Сул унгас: Гурван туйл
2014 оны 5 сарын 6

Ер нь яадаг юм, би кино үзэх үнэхээр дуртай, хаа ч хэлнэ.

“Тэнгис” кино театр нээгдсэн тэр мөчөөс хойш гарсан бүх киног нь алгасалгүй үзсэн хүн байна. Тэр ч бүү хэл нээлтээ ч хийж амжилгүй хугас өдөр гараад хаагдсан “Нянгар хаданд гарсан нь” киног хүртэл тэр үед нь олоод үзчихсэн л юм даа.

Би зөвхөн кино театрт кино үздэггүй. “Анхны хайр”-аас эхлээд өнөөдрийг хүртэл манайд гарсан бүх солонгос сериалыг үзсэн. Ажлаа хийдэггүй “дурак уу” гэж бүү эндүүр. Интернэт гэж нэг сайхан юм байна. Завсар зайгаараа нэтээс үзэхийг хүссэн олон ангит киноныхоо бүх ангийг үзчихдэг юм. /ямар кино яаж олж үзэхийг мэдэхгүй бол асууж болно/.

Хамгийн сүүлд театрт “Үргээлэг” үзсэн, сэтгэгдлээ бичсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол олон нийтийн чөлөөт үзэл бодлын индэр тул би ч харамгүй сэтгэгдлээ бичиж, уншигчид ч харамгүй шүүмж, сайшаал, лайк дайсан тул “Би бас муу ч үгүй мэдрэмжтэй киночин байна” гэсэн үнэлгээг өөртөө өгөв. Хэзээ нэгэн цагт кино бичээд сууна гэж бодоогүй ч дуртай юмаа он удаан жил хийснийх, тэр олон кино үзсэнийх цаадахад чинь бас ч үгүй юм байна шүү.

За ингээд миний өнөөдрийн та бүхэнтэй хуваалцах “архаг киночин”-ы нүдээр харсан уран бүтээл бол “Боловсрол” суваг телевизээр гарч байгаа “Гурван найз” сериал. Чухам яагаад үүнийг бичих болов энэ “киноны цагаан солиот” гэж гайхаж байж магадгүй.

Хэдэн өдрийн өмнө фэйс-т нэг найз маань “Сул унгас. Боловсролын “Гурван найз” киног үзлээ. Үнэхээр сулхан “сул унгас” болжээ” гэж бичсэн байв.

Би яг үнэндээ тэр киног нь үзэж эхлээ ч үгүй байсан хүн ихэд нухацтай үргэлжүүлэн уншив. Тэр нөхөр солонгос гэдэг үгийг “сул унгас” гэж өөрийнхөөрөө нэрлэсэн юмсанж. Яахав, намайг бодвол сериал мэтэд дургүй хэгжүүн нөхөр байж л дээ. Угаас сериалд дургүй хүн бол “Iris”-ийг хүртэл “сул унгас” гээд сууж байх байлгүй.

Сул унгас гэснээс сүүлд гарсан “У Жа Рюн” ёстой сулгүй “унгас” байлаа шүү. Хот даяараа л үзсэн юм биш үү? Хошин шогийн мэдрэмж тун өндөртэй зохиолчийн бүтээл болох нь илт энэхүү драмын нэг хором нь ч уйдах зав өгөхгүй байсан даа. Одоо ч “У Жа Рюн гарахгүй болохоор эл хуль оргиод” гэж ярих хүн таарах нь үнэхээр сайн уран бүтээл болохыг нь илтгэж байна.

За ингээд үнэхээр нэг цаг гарган байж “Гурван найз” киноны ангиудыг шүүж үзлээ. Манайхан олон ангит кино хийж байгаа анхны тохиолдол биш л дээ. “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар”, “Хайрын эрэлд” гэхчлэн олон уран бүтээл бидний хүртээл болсон. Мэдээж бүгдийг нь үзэлгүй л яахав.

Харин “Гурван найз” бол өөр. Солонгос киноноос шууд иш татаж Монголын хөрсөнд буулгаж байгаа талаар мэдээлэл явсан тул би багагүй өндөр хүлээлттэй үзэж суугаа нь энэ. Урд нь бид өөрсдийнхөөрөө монгол ахуйдаа ойр бүтээл хийх гэж зорьсон бол энэ кино цэвэр copy. Аливаа зүйлийг үнэхээр хийж чадахгүй бол маш сайн хуулж сурах хэрэгтэй гэдэг дээ.

За кинонд мэдээж гурван найз гарч байна. Төтө, Тэмка, Анхаа гурав бол гол дүр. Хараад байхад энэ гурав ертөнцийн гурван туйл.

