Хэн, хаана, юу босгов?
2014 оны 6 сарын 30

Танил тал хийгээд бэл бэнчингүй нэгэнд нь хотын А зэрэглэлд байтугай захад ч хашаа хатгах газар олдохгүй байгаа нь нууц биш. Тэгвэл өдөр өдрөөр хүн амын тоо нь нэмэгдэж байгаа нийслэл хотын А зэрэглэл болоод дархан цаазат бүсэд барилга сүндэрлүүлж буй эрхтэн дархтаны зарим барилгыг та бүхэнд танилцуулж байна. 
 

Хакухо аварга барилгын бизнест хөл тавилаа 

Арлын оронд алдар нэрээ мандуулж, амжилтаараа эх орныхоо нэрийг дуурсгаж, Монгол Япон хоёр улсад  дархлагдсан эрхэм бол Хакухо М.Даваажаргал. Сумогийн нэрээр цагаан будааны шинэ сорт тариалж элэг нэгтнүүддээ зориулан хямдхаан зарна гэж байсан ч түүний энэ бизнес сүртэй эхлээд  тааруухан өндөрлөсөн билээ. Тэгвэл Их наран улсын тэргүүн баяныд хүргэн орсон аварга маань энэ удаад барилгын салбарт ханцуй шамалжээ. Японд газар хөдлөлтөөс үүдсэн Цунамид хамгийн их өртсөн мужуудад томоохон барилгын ажил өрнүүлэхээр төлөвлөж, бүр Иваки мужид сумогийн ордон барихаар ярьж байсан тэрээр эх орондоо нэгэн барилга эхлүүлж 66 айлыг орон суужуулахаар зорьсон нь циркийн хажууханд байрлах энэ барилга хэмээн учир мэдэх хүмүүс ярьсаар удаж байна. Энэ талаар тодруулахаар биднийг очиход барилгын ажил явагдаж байгаа ч мэдээлэл өгөх хүн байсангүй. Харин барилгын захиалагч нь “Моншике” ХХК бол гүйцэтгэгчээр нь “Экологи бьюлдинг констракшн” ХХК ажиллаж байгаа аж. Юутай ч олны дунд түгсэн дээрх яриа үнэн бол Хакухо М.Даваажаргал Япон нэрээр нэрлэгдсэн “Моншике” гэх компанитай бололтой. Нэмж дуулгахад 15 давхар энэхүү орон сууц ирэх оны 7-р сард ашиглалтанд орох бөгөөд метр квадрат нь 3000 доллараар үнэлэгджээ. 

 

Өндөр хүчдэлийн дор сүндэрлэх 
Өндөр төлбөртэй сургууль

Жилийн төлбөр нь 15 саяар яригдаж, хувийн хэвшлийн сургуулиудаас харьцангуй өндөр төлбөртэйд тооцогддог “Орчлон” сургууль хоёрдугаар байраа сүндэрлүүлж, баячуудын хүүхдүүдийг хүлээж авахаар барилгаа эхэлсэн гэх мэдээлэл манайд ирсэн юм. Хамгийн гайхалтай нь уг сургууль “Japan town”-ы ард байрлах өндөр хүчдэлийн шугаман  дор баригдаж байгаа нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Уг нь өндөр хүчдэлийн шугаман дор сургууль барих байтугай ойр орчимд нь хүн амьтан амьдрахыг хориглодог нь хавдар үүсгэх зэрэг эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэлтэй холбоотой. Ямартаа ч бид дээрх мэдээллийн дагуу тус газрыг зориход Японы хөрөнгө оруулалттай “Сурагу Монгол” хэмээх байгууллагын гурван барилга “Japan town”-ын чанх ард болоод замын эсрэг талд зэрэгцэн баригдаж байлаа. Уг гурван барилгын нэг нь болох “Japan town”-аас зүүн зүгт орших “International School of Ulaanbaatar” сургуулийн ард өндөр хүчдэлийн дор барилгын ажил эхэлсэн нь “Орчлон” сургуулийн хоёрдугаар байр гэх. Харин нөгөө хоёр барилга нь зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилга аж. 

