Өчигдөр орой. “Хүннү молл”-оос гараад гэртээ очих зам, гэрт ирсний дараа хэнтэй ч яримааргүй, юу ч үзмээргүй, фэйсбүүк ормооргүй зүгээр л нүдээ аниад хэвтээд баймаар санагдав. Хөөрхий, Хандмааг бодоод. Эцэстээ тэгтлээ их хүссэн хайрттайгаа уулзаж аз жаргалтайгаар өөд болсон тэр бүсгүй ...
Яадаг юм, юугаа нуух вэ та бүхэнд ч гэсэн ний нуугүй яривал тийм хайр, хайртай хүн байгаа биз дээ? Тэгсэн мөртлөө зүрхлээд явж очоод уулзаж чаддаггүй, гар хүрч болохгүй, нүдэнд үзэгдэхгүй, зөвхөн сэтгэлд байдаг хайр ... Яг үнэндээ түүнтэйгээ хамт амьдарсан бол ямар байх байсан бол гэж хааяа ч гэсэн бодож үздэг үү? Тэр ч гэсэн хүн учраас алдана, ононо, өнгө зүс гундана, цоорхой оймстой гэр дотор алхана, өвдөнө зовно, тарган байсан бол турна, туранхай байсан бол таргална, өнөөх залуу насных нь сайхан бүхэн үгүй болно. Ээж эсвэл аав болсны чинь дараа харилцаа өөрчлөгдөнө, хааяа муухай аашилна, хардана хардуулна, хүн юм чинь 00-д хүндэрнэ. Гээд төсөөлөх гэхээр сэтгэлд буухгүй. Яагаад? Сахиусан тэнгэр мэт дэндүү нандин, эгэлгүй, хиргүй тунгалаг тэр чигээрээ сэтгэлд үүрд үлдсэн учраас тэр. Солонго мэт, бороо мэт, нар мэт, сар мэт, од мэт хүршгүй алс ...
Гэгэлзсэн хаврын орой юмаа. Будаг нь ханхалсан шинэхэн киноны час улаан хавтастай урилгыг атган “Хүннү молл”-д очив. “Хувьсал” продакшны 5 дахь өргөн дэлгэцийн бүтээл. Амьдралын мөчлөг бүхэн дээр “Хувьсал”-ын кино хамт байж.
Хүний амьдрал, миний амьдралын дахин давтагдашгүй 5 жил энэ хугацаанд урсаж. Мэдээж үзсэн кино, бичсэн кино нийтлэлийн тоо нэмэгдсэн. Хүмүүс Монгол кино гэхээр “Заасс тэрний оронд Холливуд кино дээр” гэж шууд доош нь хийхээ больсон. Кино урлаг боломжийнхоо хэрээр энэ 5 жилд хөгжсөн гэсэн үг.
Шуугиан таригч
Нээрээ, яг энэ киноны нээлтээс нэг хоногийн өмнө Д.Галбаярын гол дүрд нь тоглосон “Шуугиан таригч” киног үзсэн. Найруулагч энэ хархүү шаггүй жүжигчин юм даа гэж сайшаасаар дуусгасан юм даг. “Миний нууц” дээр тэрбээр найруулагчаар ажилласны хувиар дээл, дэгжин хар шил, бүрх малгай духдуулан яриа өгч зогсоо харагдав. “Хувьсал”-ын өмнөх бүтээлүүд дээр МУГЖ У.Уранчимэг найруулагч хийдэг байсан.
Харин энэ удаад Галаа найруулагч ажилласан нь Урнаа гавьяат өөрөө гол дүр бүтээж ачаалалтай байгаатай холбоотой. Түүний энэ кинонд тоглохын тулд зөвхөн фитнесст ямар их цаг, хөдөлмөр зарж буй бичлэг нээлтийн өмнөхөн цацагдаж шуугиан тарьсан.
Бүсгүй хүний хувьд 45 нас гэдэг ямар тоо билээ? Хатагтай У.Уранчимэг яг л 25-т мэт гялалзаж залуу хархүүгийн хажууд үе тэнгийн юм шиг жавхалзсан сонирхолтой постерын зургууд нүд гялбуулж байсан даа. Энэ бүсгүйгээр үнэхээр бахархдаг юм. Ил цагаан магтаад цагаан хэл ам хүрчих вий гээд мод тогшлоо.
