг богино хэмжээний кино" шагналыг "Candy Bar Kid" киногоороо, 2008 онд "HD FEST" наадмын "Шилдэг инээдмийн богино хэмжээний кино" шагналыг "Traffic Warden" киногоороо тус тус хүртжээ.

Мөн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат киноны зураглаачаар "Бөгжний эзэн", "Оддын дайн", "Gravity" зэрэг бидний сайн мэдэх алдартай кинонуудын зураглаачаар ажиллаж байсан туршлагатай зураглаач Gerry Vasbenper ажиллаж байгаа юм. Киноны зөвлөх продюсороор Konstantin Palvidis ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025