Саддам Хуссайнд ажил олдохгүй байна

 

Муу нэрийг хусавч арилахгүй гэж манай өвгөдийн хэлсэн айхтар үг бий. Тэгэх тэгэхдээ бүр огт өөр хүнд очиж наалдсан ч арилахааргүй тийм муу нэр хүртэл байна.

Энэтхэгийн Жамшедбур хотоос гаралтай нэгэн инженер залуу их сургуулиа төгссөнөөс хойш хоёр жилийн хугацаанд нэг ч ажил олж хийж чадаагүй байна. Түүнийг ажилд орж чадахгүй байгаа шалтгаан нь түүний дүн эсвэл бусад ажил хайгчдын өрсөлдөөнөөс болоогүй. Түүнийг ажилд авахгүй байгаа шалтгаан нь түүний нэр гэнэ.

25 жилийн өмнө өвөө нь ач хүүгээ Саддам Хуссайн хэмээн нэрлэсэн нь хожмоо ач хүүг нь ийнхүү асуудалд оруулна гэж төсөөлөөчгүй байх.

Саддам 2 жилийн өмнө их сургуулиа төгссөн бөгөөд түүгээр ч зогсохгүй сургуулийнхаа хамгийн шилдэг сурагчдын нэг байсан байна. Гэсэн ч Иракын дарангуйлагчийн нэрийг авсан түүнд ажил олдохгүй байв.

Тэрээр "Хүмүүс намайг ажилд авахаас айдаг" хэмээн гашуудан хэлжээ. Саддам 2014 оноос хойш ажил хайж байгаа бөгөөд энэ хугацаанд 40 гаруй удаа татгалзсан хариу сонсжээ.

Эхний зургаан сар гаруй хугацаанд тэрээр ийнхүү ажилд авахгүй байгаа шалтгааныг тодорхойлж чадахгүй байсан бөгөөд нэгэн удаа өөрийг нь ажилд аваагүй нэгэн компанийн хүний нөөцийн ажилтантай ярилцаж байгаад өөрийнх нь нэрнээс болж ажилд авахгүй байгаа гэдгийг олж мэдсэн байна.

Уг компани нь тайлбарлахдаа "Хэрвээ ажилтан нь ажлын шаардлагаар хил давж ажиллах шаардлагатай боллоо гэхэд гаалийнхан болон нисэх буудлын ажилчид иймэрхүү асуудалд маш нухацтай ханддаг. Хэрвээ тэр байнга хил давж ажиллах шаардлагатай болвол нэрнээсээ болж виз гарахгүй ч юм уу, онгоцны буудал дээрээс буцаагдах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ бол байгууллагад хохиролтой асуудал шүү дээ" гэжээ.

Саддам албан ёсоор нэрээ сольж Сажид нэртэй болсон боловч түүний диплом дээр хуучин нэр нь байгаа тул асуудал дээрдэхгүй хэвээр л байгаа юм.

Сажид "Би хэн нэгний хийсэн муу хэргийн төлөө хариуцлага үүрч байгаа гэмгүй хохирогч шүү дээ" хэмээн хэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025