 

Барилгын босоо баатар 
Хэвлэл мэдээллийн салбараас мэндэлсэн энэ цагийн эрхэм баячуудын нэг бол Р.Хадбаатар. Монголын сонинуудын холбооны тэргүүнээр удаа дараа улиран ажиллаж буй тэрээр уг нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг марктингийн менежирээр төгссөн гэдэг. Гэхдээ эр хүний цог золбоо, авхаалж самбаа басхүү бизнесийн ухаан гарган энэ хүртэл гарч ирсэн ноён Р.Хадбаатар хэвлэл мэдээллийн салбараасаа хальж улс төрийн ертөнцөд уухай хашгиран орж, сонгуульд тоосоо өргөж явсан удаатай. Гэвч өнгөрсөн сонгуулиар Хөвсгөл аймагт нэр дэвшиж өвдөг шороодсон Р.Хадбаатар хаа очиж барилгын салбарт босоо нэгэн бололтой. Нийслэл хотын  төв зүрхэнд сүндэрлэх “City center”-ыг энэ эрхэм захилан бариулсан бол энэ удаад “City center”-тэйгээ хаяа дэрлүүлэн бас нэгэн барилгын ажил эхлүүлээд байгаа нь СТӨ болон Монголын уран зургийн галерейн дунд орших энэ хэсэг юм. Энэ нь зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилга бололтой юм. 

 

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг “Бодь”, “Петровис”, “MCS”-т цохигдсон уу? 
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг. Ийм нэг сүрлэг нэртэй шар байшин Саарал ордны баруун талд байсныг нурааж буурин дээр нь шинэ барилга барьж буй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн үед төсөвт тусгагдаж, барилгын ажил нь эхлээд одоо гүйцэтгэл явагдаж байгаа Харин одоогийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин уг эмнэлэгийг Батлан хамгаалах яамны харьяа цэргийн госпитальтай нэгтгэж, баригдаж байгаа хоёр барилгыг Дээд шүүх, шинээр байгуулагдах Мөрдөх албаны байр болгоно хэмээснээс эмнэлгийн удирдлага, эмч ажилчид болоод салбарын сайд, УИХ-ын гишүүдийн хооронд “хэрүүлийн алим” шидэлцэх шалтгаан болж нэг хэсэг нэлээн газар авсан ч ойрын үед намжмал байгаа билээ. Тэгвэл бидэнд ирсэн мэдээллээр бол “Бодь”, “Петровис”, “MCS” гурав хамтран Зайсанд дэлхийн стандарт хангасан эрүүл мэндийн том төв барихаар төлөвлөж байгаа бөгөөд эл төсөлд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нам цохиулсан юм байх. Тодруулбал, уг нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг одоохондоо манайдаа л байхгүй орчин нөхцөл тансаг, эмчилгээ үйлчилгээ дээд зэргийн, аппарат техник хамгийн сүүл үеийнх байхаар төсөвлөгдсөн юм байх. Жишээ нь “MRI” аппарат нь гэхэд юун “Сонгдо” Монголдоо л байхгүй өндөр хүчин чадалтай гэнэ. Ийм төсөл гэнэтийн сонин хачин зүйлсээс хэрүүл маргаан үүсгэж эцэстээ зогсонги байдалд ороод буй нь дээрх гурван групп хамтын хүчээр эрх мэдэлтнүүдэд шахалт үзүүлж, лобби хийж байгаагийнх гэх. Үнэн бол таагүй л юм. Хэн хэн нь боловсрол, соёлын салбарт бизнестэй нэг нь эмнэлэгийн салбарт бизнестэй Монголын гурван том групп ийм явцуу эрх ашгийнхаа улмаас төрийн албан хаагчдын эмнэлэг ашиглалтанд ороход нөлөөлж буй нь үнэн бол ёстой хэлэх ч үг алга. 

