Ц.Сандуй: Ажил ч, амьдрал ч хүний чин сэтгэлийн илэрхийлэл байдаг
2015 оны 4 сарын 27

-  Таньтай ярилцахаар ирж байхдаа хотын газрын албаны дарга гэхээр нас тогтсон, нилээд яхир, зарчимч  настай хүн байдаг болов уу гэж төсөөлж явлаа. Нэр чинь хүртэл ийм сэтгэгдэл төрүүлэхээр юм. Ийм эрч хүчтэй, гялалзуур, залуу хүн байна гэж бодсонгүй. Төрийн хариуцлагатай албыг та хэдийнээс хашиж эхлэв?

-  Би Газрын албанд 1997 оноос хойш ажиллаж байна. Арав гаруй жил болчихож. Мэргэжилтнээс нь авахуулаад хэлтсийн дарга, орлогч дарга гээд шат дамжлага бүхнээр нь явж ирлээ. Хүний нэр гэдэг бас сонин шүү. Анх газрын албанд мэргэжилтнээр ажилд орчихоод байхад  Сандуй гуайтай уулзъя гээд  өвөө нар хүрээд ирнэ. Харчихаад өө ийм  хүү байсан юм уу гэнэ. Тэгэхээр таны  зөв байх л даа. Нөгөө талаар төрийн албаныхан гэхээр настай  хүн байх ёстой гэж бодох хүмүүс ч их байдаг нь анзаарагддаг. Төрийн алба гэдэг өндөр хариуцлагатай, ёс суртахууны өндөр мэдрэмж шаарддаг ажил. Дээр нь туршлага гэж чухал юм бий. Миний хувьд Газрын албыг анх байгуулагдахад орж,   анхан шатнаас нь ажилласан учраас туршлага, нас ч гологдоод, залуудаад байхгүй гэж боддог шүү.

- Газрын алба 1995 онд байгуулагдсан гэж бодохоор бас ч гэж залуу байгууллага юм байна. Өнгөрсөн хугацаанд их ч зүйл өрнөж, өөрчлөгдсөн байх. Харин таны хувьд хэр өөрчлөгдсөн бол? 

- Газрын тухай хууль 1995 онд батлагдан  хэрэгжиж эхэлсэн. Тэр үед иргэд газрын үнэ цэнийг ойлгодоггүй байсан үе. Ямартаа л газрынхаа мөнгийг төлж, газрын эрхээ баталгаажуулаач гэхээр ийм их мөнгө төлж чадахгүй, газрын хэмжээгээ хасуулна гэдэг байхав дээ. Харин  2000 оны эхэн үеэс  хүмүүс  газрын үнэ цэнийг ойлгож, Нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихсэж бүтээн байгуулалтын ажил эхэлж байсантай холбоотойгоор газрын эрэлт хэрэгцээ ихэссэн.

Анх 600,000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн хотын  хүн ам 1 сая гаруй болчихлоор   газрын эрэлт хэрэгцээ нэмэгдэн тэр хэрээр бидний  ачаалал ажлын цагт битгий хэл хоногийн 24 цагт хийгээд барахааргүйгээр нэмэгдэж байсан үе бий. Үүнийг дагаад элдэв хэл ам, гомдол  их гарна. Энэ дунд хүн хүнээрээ байж, аливаа зүйлийн мөн чанарыг ойлгож, хуулийн хүрээнд, хүн чанараа алдахгүй ёс суртахуунтай ажиллахыг шаарддаг өвөрмөц алба бол манай алба. Миний хувьд мэргэжилтэн байхдаа, дарга болоод ч Сандуй хэвээрээ үлдсэндээ бардам байдаг юм.

-Нийслэл гэдэг манайдаа л том айл. Улсын нийслэл, метрополис гэдэг утгаараа газар нь ч үнэ цэнэтэй, олдоц муутай. Хэл ам ч их дагадаг. Нийслэлийн газар зохион байгуулалт буруу, дээр нь иргэний журмаар авахад хэцүү бэрх, зөвхөн эрх мэдэлтнүүд сайн газрыг өөрийнх болгодог гэдэг шүүмжлэл ч таны хэлдэгчлэн их. Та ямар хариулт өгөх вэ?

