“Жи-тайм” ХХК-ийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоожээ
2017/03/09

Өнөөдөр “Жи-Тайм Корпорейшн” ХХК-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа талаар Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь “Жи-Тайм Корпорейшн” компанийг байгуулж, Монгол Улсын Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох хориглосон үйл ажиллагаа явуулж Монгол Улсын иргэдийг элсүүлэн онц их хэмжээний мөнгө залилан авсан хэргийг шалгасан юм.

Маженов Маратын Монгол Улсын хилээр нэвтрэх эрхэд прокурорын зөвшөөрлөөр хориг тавьсан байсан ба энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед саатуулсан. Түүнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Монгол Улсын иргэн О нарыг мөн зүйл хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон холбогдуулан шалгасан аж. “Жи-Тайм Корпорейшн” ХХК-ийн захирлын өрөөн дэх эд хөрөнгө, худалдан борлуулдаг бараа, бүтээгдэхүүн, арилжааны банкууд дахь дансууд, тээврийн хэрэгсэл зэргийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэн хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Гэтэл “Жи-Тайм Корпорейшн” компанийн үйл ажиллагааг сэргээнэ, компанийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлнэ, цалин мөнгө, урамшууллыг буцаан олгоно, цагдаад очиж өргөдөл өгөх юм бол мөнгө чинь олдохгүй. Толгой компанид гомдлоо гаргах юм бол мөнгөө авч чадна, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд хууль ёсны компани гэдгээ нотолсон өргөдөл өгсөн, бидний үйл ажиллагааг хэвийн явуулна” гэсэн буруу ташаа мэдээлэл хүргэж эхэлсэн байна.

Иймд Цагдаагийн байгууллагаас энэ компанийн үйл ажиллагааг зогсоожээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин