Мастер үсчин, “Vidal” салоны захирал Д.Одонгоо өнөөдрийг хүртэл чимээгүйхэн нэг ажлыг хийж ирсэн хүн. Тэр нь хүмүүнлэгийн үйлс. Гэхдээ та бүхний мэддэг хувцаслаж хооллодогоос шал өөр. Анхандаа асрамжийн газрын хүүхэд хөгшдийн үсийг үнэ төлбөргүй засдаг байв. Дараа нь асрамжийн газрын болон ажилгүй залууст жилдээ нэг удаа үнэ төлбөргүй үсчний сургалт явуулдаг байв. Тэгвэл энэ жилээс олон нийтийг хөдөлгөн далайцтай арга хэмжээ хийхээр болсон мэдээ жинхэнэ шуугиан тарилаа.
Яг үнэндээ асрамжийн хүүхдүүдийг тэнд байх хугацаанд нь л баярлуулах талаар бодож байснаас насанд хүрч төвөөс гарсны дараа юу хийж яаж амьдрах талаар сэтгэл зовниж байсан хүн цөөн. Д.Одонгоо энэ асуудал дээр тун торгон мэдрэмжтэй хандав. Түүний үйлст Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтарч улсын хэмжээний 36 асрамжийн газраас нэг нэг хүүхэд сонгон үсчний мэргэжлээр үнэ төлбөргүй сургахаар болжээ. Мөн 15-аас дээш насны хүүхдүүд алт мөнгөний дархан, гар утасны засварчин, цаг засварчин, гуталчин, оёдолчин, гоо сайханч, хими цэвэрлэгээний ажилтан, үсчин зэрэг зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээс сонгох боломжтой.

Д.Одонгоогийн санаачлагыг дэмжин ахуйн үйлчилгээний найман төрийн бус байгууллага өөр өөрсдийн чиглэлийн дагуу сургалт явуулах төлөвлөгөө гаргаад байна. Олон олон хүүхдүүдэд амьдрах итгэл урам зориг өгч буй бүсгүйд хүмүүс талархлаа илэрхийлсээр байна. Зарим нэг нь нөгөө л хурган амбиц, төрд байгаа нөхдөөс илүүг хийж чадсаных улс төржих юм биш байгаа гэж хардаастай. Ер нь улс төр л байхгүй бол ажил явдаггүй гэж ямар чөтгөр нь бидэнд шивнэснийг мэдэхгүй юм.
Урлаг соёлын салбараас олон бүсгүйчүүд хүмүүнлэгийн үйлсээрээ цойлох болсон. Д.Одонгоо энэ удаад жинтэй алхам хийлээ. Тэр магадгүй үсчид, гоо сайхны салоны захирлууд дундаа анхдагчийн анхдагч болох нь байна шүү.
Дашрамд дурдахад энэ сарын 24-ний өдөр Нийслэлийн Иргэний танхимд холбогдох байгууллагууд ирж уулзалт зөвлөгөөн хийх юм байна. Та, таны компани ч гэсэн тусламжийн гараа сунган хүүхдүүдийг сургахыг хүсвэл тус өдрийн 14 цагаас Нийслэлийн Иргэний танхимыг зориорой.
Сэтгэгдэл (6)