Movies: “Үзэсгэлэнт гүнж ба Жонон”-гийн хүүхэлдэйн киноноосоо ялгарах 12 зүйл

Диснейн алдарт бүтээл “Үзэсгэлэнт гүнж ба Жонон хоёр” хүүхэлдэйн кино анх 1991 онд гарч байсан бол энэ сарын 17-нд бүрэн хэмжээний уран сайхны кино болж үзэгчдийн хүртээл боллоо. Киноны гол дүрд та бидний сайн мэдэх Эмма Уатсон, Дан Стивэнс, Эван МакГрегор, Люк Эванс, Иан МакКэллэн зэрэг нэр хүндтэй жүжигчид тоглосон юм. Харин үйл явдал нь нэгэн их зантай ханхүү шулмын хараалд өртөж үзэшгүй муухай мангас болон хувирч байгаагаар өрнөх юм. Гагцхүү түүний хараалыг тайлж бүх зүйлийг хуучин хэвэнд нь оруулж чадах ганц зүйл бол хайр сэтгэл.  Мөн бүрэн хэмжээний уран сайхны кино маань хүүхэлдэйн киноноосоо ялгарах хэд хэдэн зүйлтэй. Энд тухайлбал,  Бэлл охины өнгөрсөн түүх болон Диснэйн бүтээлд анх удаа ижил хүйстэй дүр гаргасан зэргийг нэрлэж болно.   

Ингээд уншигч та бүхэндээ кино болон хүүхэлдэйн киноны өөр хоорондоо ялгарах өөрчлөлтүүдээс онцолж байна.

Бэлл охины ЭЦЭГ, ЭХ

1991 онд гарч байсан хүүхэлдэйн кинонд Бэлл охины ээжийн талаар огт гардаггүй ч энэ удаагийн кинонд түүний ээжийн үхэл чухал ач холбогдолтой болохыг харуулдаг. Хэдийгээр Бэллийн аав Маурис өөд болсон эхнэрийнхээ талаар ярихыг хүсдэггүй боловч хожим нь Бэлл ээжийнх нь үхэл түүний амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлсөн болохыг мэдэж авдаг байна. Жононд өөрийг нь дэлхийн хаана ч аваачиж чаддаг шидэт ном (бас л  шинэ нэмэгдсэн зүйл) байдаг бөгөөд тэр номын тусламжтай Бэлл  бага насандаа аав, ээжтэйгээ Парис хотод амьдардаг байснаа олж мэднэ. Мөн тэрээр ээжийгээ тахал өвчний улмаас нас барж энэ нь аавийг нь охиноо дагуулан тосгон руу зугтах шалтгаан байсныг олж мэднэ. Энэхүү түүх нь Бэлл охины дүрд шинэ оршил нэмж өгсөн бөгөөд ингэснээр түүнийг Жонон болон түүний амьдралыг ойлгож хүлээж авахад илүү дөхөм болгож өгсөн байна.

Оргох бус зугтахыг илүүд үздэг

Бэллд хоригдож байх хугацаандаа цамхагт амьдрах өрөөг нь Жонон зааж өгдөг. Харамсалтай нь Жононг  өрөөнөөс гармагц Бэлл олс зангидаж оргохыг оролддог. Хэдийгээр хүүхэлдэйн кинон дээр ч гэсэн барьцаалагдахын эсрэг байдаг боловч зугтахыг хичээж байгаагүй юм.

Зохион бүтээгч Бэлл

Кинонд Бэлл аав шигээ зохион бүтээгч дүрээр гардаг. Мангасын цамхагт хоригдохоосоо өмнө тэрээр хуучны угаалгын машин шиг ажилладаг төхөөрөмж бүтээдэг ба чөлөө зав гарсан үедээ тосгоны нэгэн охинд уншихыг зааж өгдөг. Түүний энэхүү бусдаас өөрөөр сэтгэдэг үйлдэл нь багагүй асуудалд оруулдаг ба тосгоныхон түүнийг шоолж зохион бүтээсэн төхөөрөмжийг нь эвдэлдэг.

Уншихдаа тааруу Жонон энэ удаад НОМЫН ХОРХОЙТОН

Хүүхэлдэйн хувилбар дээр Жононг бүрэг ичимхий уншихдаа тааруу мэтээр дүрсэлдэг бол кинон дээр тэрбээр өөрийн уншсан номнуудынхаа тухай Бэллтэй дуртайяа хуваалцдаг нэгэн.  Харин Бэллийг Шекспирийн сонгодог зохиол Ромео ба Жульет гэх мэт хайр дурлалын сэдэвтэй ном уншдгийг нь шоолон тоглоом хүртэл хийдэг байна. Гэсэн ч дараа нь Бэлл түүнийг "Артур хаан болон түүний дугуй ширээний баатрууд" зохиолыг унжиж байхад нь таардаг бөгөөд түүнд уг зохиолч мөн хайр дурлалын тухай болохыг сануулж тоглоом хийдэг.