“Хувьсал”-ын багийнхан тэр чигээрээ шуугиан таригчид. “Миний нууц” киноны зохиолыг Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар бичсэн байна билээ. Гил хар үс намируулсан монголжин бүсгүй А.Ганчимэг хайрын дууны клипний супер стар хийхээ больж харин найруулагч болон “тушаал дэвшжээ”. Энэхүү киноны нэгдүгээр найруулагчаар энэ шавилхан бүсгүй ажилласан юм шүү дээ. Жүжигчний амьдралд үе шат байдаг юм болов уу гэж төсөөлдөг.
Анхандаа дууны клип, рекламны саналд дарагдан нүүр царай нь брэнд болох, улмаар кругозор сайтай бол жинхэнэ шандас шаардсан дүр бүтээж дотор хүнээ илэрхийлэх. Нэгэнт сайн жүжигчин бол дараагийн алхам юу вэ? Оргилын оргил нь найруулагч.
Гэвч бүх жүжигчинд найруулагч байх өндөр тавилан заяагддаггүй. Анхны шатаа ч даваагүй, давалгүй шантрах амьдралын хүрдэнд замхрах алийг тэр гэх вэ. “Хувьсал”-ын залуу уран бүтээлчид бүгд л чанагдаж Урнаа гавьяатын гараар өндөр няхуур шалгууртай бэлтгэгдэж буй.
Гол агуулга
Ингээд хүсэн хүлээсэн кино эхэллээ. Дэлгүүрт алхах дэгжин хатагтай бол У.Уранчимэг. Гэнэтхэн хар савхи өмссөн “муу залуу” түүнийг олзлох нь тэр. Хүмүүст хөөгдөж хувцас солих өрөөнд нуугдахдаа баян эзэгтэйг ихэд сандаргав.
Энэ залуу бол постер дээр У.Уранчимэгтэй халуухан зураг татуулаад байсан өнөөх хархүү. Үзэгчид санаж байгаа болов уу? “ТюТю” кинон дээр балетчин охины аавын залуугийн дүрд цухас үзэгдээд өнгөрсөн юмдаг. МУГЖ И.Одончимэгийн хүргэн гээд нэмэлт мэдээлэл энд шигтгэе. Товчхондоо хоёр өгүүлбэрт бичигдэх хэмжээний л мэдээлэл нь ил, шинэ залуу жүжигчин. Би хувьдаа шинэ хүмүүсийг их таашаадаг. Нөгөө л таньдаг жүжигчин хувцасаа сольж өмсөөд гараад ирэхээр юу нь сайхан байх вэ дээ.
Баян авхайн дараагийн зогсоол нөхрийнх нь ажил. Гэвч байдал нэг л сонин. Нөхөр их цэнэж харьцана. Эзэгтэйн хоёр хүү гэртээ байсан ч ээжтэйгээ зөрөн гарна. Ордон шиг байшинд оройн хоолоо ганцаар идэх гэж суугаа эзэгтэй. Ёооооё цочсон гэж яав аа, хоолоо гэнэт гараараа базан эв хавгүй ам руугаа чихэж орхилоо. Тийм элит хатагтай ийм үйлдэл хийнэ гэдэг ... Нуруугаар хүйт даагаад зарс гээд л явчихсан.
Маш ээдрээтэй, учир битүүлэг нөхцөл байдал. Үе үе зарс зарс хийнэ. Заримдаа үйлдлээс нь эмээгээд харж чадахгүй нүдээ дарж байв. Хандмаа /У.Уранчимэг/ ердөө секундын дотор тэс өөр хүн болж хувирна. Удалгүй буцаад л сайн эзэгтэй, сайн ээж, сайн эхнэр ... Бурхан минь үнэхээр галзуурах нь ээ, би. Зүгээр л баян бүсгүй өөрийнхөө хүү шигээ залуутай амрагласан нууц амрагийн тухай кино гэж эндүүрч болохгүй. Юу ч гэмээр юм, үгээр хэлэхэд амаргүй байна. Үзэхэд хүн болгонд өөр өөр мэдрэмж, өөр дүгнэлт төрөх биз ээ.
Дэлгүүрт таарсан залуу Алтангинж үнэхээр гарах гарцгүй нөхцөл байдлаас болж Хандмаатай дотносохыг оролдох болно. Гэхдээ ямар ээдрээтэй нөхцөл байдалд орж байгаагаа тухайн үед төсөөлөх ч үгүй.
Бод доо, нөхөр нь түүнд “Миний эхнэртэй хамт бай” гэж хэлнэ гэдэг юу гэсэн үг вэ? Тэгээд яах бол, энэ айлын амьдрал юу болох нь вэ, хөөрхий Хандмаа давж гарч чадах болов уу? Өмнөөс нь гэгэлзээд л өндөлзсөөр ...
Хайр өвтгөдөг. Хайраас болж авсан өвдөлт, хүчтэй мэдрэмж эдгэдэг болов уу? Гэхдээ Хандмаагийн хайрын эзэн тэр шавилхан хархүү биш юм шүү. Нөгөө л бүсэлхийнээс доошоо онилон ярьж, хийж, инээлгэх гэдэг хөнгөн хошин шогтой адил гэж бодвол том эндүүрэл. Оюун санааны хувьд дээд зиндааны хайрын тухай энэхүү кинонд өгүүлсэн.
Хүн оюун санааны зиндаа тохирох нөхөр хийгээд эхнэртэйгээ учирвал жаргадаг юм гэнэ лээ. Ёстой л Далай ламын хэлдгээр “Сайн ханийг хайж олдоггүй. Харин бурхан шагнадаг” гэж үнэн ч биз. Нэг л амьдрахад ханийн жаргал эдлэж амьдарна гэдэг өндөр дээд тавилан.
Нууц
Өрнөлийг ингэсгээд орхилоо. Нууц. Энэ киноноос авсан мэдрэмж, таашаалаа би өөртөө л хадгалмаар байна. Харин та бүхэнтэй бодлоо хуваалцмаар санагдаж байна.
У.Уранчимэг үнэхээр тоглоё л гэж тоглодог, дүрээ бүтээе, бүтээвэл тултал бүтээе гэж бүх эд эсээрээ зүтгэдэг шаргуу жүжигчин аж. За за нэг иймэрхүү юм үзүүлчихэд ер нь яадаг юм, үгүй ээ би эмэгтэй хүн нэгэнт миний кино, хөөрхөн сайхан харагдсаар дуусвал гэх шилэн баг түүнд алга. Яаж ийм шулуухан шударга өөрийгөө эвдэж өөртөө харгис хандаж чадав аа. Нөхөр нь ийм дүр бүтээлээ гээд ханийгаа хайрлаж урлагаас харамладаггүй юм байх даа. Би хүртэл хайрлаж байлаа. Үүдэнд эхэнд зогсож байсан дэгжин сайхан бүсгүй энэ дэлгэцэн дотор гараад байгаа хүн мөн үү гэж гайхмаар.
Хайр найргүйгээр өөрийгөө үгүй хийв. Уран бүтээлийн төлөө шатаж яваа төрмөл жүжигчний цөс, зүтгэл гэж л энэ байх. Хамтран тоглогчтойгоо дүрээ нийцүүлэх гэж ямар удаан ажилласан нь харагдаж байв.
Кино бол багийн уран бүтээл. Ганц нь л сайн байх биш, бүгд сайн байх хэрэгтэй. Түүний дэлгэцийн нөхөр Түшигийн дүрд Ц.Цэрэнболд тоглосон. Баргил хоолойт, асар дотортой Ц.Цэрэнболд хэрэв дэлгэцийн гэрлэлт хийх бол яг тохирох нөхөр юм уу даа. Алтангинжийн дүрд залуу жүжигчин Б.Билгүүн. Хүнд амьдрал дунд өсөж өндийсөн ч хүн чанараа гээгээгүй залуу. Ингэхэд “муу залуу” гэж хэн юм бэ? Та дотроо бодож байгаад кино үзэхдээ бодлоо тулгаарай. Найруулагч Д.Галбаярын гэргий Т.Хулан Алтангинжийн найз бүсгүй Танхилууны дүрийг бүтээв.
“Хувьсал”-ын хоёр Ганаа хаачив аа гэж та асуумаар байна уу? Манай хоёр цэвэрлэгчийн дүрд тоглосон. Нээрээ, би тоглоогүй. Жижигхэн дүр юм шиг мөртлөө бас л их рольтой. Сонихон шийдэл. Маш сайн цэвэрлэгчид байсан юм шүү. За за бусад нь нууц.
Баяртай ...
Анзаарсан бол У.Уранчимэг сахиусан тэнгэр болчихсон байгаа биз? Цас цагаан хувцас, далавчтай үзэсгэлэнт сахиусан тэнгэр ... Тэр үнэхээр нисчихлээ. Нисэх нисэхдээ олон улс, дэлхий рүү кинотойгоо нисээсэй гэж би хүссэн.
Холливуд стандартын бүтээл. Магадгүй давсан ч байж мэдэх юм. Чанар амтагдаж, маш сайн шигшиж, шүүж, нэг ч өө сэвгүй хийсэн кино ийм байдаг юм байна.
Үзэгчдийн тархи хогийн сав биш. Эрэгтэй хүн эмэгтэй болж эм нь эр болж ижил хүйстэн, фэйсбүүк орчимд болсон яриаг эргүүлж бид нарт ярьсны төлөө яагаад инээх ёстой гэж? Ердөө хувцасаа сольсных нь төлөө яагаад тэр жүжигчнийг өөр дүр бүтээсэн гэж сохроор итгэж мөнгө төлөх ёстой билээ? Ард түмнээ доромжилсон үзүүлбэр бүрт нь алга ташиж бидэнтэй нэг зиндаанд магадгүй хэдэн алхмын хойно яваагийнх нь төлөө хүлээн зөвшөөрөх хэрэг үү? Үгүй дээ. Бид гэм зэмгүй.
Урлаг яг л энэ бүтээл шиг алсыг харсан биднээс түрүүлсэн, төсөөллөөс давсан байх ёстой. Нүд хуурсан, зүгээр л өнгө будагтай комик ном шиг зүйлийг кино гэж нэрлэж болохгүй.
Би кино бол тэр юм, энэ юм гэж тодорхойлохгүй. Би тодорхойлдог хүн нь биш. Энэ тодорхойлдог газар нь ч биш. Би зүгээр л “Миний нууц” кино шиг кино болжээ гэж бардам хэлнэ.
Тун удахгүй “Хувьсал” дэлхийн алдартай продакшнуудтай мөр зэрэгцэн нэр нь дуудагдах болно. Тэд чадлаа. Үнэхээр хоншоортой, зангарагтай байлаа. Сайн кино хийх гэхээр Холливуд хэдэн зуун сая, асар их хөрөнгөөр бүтээдэг, гэтэл манай зах зээл, хөрөнгө чинээ бла бла ... Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог. Яг үнэндээ сайн кино хийхэд хамгийн гол суурь нь мөнгө биш бололтой. Холливуд шиг асар их хөрөнгө зараагүй гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ жишигтэй нийцэж, бүр давчихлаа. Гайхалтай!
Энэ киног үзсэний дараа би ч тэр уран бүтээлчид ч тэр олон зүйлдээ “Баяртай” гэж хэлэхээс аргагүй болох нь. “Хувьсал” тийм өндөр босго тавьчихлаа. Гаргасан хөдөлмөр, хичээл зүтгэл нь уран бүтээлээр нь дамжин энэ бүхнийг зүгээр л тэдний өмнөөс төлөөлөн ярьж буй мэт мэдрэмж төрж байна.
Эцэст нь хэлэхэд бид үнэхээр зөв хайрлаж чадаж байгаа болов уу? Түшигийн гаргадаг сэтгэлийн өчүүхнийг ч болтугай гэргийдээ гаргаж та чадаж байна уу? Бүсгүй хүн бүр Хандмаа шиг гэгээлэг, үнэнч сэтгэлтэй байж чадаж байна уу? Өнөөдөр сонгосон ханиа маргааш ямар ч зовлон шаналал, өвчинд нэрвэгдсэн орхихгүй байж чадах уу? Бид яагаад хайрласан шиг хайрлаж чаддаггүй юм бол оо?
Бэлтгэсэн: У.Цахирмаа
Фотог:
Б.Сайханбилэг
Сэтгэгдэл (8)