Мастер үсчний хүмүүнлэгийн ажил үргэлжилж байна

Монгол Улсын мастер үсчин,  “Vidal” салоны захирал Д.Одонгоо асрамжийн  газрын хүүхдүүдэд туслах аянд олон нийт болон төрийн байгууллагыг нэгдэхийг уриалсан. Үүний хүрээнд Засгийн  газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газартай хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 36 асрамжийн газар бүрээс нэг, нэг хүүхэд сонгон авч үсчний мэргэжлээр үнэ төлбөргүй сургахаар болсон юм. 

Тэгвэл Монголын үйлдвэрлэл хоршооллын төвийн байранд   энэ сарын 15-нд “Монголын гэр ахуйн цахилгаан хэрэгсэлийн холбоо”-ны тэргүүн С. Дамдинсүрэн, алт мөнгөн эдлэлийн “Түмэн эрдэнэс холбоо”-ны менежер Ж.Тунгалагтамир, “Монголын фото зургийн холбоо”-ны гишүүн “Монгол фото студи”-ын захирал Д.Цэдэнгомбо, “Үсчин гоо засалчдын холбоо”-ны гишүүн Э.Одонгоо, “Шилмэл загвар” компанийн дэд захирал Г.Дэжид, “Гуталчдын холбоо”-ны гишүүн Д.Мичка нар уулзаж асрамжийн газрын насанд хүрч буй хүүхдүүдэд мэдлэг боловсрол, улмаар мэргэжил олгоход нь хэрхэн туслах талаар санал солилцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт илтгэлийг асрамжийн төвүүдэд зохион байгуулж ажиллахаар болсон юм.  Уг арга хэмжээг гуравдугаар сарын сүүл гэхэд хийж дуусгах ба хүрэлцэн ирсэн ахуйн үйлчилгээний найман төрийн бус байгууллага өөр өөрсдийн чиглэлийн дагуу сургалт явуулах төлөвлөгөөг гаргаж ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025