 

“Хамар” Т.Ганболдын ээлжит зочид буудал 
Монголд сүлжээ бизнес цэцэглэн хөгжиж эхлээд буй. Хоолны сүлжээ бизнест гэхэд “Bluemoon”, “Nomads” хоёр ноёрхож буй. Харин зочид буудлын сүлжээ бизнест гаршиж, сэтгэл шулуудсан нь “тэнхим”-ийн гэх тодотголтой УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болоод түүний дүү Т.Ганболд нар. “Хамар” Т.Ганболд нэрээр олонд танигдсан энэ залуу эр ах С.Дэмбэрэлийнхээ хаялгаар алтны орд ч эзэмшиж бас “аавынд” ч морилоод авсан. “Алтан дорнод Монгол”-ыг адарт Паушокоос 300 сая ам.доллараар худалдаж авлаа хэмээх дуулиан тарьж, болоогүй өнгөрсөн хавар Төрийн өмчит үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа улсын хөрөнгө шамшигдуулсан хэргээр хоригдон шалгагдаж явсан тэрээр энэ удаад МҮХАҮТ-тай хаяа дэрлүүлэн ээлжит зочид буудлаа барьж эхлээд байна. Анхлан “Баянгол-ын ард тэнгэрт хадсан үнэтэй “Corporate-1” зочид буудлаа ашиглалтанд оруулж байхад ашигтай байж чадах уу гэх асуултын тэмдэг олон хүнд төрүүлж байсан бол цаг хугацаа ашигтайгаар барахгүй ашигтайг нотолж удаах зочид буудлаа Нүхтэд барьсан билээ. Удаах нь үүд хаалгаа нээхэд бэлэн болсныг та бүхэн харж байна. 

 

4 давхар хауз, филиппин үйлчлэгчээр жишиг тогтоогч С.Ганбат гэж хэн бэ?
Эрт дээр үеэс элдэв сүнс, сүгтэй хэмээгдэж, лус савдагийг нь номхотгох үүднээс лам хар болж эцэс сүүлдээ сэтэрлэж дархалсан гэгддэг Зайсан дархан цаазтай бүс нутгийн хүрээнд хамрагддаг. Ойрын жилүүдэд агаар усны цэвэр цэнгэгийг эрхэмлэж Зайсан тийш зүглэх баячуудын тоо ихэсч, энэ бүс нутаг нэг ёсондоо хөрөнгөтнүүдийн нэрийн хуудас аятай болоод байгаа билээ. Гэтэл бас сүүлийн үед усны асуудал хийгээд буг чөтгөрөөс үүдэлтэй Зайсангийн суугчид дүрвэх болсон гэх яриа ч бий. Ямартай ч ийм их ярианы эцэст Зайсангийн хормойг ухаж, нүсэр барилгын ажил эхлээд чамгүй удаж байгаа. “Зайсан соёл амралтын цогцолбор” хэмээх томоос том хаяг тавьсан уг барилга 7-н давхар байх бөгөөд захиалагч нь “Софт трейд” ХХК бол гүйцэтгэгч нь “Зун шин” хэмээх Хятадын компани.

Захиалагч тал болох “Софт трейд” компанийн  эзэн нь “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаярын дүү С.Ганбат хэмээх нууц ноёнтон. Хотын А зэрэглэлийн бүсэд хаа сайгүй обьекттой ах дүүс энэ удаад Зайсанг зайдлахаар зориг шулуудсан нь тун ч том ар талтайнх биз ээ. Ах дүү “Оюун ундраа”-гийн С.Отгонбаяр, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн нөхөр С.Амарсайхан хоёрын арын албыг бат найдвартай авч ирсэн С.Ганбат ноёнтны тухайд хөшигний ард амьдардаг манай нууцлаг баячуудын нэг бөгөөд хэзээнээсээ 4 давхар хауз, филиппин гэрийн үйлчлэгчээрээ дээдсийн хүрээнд жишиг тогтоосон нэгэн гэдэг. Ийн “Оюуны Ундраа”-гийн ахан дүүс онгон дагшин байгаль дэлхийгээ ухаж сэндийчиж байгаагийн нэг илрэл болж ийн соёл амралтын цогцолбор хэмээх нэрээр халхавч хийн үйлчилгээ, оффисийн зориулалттай барилга барьж байна. Ганц эднийх гэлтгүй Зайсангийн уулыг тойруулан барилгын ажил олноор эхэлж эхнээсээ сүндэрлэж буйг холбогдох хүмүүст уламжлах нь зүй болов уу. 

Бэлтгэсэн Р.ЭРДЭНЭБОЛД

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (24)
  • Retweet (9)
  • 11-13 19:36
    Retweet (8)
  • Retweet (3)
  • 11-18 19:16
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-18 19:33
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)