- Газар бол хязгаарагдмал нөөц. Нэг олгосон бол ургахгүй, сунахгүй, улам багасна. Үүний нөгөө талд хязгааргүй өсөн нэмэгдэх эрэлт бий. Энэ хоёрыг  хуулийн хүрээнд шийдэх нь манай албаны гол үүрэг. Үүргээ хэрхэн биелүүлэх нь тухайн ажлыг хашиж байгаа хүний ур чадвараас хамаарах асуудал. Нэг удаа газар авлаа, ханахгүй, дахиад авахыг хүснэ. Арван хүн газар авъя гэхэд нэг нь л авна. Чухам ийм учраас таны яриад байгаа элдэв ярианууд гардаг. Энэ бол нуух аргагүй үнэн. Авч чадаагүй нэг нь авсан нэгнээс авлига өгөөд авчихлаа гэдэг ч юм уу. Энэ мэтээр хэл ам тасрахгүй л дээ. Гэхдээ бид  хэл амнаас айхгүй, ажлаа хийнэ. Бүх зүйл хуулийн хүрээнд. Тийм ч учраас элдэв хэл аманд би эмзэглэдэггүй.

-Та зовлонгоо ярьж байна л даа. Арван хүн хүсэлт гаргалаа гэхэд нэг нь авна гэж. Тэр арвын нэгд нь өгөхөд чухам тэр хүнийг гэж сонгохдоо баримтлах хамгийн зөв зарчим юу бол? 

-  Юуны түрүүн хуулиа дагана. Үүний дараа  итгэл үнэмшлээ дагана. Жишээ нь хуулийн нөхцлөө хангачихсан хоёр хүн адилхан зовлонгоо яриад, маргаад ороод ирлээ гэхэд тэр хоёрын яриаг сонсоод төрсөн анхны сэтгэгдлээ дагах нь хамгийн  зөв шийдвэр байдаг.  Ер нь зөвхөн ажил алба гэлтгүй амьдрал дээр ч хүн түрүүлж төрсөн сэтгэгдэл, дотоод хүнээ маш сайн сонсож байх ёстой гэж би боддог.

-  Энэ албыг авсанаас хойш залуу хүний хувьд ямар шинэчлэл, хувьсал хийсэн бэ?

- Би даргын алба аваад 4 жил болох гэж байна. Энэ хугацаанд хийсэн 3,5 жилийн ажлаа тайлагнаж хоёр ном гаргасан. Нэг нь мэргэжлийн буюу газрын харилцааны талаар хийсэн ажил, нөгөө нь захиргаа,менежмент, хүний нөөцийн тал дээр хийсэн ажлын тайлан. Хийсэн ажилтай болохоор бичих юмтай байдаг юм билээ. Энэ тухай ярьвал нэлээн цаг шаардлагатай учраас товчилсон нь дээр болов уу. Ер нь аливаа улсын хөгжил сайн засаглал, сайн газрын харилцаан дээр тогтдог гэж болно.

Манай алба анх намайг ажил авахад нийслэлийн хэмжээнд амжилтаараа “хангалттай” гэсэн үнэлгээтэйгээр зургаад жагсдаг байсан бол сүүлийн 2 жил дараалан “бүрэн хангалттай” гэсэн үнэлгээгээр 1-р байранд орлоо. Бас олон улсын хэмжээний шагнал авсанаа хэлэхгүй өнгөрч болохгүй. Саяхан Швейцарийн Женев хот  яваад шагналаа аваад ирлээ. “Дэлхийн чанарын эрин” гэсэн шагнал авлаа. Энэ шагнал нь төгс байдал, шинэчлэлт, технологи, манлайлал, менежмент, чанар гэсэн үндсэн 7 шалгуураар олон улсын хэмжээнд судалгаа явуулж шилдгүүдийг шалгаруулдаг юм байна. Манай газрын албыг бүс нутагтаа эрс шинэчлэл хийж, эдийн засгийн хувь нэмэр оруулсан гэсэн үндэслэлээр шалгаруулсан гэж онцолж байсан. Нэг талаар шагнал нөгөө талаар үүрэг хариуцлага, амлалт аваад ирсэн дээ. Ямар ч байсан манай хамт олон сайн ажилласан гэж эргэлзээгүй хэлж чадна. Дашрамд нь хамт олондоо гүн талархалаа илэрхийлье.

