Эхлээд сонсоход үнэхээр жижиг асуудал мэт санагдах боловч Бээжин хотын "Диваажингийн сүм" цэцэрлэгт хүрээлэнд ариун цэврийн цаасны хулгай хэрээс хэтэрч байгаа тухай мэдээлэл гарсан бөгөөд үүнээс болж тус хүрээлэнгийн эрх баригчид ариун цэврийн өрөөндөө нүүрний хэлбэр таних төхөөрөмж суурилуулсан байна.
Та уг ариун цэврийн өрөөнд цаас авахын тулд компьютерийн камер мэт төхөөрөмж рүү харж нүүрнийхээ төрхийг бүртгүүлэх бөгөөд үүний дараа автомат машин таньд цаас гаргаж өгөх юм байна. Энэ нь нэг дор цаасыг их хэмжээгээр нь гарган авч зугтахаас сэргийлэх зорилготой бөгөөд хэрэв таны авсан цаас хүрэлцэхгүй эсвэл дахиад цаас авах хэрэгтэй байгаа тохиолдолд та 9 минут хүлээсний эцэст дахин камерт уншуулж цаас авах боломжтой гэнэ.
Ариун цэврийн цаас хамгийн ихээр хулгайлдаг хүмүүс ихэвчлэн өндөр настай иргэд байдаг гэнэ. Тэд цэцэрлэгт хүрээлэнд том том цүнх үүрч ирэн түүнийгээ дүүртэл цаас хийгээд гарч явдаг байсан байна.
Хүрээлэнгээр зугаалж байсан Ву Кингки "Маш олон өндөр настайчууд энд ирж цаас хулгай хийдэг байсан. Тэдний насыг бодоод үзвэл ойролцоогоор 1940-1950 -аад онд төрсөн хөгшид байх. Тухайн үеийн ард иргэдийн амьдрал маш ядуу дорой байснаас эдгээр хөгшид магадгүй дахиад тийм ядуурал нүйрлэж магадгүй гэж бодон хулгайгаа хийдэг байсан юм болов уу. Мөн энд амьдардаг цагаачид ч гэсэн ирж хулгай хийдэг байсан" хэмээн ярьсан байна.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "Миний бодлоор энэ бол зөв алхам. Маш олон хүн нийтийн эд зүйлсийг үрэн таран хийж, хувьдаа ашигласаар байна" гэсэн болон мөн тус паркаар байнга ирдэг Яанг Шаомин "Тэд үүнийг аль хэдэн жилийн өмнөөс л хэрэгжүүлж эхлэх ёстой байсан юм" хэмээн CNN телевизид ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна