Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас "Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдал”-ыг 2016 оны байдлаар судалжээ.
Тус дүүргийн прокурорын газар нь 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 50 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 16 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 34 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж шийдвэрлэсэн ба дээрх 34 эрүүгийн хэргийг прокуророос шийдвэрлэсэн байдлыг судлахад 10 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, 24 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Шүүхэд шилжүүлсэн 10 хэргээс 4 эрүүгийн хэргийн шүүгдэгчид хорих ял оногдуулсан байх бөгөөд 2 шүүгдэгчийн хорих ялыг биеэр эдлэхээр, 2 шүүгдэгчид 1 жил 10 хоногоос 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн 2 шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасан "Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн”-ээр хэрэгсэхгүй болгожээ.
Бусад шүүгдэгч нарт албадан ажил хийлгэх болон баривчлах, торгуулийн ял оногдуулжээ. Шүүхээс энэ төрлийн гэмт хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан, цагаатгасан тохиолдол гараагүй байна.
Харин прокуророос хэрэгсэхгүй болгосон 24 эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасан "Хохирогч нь яллагдагчтай эвлэрсэн”-ээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 51 хүний эрх зөрчигдөн бие махбодь болон бэлгийн, сэтгэл санааны хүчирхийлэлд өртжээ.
Эдгээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэдийн насны байдлыг судлахад бага насны буюу 2 сараас 12 настай 5 хүүхэд, 18-25 насны хохирогч 6, 26-35 насны хохирогч 25 байгаа бол 36-56 нас хүртэл нийт 15 хохирогч байна. Хүйсийн хувьд 3 буюу 5.8 хувь нь эрэгтэй байх бөгөөд эдгээрийн 2 хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчийн төрсөн болон дагавар хүү байгаа бол нэг хохирогчийн хувьд хүчирийлэл үйлдэгчийн нөхөр байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 18 буюу 35.2 хувь нь хүчирхийлэл үйлдэгчтэй хамтран амьдрагч байгаа бол 25 буюу 49 хувь нь эхнэр, 4 буюу 7.8 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн охин болон дагавар охин,3 буюу 5.8 нь хүчирийлэл үйлдэгчийн төрсөн болон дагавар хүү, 1 буюу 1.9 хувь нь нөхрийн харилцаатай хүмүүс байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх 51 хохирогчийн хувьд бие махбодийн хүчирхийлэлд ихэвчлэн өртсөн байх боловч эдгээр хохирогчдын ард сэтгэл санааны хүчирхийлэлд дам өртсөн өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх хугацаанд тухайн газар байсан 47 хүүхдийн эрх нь давхар зөрчигдсөн байна.
Дээрх иргэд нь боловсролын хувьд 9 нь дээд, 22 нь бүрэн дунд, 9 нь бүрэн бус дунд, 2 иргэн тусгай боловсролтой бол 6 иргэн бага боловсролтой байна. Ажил эрхлэлтийн хувьд 22 нь эрхэлсэн ажилтай байгаа бол үлдсэн 26 иргэн ажилгүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн хүчирхийлэл үйлдэх давтамжийг судлахад 9 тохиолдолд анх удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн байгаа бол бусад 39 хүчирхийлэл үйлдэгчийн хувьд 2-оос дээш удаа зарим тохиолдлын хувьд 10 жилийн хугацаанд хохирогчид бие махбодийн болон сэтгэл санаа, бэлгийн, эдийн засгийн хүчирхийлэл үйлджээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгааныг судлахад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 50 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 38 тохиолдол нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй гол шалтгаан нь хардалтаас үүдэлтэй байна.
Дүүргийн прокурорын газраас судалгааны дүнгийн талаар Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулга бичиж хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)