-  Сайхан мэдээ байна. Баяр хүргэе. Нэг зүйл зориуд тодруулахад төр иргэндээ газраа зардаг /үнээр өгнө/ болно гэж яригдаад байгаа. Ер нь газар өмчлөлтэй холбоотой хууль тогтоомж, өнөөгийн байдал, иргэд хэрхэн яаж хаана газар өмчилж авах боломж байгаа талаар үнэн бодитой, сүүлийн үеийн мэдээллийг уншигчиддаа өгөөч?

- Монгол улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Өмнө нь өрх бүр гэж байсныг сүүлд иргэн бүр гэж шинэчилж өөрчилсөн. Нийслэлд төрсөн бол Монгол улсын хаана ч газар авч болно. Дархан, Эрдэнэтийн харьяа бол Улаанбаатараас бусад бүх газар нутагт газар өмчлөх эрхтэй. Харин аль нэг аймгийн харьяалалтай бол Улаанбаатар, Дархан,Эрдэнэтээс бусад газар нутагт газар авах эрхтэй. Иргэн бүр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,07 га газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй.

Үүнээс хойш худалдан авч болно.  Ой, тусгай хамгаалалттай бүс, бэлчээр зэргээ хасахаар нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 10 орчим хувь нь суурьшлын бүс гэгддэг. Сүүлийн 10 гаруй жилийн дотор нийслэлийн хүн ам 1 дахин өссөн гээд бодохоор газрын ч, дэд бүтцийн ч нөөц дууссан гэсэн үг л дээ. Дээр нь манайхны нэг сул тал нь Сүхбаатарын талбайгаа тойрч шавах их дуртай. Зах руугаа дэд бүтэцгүй учраас арга ч үгүй байх. Үүнийг л маш зөв менежмэнтээр төрийн бодлогын хэмжээнд зохицуулж, төвлөрлийг сааруулах хэрэгтэй байна.

- Тэгэхийн тулд яах ёстой гэж?

-  Улаанбаатар хотыг тойрсон жижиг суурингуудыг бий болгож, хөгжүүлж, хот хөдөөгийн ялгааг багасгах хэрэгтэй. Жишээ татъя л даа. Сэнтрал тауэрын таваг хоол, энүүхэн Дэнжийн 1000-д идэж байгаа хоол хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Тэгвэл Сэнтрал тауэрт ч тэр, Дэнжийн мянга, Баянхошуунд ч тэр адилхан чанартай, ойролцоо үнэтэй хоол идэх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэнд адилхан кино театр, залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрөөх газрууд байх ёстой. Тэгвэл заавал хотын төв рүү шаваад байхгүй,  зохиомол түгжрэл, төвлөрөл саарах боломжтой. Үүнийг л шинэ төлөвлөлтөөрөө шийдэж өгөх хэрэгтэй байгаа юм. 

- Ингэхэд хоёулаа баахан ажил хэрэг, газар шороо ярьчихлаа. Байнга л газар шорооны асуудал дунд байсаар таны залуу хүсэл сонирхол тань заримдаа залхаж, уйддаг л байлгүй. Таньтай илүү ойр дотно танилцъя?

- Би Улаанбаатарын унаган хүүхэд. Дөчдүгээр цэцэрлэгт хүмүүжиж, 1-р сургуульд элсэж ороод 31-р дунд сургуулийг төгссөн. Москвад дээд боловсрол эзэмшсэн. Тэнд эхнэртэйгээ танилцаж гэр бүл болж байсан. Тэр цагаас хойш 20 жил өнгөрчихөж. Бид хоёр 4 хүүхэдтэй. Хоёр хүү, хоёр охин.

-Та чинь ингэхэд хэдэн настай юм бэ?

- 42-той.

- Хүний амьдралын хэв маяг,спортын тухай...

- Хүн  зөв амьдрах ёстой. Зөв сэтгэлтэй байх ёстой. Өөрийгөө хайрладаг байх ёстой. Тэгвэл гэр бүлээ, бусдыг ч бас хайрлаж чадна гэсэн үг. Инээж элгээ баярлуулах дуртай.  Өглөө бүр  цайныхаа дээжийг уул усандаа өргөдөг. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас уул ус, газар шороогоо хайрлаж, шүтэж явбал эргэж хардаг гэдэгт итгэдэг. Амьдралын зөв хэв маяг тогтооход фитнесээр хичээллэх чухал гэдгийг сүүлийн хэдэн  жил энэ төрлөөр оролдсон маань илүү ойлгуулсан.Тиймээс ч би ойр орчныхон найз нөхдөө энэ чиглэл рүү байнга л уруу татаж байдаг

-  Аав ээж, гэр бүлийн хүмүүжил гэж нэг чухал зүйл байнаа. Та ч сая яриан дундаа дурдаад авсан. Ер нь хүний удам судар, угсаа гарлыг ихэд дээдэлдэг байсан өвөг дээдсийн маань  ухаан гүн утгатай юм шиг санагддаг. Таны аав бас хотын захиргаанд ажиллаж байсан гэж дуулсан?

-Аав, ээж хоёулаа хотын захиргаанд ажиллаж байсан. Ж.Цэндсүрэн гэвэл хотын захиргааныхан андахгүй. Хотын даргын орлогч, Сонгинохайрхан дүүргийн анхны Засаг даргаар ажиллаж байсан. Анх 3,4-р хорооллын барилгууд ашиглалтанд орж байхад зохион байгуулалтын гол ажлыг үүрч  байсан хүн. Цаашаа яриад байвал  хотын ахуйн үйлчилгээний анхны дарга, ”Урт цагаан”-ыг анх байгуулж байсан гээд намтар түүх арвинтай. Одоо дал хүрсэн ч ажлаа хийсээр явна. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч албатай. Ээж маань насаараа Хотын захиргааны Статистикийн товчоонд мэргэжилтэн хийсэн.  Дөрвөн хүүхэд гаргасан учраас эрт тэтгэвэртээ суусан. Тэтгэвэртээ гарчихаад зүгээр суухгүй нарийн боовны цех байгуулж, ажиллуулж байсан. Оюутны амралтаараа  ээжийнхээ бизнест тусалж байлаа. Ийм л ажил хэрэгч, зүгээр сууж чаддаггүй, бидэндээ бол бурхан сайхан хоёр буурал бий. Өвөг дээдэс гэвэл номтой лам хүмүүс байсан. Өвөө маань хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж явсан түүхтэй.

- Сургуулиа дүүргээд гэснээс та ямар мэргэжлээр дүүргэсэн юм бэ? Хоёулаа үндсэн сэдвээсээ бүр халиад явчихаж...

-Москвагийн Эдийн засаг, статискийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн л дээ. Сайрхаад ярьчихад манай сургуулийг хууччуулаас П.Жасрай гуай, Д.Бямбасүрэн гуай, Их хурлын гишүүдээс Баярсайхан, “Фортуна” Н.Батбаяр, бизнесмэнүүдээс Монголбанкинд ажиллаж байсан З.Үнэнбат, “Жаст”-ын Батхүү зэрэг хүмүүс суралцаж төгссөн.

-Оюутан он жилүүд танд юу өгсөн бэ?

-Их зүйл өгсөн дөө. Ялангуяа хоёр нийгмийн зааг дээр суралцаж байсан оюутнууд ганзагын наймаанаас авахуулаад эхнэр хүүхэд, амьдрах ухаан бүх зүйлээ оюутны ширээнээс авсан юм шиг санагддаг. Бид нар хойно сурч байсан сүүлийн оюутнууд болж байлаа.ЗХУ задарч, хоёр нийгэм солигдож байсан тэр үед олон ч оюутнууд сургуулиа хаясан. Би ч сургуулиа хаяад наймаа хийнэ гэсэн чинь аав зөвшөөрөөгүй. Монголоос эхнэр бид хоёр сургуульдаа үлдэж байсан. Тэгээд амьдрахын тулд наймаа хийж гарсан даа. Хэл устай дээр нь тэндээ бүртгэлтэй болохоор давуу тал ихтэй. Хийгээгүй наймаа, эрхлээгүй бизнес гэж байхгүй дээ. 

