Эрхэм гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн дан ганц барилгаар занималддаггүй уул уурхайн салбарт ч орон зайтай болох нь илэрсэн. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны амь насаа алдсан хэргийн дуулианы дараахын түүний Тостын нуруунд лиценз эзэмшдэг болох нь ил болсон. Мэдээж үхэл сэхэлтэй холбоотой асуудал дээр таг дүлийн дүмбэ оргин өнгөрөх аргагүй байлаа. Залуугийн үхэлд компаниа холбоогүй талаар хэвлэлийн хурал зарлаж байв. Тэрбээр “Саус гоби коэл транс” компанийн 50 хувийг эзэмшдэг. Талийгч тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн шүүхдэж ч байсан удаатай гэж байгаа. Халдлагад өртөж байсан тэрийг нь хэн зохион байгуулсан байж таарах вэ гэдэг сонин асуудал.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарын есөн гишүүн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахаар тогтоолын төсөл боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлсэнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн, анхны хэлэлцүүлгээр баталсан юм. Ингэснээр Тост, Тосон бумбын нурууны 896 527.44 га-г Улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг нь Засгийн газар батлах үлдээд байсан.
Тэгвэл долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталсан байна. УИХ-ын тогтоолд тусгасан хэмжээнээс даруй 153 мянган га газрыг хилийн заагийн гадна үлдээжээ. Энэ нь уул уурхайн компаниудад тун ашигтай нөхцөл. УИХ-ын гишүүн одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг "Саус гоби коэл транс" компани хамгаалалтаас гарсан 153 мянган га талбайд уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Эрх мэдэл бол хүч юм. Сангийн сайдын хүч, бяртайг гайхаж суугаа хүмүүс олон байна. Санаснаа хийж сарвайснаа авна гэдгийн жишээ гэмээр юм уу даа.
Сэтгэгдэл байхгүй байна