Жононгийн тухай илүү түүх гардаг

Киноны эхэн хэсэгт цамхагт нэгэн үдэшлэг болж байх бөгөөд уг үдэшлэгт Жонон болоод цамхагт амьдрагч хүмүүсийн хараалд өртөж эд юмс болохын өмнөх үеийг харуулдаг. Гэсэн ч түүнийг мангас болгон өөрчилдөг үйл явдал яг адилхан зохиолоор гардаг байна.

ИЖИЛ ХҮЙСТЭН

Диснейн уран сайхны кинонд ижил хүйстэн залуугийн дүр гардаг байна. Найруулагч Билл Кондон киноны чухал дүрүүдийн нэг болох ЛэФоуг киноны муу талын дүр болох Гастонд нь хайртайгаар дүрсэлдэг. Гэсэн ч энэ нь тийм ч гайхмаар зүйл биш бөгөөд 1991 оны хүүхэлдэйн хувилбар дээр ч ЛэФоу Гастонд дотно ханддаг байсан бөгөөд зөвхөн түүний хайр дурлалын чиг хандлагийг ил тод илэрхийлдэггүй байсан юм.

Чип айлын ганц хүү

Цайны аяга болон хувирдаг бяцхан хүү Чип хүүхэлдэйн кинон дээр олон аяга таваг ах эгч нарын хамт шүүгээнд амьдарч байгаагаар хүүхэлдэйн кинон дээр гардаг боловч уран сайхны кинон дээр тэрээр хатагтай Поттын цор ганц хүү юм.

Шинэ дуу хөгжим

Хөгжмийн найруулагч Алан Мэнкэн кинонд зориулж дөрвөн шинэ дуу зохиосон. Мангас Бэллийг суллаж явуулсны дараа дуулдаг "Evermore", дуучин Селин  Дионы "How does a moment last forever"киноны дуу, Аудра МакДоналдын "Aria" дуунуудаас гадна цамхгийн эд юмс хүн байхдаа ямар байсан тухайгаа дуулдаг хэсгийн дуу "Days in the sun" гэсэн дуунууд шинээр нэмэгдсэн байна.

ШИНЭ ДҮР

Жүжигчин Стэнли Туччигийн бүтээсэн Каденза хэмээх дүр нь шинээр нэмэгдсэн бөгөөд тэрээр Хатагтай Гардероб буюу хувцасны шүүгээ хатагтайн хайр сэтгэлийг татсан дүрээр гардаг байна.

Маурис өлөн чононы хоол  болох уу?

Хүүхэлдэйн хувилбарт Маурис Бэллийн оронд суллагдан тосгондоо буцаж ирэхэд Гастон түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн эмч хөлсөлж эмлэгт хэвтүүлэхээр оролддог. Тэгвэл кинонд түүний урвалт үүнээс ч дор юм.  Кинонд тэрээр Маурисд туслан Бэллийг аврахаар (мэдээж өөрийгөө сайн хүн болгож харуулахын тулд) цамхаг руу явдаг боловч замд нь саад тулгарч явах боломжгүй болоход тэрээр ЛэФоутой нийлж Маурисыг модонд хүлж орхидог байна. Мэдээж хөөрхий Маурисыг өлөн чононы хоол болгохоор шүү дээ.

Кинонд шидтэн маш том үүрэг гүйцэтгэдэг

Хөгшин эмгэний дүрд хувирч цамхагт очдог шидтэн Жононг мангас болгож хувиргасныхаа дараа ч тосгоноос явдаггүй бөгөөд тосгонд нууцаар амьдарч киноны төгсгөлд маш хэрэгтэй үед гарч ирдэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Жонон биш юм байгаамаа. Prince угтаа хамгийн тэргүүний хан ор залгах этгээд. Манайхаар бол хун тайж. Манайхаар жонон гэдэг нь хан ор залгаж болох дэд дэсийн алтан ургийн хүн. Хааны ах, дүү, тэрчлэн авга талын хүмүүс болно. Гадныхаар бол дэд дэсийн хунтайж, гүн гэх мэтээр ангилдаг. Энэ тохиолдолд бол хун тайж л байна. Мэдээу энэ бүх нэршлийг нүүдэлчид төрт ёс харьцангуй эртнээс үүсч хөгжсөн иргэншсэн улсуудаас авч байж. Тиймээс хунтайж, жонон, гүн, ван, гүнж зэрэг нь бүгд харь үг болно. Бидэнд өөрийн гэх юм байхгүй байсан учраас л гадныхыг авсан байж таарна.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025