- Тэгээд яаж яваад төрийн албанд урвачихсан хэрэг вэ?

-  Аавын нөлөө гэж болно шүү ер нь. Аав ятгаагүй бол би өдийд бизнесмэн болчихсон явах байсан биз. Сургуулиа төгсчихөөд 1995 онд доктор хамгаалах гээд сэдэв авахаар Монголд ирсэн юм. Аав “Миний хүү нам, улс төр гэхгүй төрийн албанд л ор” гэлээ. Бодвол эцэг хүнийхээ хувьд үе уламжлуулаад төрийн албан хаагч болгочихъё гэсэн бодол байсан биз. Тэгээд л нэг өдөр дуудаад Газрын албанд оруулчихсан. Газрын алба байгуулагдахад орсон анхны хорин хэдэн хүний нэг л дээ.

-Та хэрвээ төрийн алба хашихгүйгээр бизнес эрхэлсэн бол өдийд хаахна явах байсан бол?

- Том компанийн захирал болчихсон яваа /инээв/. Монголын том 10 компанийн нэг болчихсон явна шүү. Онгирч байгаа юм биш шүү. Наймаа хийж байхдаа өөрийгөө бизнесийн авьяастай гэдгээ мэдэрч байсан. 

- Та хувь заяанд итгэдэг үү?

- Итгэдэг. Тохиолдлын юм гэж байдаггүй. Бүгд учир шалтгаантай, зураг төөргөөрөө явдаг. Тэр төөргийг зөв залж явах нь харин хувь хүнээс шалтгаалах асуудал байх. Өчигдөрхөн нэг ном уншихад хэрвээ хүн зөв бодолтой, зөв явбал дэлхий хүртэл тэнхлэгээ өөрчилж, сайн сайхан явах замыг нь урд нь нээж өгдөг гэж бичсэн байсан. Үнэн шүү. Зөв бодол, харамгүй хайрын сэтгэл сайн сайхан хувь тавилангийн эхлэл болж өгдөг гэж итгэдэг шүү. Өвөө маань лам байсан болоод ч тэр үү би их шүтлэгтэй. Гэхдээ мухар сүсэгтэй хольж болохгүй л дээ. Бурхан гэдэг нь хүн өөрөө гэж боддог.

- Гэргийгээ танилцуулах уу?

-Эхнэрийг маань Б.Амарзаяа гэдэг. Баянхонгор аймгийн уугуул. Сургуулиа төгсөж ирээд нэг жил бас төрийн алба хашсан. Дараа нь “Голомт” банкинд нэлээн хэдэн жил ажиллаж байгаад одоо гэртээ хүүхдүүдээ харж байна. Хажуугаар нь хувийн жижиг бизнестэй. Дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг ямар ч ажил хийхээс бэрх хүнд хөдөлмөр. Сая алдарт эхийн одонгоо авсан. Тэгэхээр би бас алдарт эцэг болж байгаа юм биз дээ /инээв/. Би хэрвээ сайн сайхан явж байгаа бол тал хувь нь эхнэрт маань хаяглагдах учиртай. Ар гэр амгалан, халуун дулаан байна гэдэг их том зүйл.

- Хайр дурлал, гэр бүлийг та ямраар тодорхойлох вэ? Хувь хүнийхээ хувьд түүнд хандах нэг хандлага, баримталдаг зарчим гэж байна биз?

- Эхнэр маань миний анхны хайр. Танилцаад л суусан. Дөрвөн хөөрхөн хүүхэдтэй болсон. Хайрыг их л нандин мэдрэмж, дотроос, гүнээс гардаг сэтгэл догдол гэх юм уу даа. Ажил мөнгө бол хүний түр зуурын хэрэгцээ. Харин гэр бүл бол хамгийн чухал, хамгийн том утга учир. Гэр бүл бат бөх байх ёстой, үр хүүхдүүдээ зөв, сайн хүн болгох ёстой. Үүний төлөө л амьдарч байна.

-  Та мөнгөнд яаж ханддаг вэ? Мөнгө таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-  Мөнгө яах аргагүй амьдралын олон асуудлыг шийддэг чухал хэрэгсэл. Гэхдээ  маш ухаалаг хандах хэрэгтэй. Мөнгийг олохоос үрэх нь илүү хэцүү гэж үнэнийн ортой.. Би хувьдаа үрэлгэн занг ойшоодоггүй. Гэхдээ харамч, нарийн гэсэн үг биш л дээ. Оюутан байхдаа наймаа хийж байсан хүмүүс мөнгөөр нэг их дутагдаж гачигдаад байдаггүй. Тэр хэрээрээ бас зөв зарцуулах илүү чадвартай байдаг байсан. 

-   Хүн бүрт амжилтын нууц жор, амжилт өөд дуудсан далдын нэг хүч байдаг.

-   Шуудхан чин сэтгэл гэж хэлнэ. Ямарваа зүйл чин сэтгэлээсээ хандах нь эргээд заавал үр шимээ өгдөг. Гэр бүлдээ, ажилдаа, бусдад өчүүхэн зүйл гэлтгүй сэтгэлээсээ хандах. Хүнд айхтар тусалж чадахгүй ч сайхан чин сэтгэлийн зөвлөгөө өгөх, шаналж яваа нэгнийг инээлгэх, урам өгөх бүгд буяны зам мөртэй байдаг юм болов уу. Би тэгж анзаардаг.

- Ажиглаж байхад нэг ангид тохой нийлүүлэн суусан хүүхдүүд цаашилбал нэг эцэг эхээс төрж, нэг дээвэр дор өсөж бойжсон хүмүүс хүртэл боловсрол мэдлэг, түүнийг дагасан амжилт, албан тушаал, амьдралын хувь заяа нь хүртэл огт өөр байдаг нь заримдаа миний сонирхлыг татдаг юм л даа. Үүний шалтгаан нь юунд байдаг юм бол? Та юу гэж бодож байна?

- Хүн төрлийг олж төрнө гэдэг бол зүүний үзүүр дээр шар будаа тогтоохтой адил Хүн гэдэг өөрөө үнэт зүйл. Яахын аргагүй нийгмийг бүрдүүлж байгаа хүчин зүйл юм. Хүн бүгдэд өөрийн гэсэн хувь заяа байдаг.Түүнийгээ хэрхэн авч явах нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.Тийм болохоор амьдралын хувь заяа өөр өөр байдаг байх.

 Ажил амьдралын гараагаа төрийн албанаас эхлүүлсэн таны хувьд энэ тогоонд ёстой ялз чанагдсан бүтээгдэхүүн гэхээр юм. Хэзээ нэгэн цагт улс төрд хөл тавих уу?

- Төрийн төлөө оготно боож үхэх хэрэггүй гэдэг билүү. Би хувьдаа энэ үгийг эсэргүүцдэг . Яагаад гэвэл бид цөөхүүлээ. Бид амар амгалан амьдрах ёстой. Эрхтэй. Үүнийхээ төлөө хүн бүр дор бүрнээ хичээх ёстой. Миний хувьд төрийн албанд 16 жил ажиллачихлаа. Нэг ёсондоо төрийн албанд мэргэшлээ. Тиймээс таны асуултанд хариулахад улс төрд лавхан орох бодол бий. Харин цаг хугацаа хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна.  

-Үнэхээр тань шиг зөв бодолтой, мэргэшсэн боловсон хүчин улс төрд хэрэгтэй байгаа. Танд амжилт хүсье.

-   Баярлалаа.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл 19-р дугаар

Ярилцсан М.Уранчимэг

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (8)
  • 11-13 19:36
    Retweet (8)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-18 19:16
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-18 18:36
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-18 18:40
    Retweet (0)
  • 11-18 18:38
    Retweet (0)