Тэмка шиг ажилсаг чамбай, соёлтой цэмцгэр хариуцлагатай, ер нь Монголд байтугай хорвоод бас л ховор доо гэмээр /Төгөлдөрийн тухайд шүү. Тэмка ямрыг бүү мэд/

Хөөрхий тэр Анхаа ядахад нэр нь хүртэл Цэрэндалай. Сайн бод доо, Цэрэн далай. /Аааая гү  бас л базаахгүй нэр/ Тэрэн шиг архичин, хүүхэмсэг агсам  тавьдаг, дээрээс нь орон гэргүй сагсуу бүтэхгүй нөхөр бас л хорвоод ховор доо. Мэдэхгүй би л лав ойр тойрноосоо тийм хүн хайгаад санаанд орохгүй байна. Цэрэндалай ёстой “гачин нөхөр”.

Төтө хөөрхий минь яасан ч золгүй юм бэ дээ. Арай гэж хүүхэнтэй танилцана, дандаа азгүйтнэ. Азгүй азгүй гэхэд бас арай ч үгүй л дээ. Ядахад эгчийнхээ хаяанд толгой хорогдох юм, ажлаа ч олигтой хийхгүй юм, тэрэнд ер нь мөнгө байхгүй. Товчхондоо тэр ер нь хэзээ ч “борлогдохгүй” ээ.

Нөгөө хорвоогийн бүх зовлонг нэг хүн дээр овоолдог солонгос киноны дээр үеийн стилийг манайхан арай хэтрүүлж хуулав уу? Уг нь солонгос киноны зохиолч бол яаж ч байсан эхний хэдэн анги дээр гол дүрээ доош нь хийхгүй, алгадуулахгүй байх зарчим барьдаг гэдэг.

Гол дүр нь угаасаа өөрийн буруугаасаа л ингэж амьдрах хувьтай золгүй амьтан гээд дүгнэчихвэл үзэгчдийн хандалт шууд буурдаг байна.

Гэтэл манайх яасан..., гол дүрээ “шавар”-т хутгаж орхив.

Төтө угаасаа л ийм юм чинь тэрэнд ямар ч эмэгтэй татагдахгүй нь тодорхой. Анхаа бас сагсуу, архичин тэр ер нь ямар үүрэгтэй дүр юм бүү мэд. Айлд нэг архичин нэг юу юу байдаг гэлээ. Тэрийг харуулах гэсэн юм болов уу? За, ганц гайгүй Төгөлдөр нь уулздаг хүүхэн ч байхгүй гэрээс ч гардаггүй, хоёр найз, эмэгтэй дүүгээ авгай шиг яншиж суудаг үглээ нөхөр.

Тэгээд л цаашаа үзэх сонирхол буурчих шинжтэй. Яахав хөнгөн хачир маягийн инээд хүргэх тоглолт байна. Инээхэд хүртэл учир бий. Үзэгчдийг ер нь юу инээлгэдэг юм? Амьдралд ойр, үнэхээр байж болох юм шүү гэж бодогдохуйц амьдралаас урган гарсан тэр зүйл.

“Онигор нүд ашигтай” гэж хүн болгон иш татах болж. Шороо орох гэнгүүт тан тан гээд л хаагдчихна. Нээх сүртэй гүн гүнзгий философи, чухам логик сэтгэлгээ шаардахгүй ч энэ хоёрхон өгүүлбэр яагаад инээд хүргээд байна? Амьдралтай болохоор тэр.

Тэгэхээр “Гурван найз” яг бодит амьдралд бидний дунд байхгүй, хэтэрхий хөнгөн хийсвэр болсон бололтой. Уг нь инээдмийн сериал гэдэг утгаараа үзчихмээр л байна. Манайхан сайн кино хийдэг болоход олон алхам, урт хугацаа хэрэгтэй байх л даа. Кино цааш үргэлжилж байна. Юу ч болоо билээ гээд юу ч гэсэн харцгаах уу даа.

Тэр фэйсбүүкийн найз маань яагаад “сул унгас” гэснийг хальт мульт ойлгох шиг боллоо. Хий гаргавал олигтойхон гаргачихгүй, хийвэл олигтойхон юм хийчихгүй “ус”-тай байхаар нь тэгсэн юм болов уу. Юм ер нь гүйцэд, бүрэн дүүрэн байхдаа сайхан шүү.

“Тусгай салаа”-гийн Дэндэвийг харах болгонд инээд, хайр хоёр зэрэг хүрдэг, ард түмэн түүнд хайртай байв. Үнэхээр амьдралд ойр, барин тавим барьцтай тоглолт Дэндэвээс харагддаг.

Мэдээж тийм үгнүүдийг “суулгаж” өгсөн зохиолчийн ур, ухаан бас магтууштай. Инээдийг тийм ч холоос хайх хэрэггүй. Эгэл амьдралд “Монгол инээд” зөндөө бий.

Сул унгас аа гэж ...

У.Цахирмаа 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 05-19 20:42
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 05-19 20:35
    Retweet (2)
  • 05-19 19:51
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:26
    Retweet (0)
  • 05-19 20:19
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:18
    Retweet (0)
  • 05-19 20:15
    Retweet (0)
  • 05-19 20:14
    Retweet (0)
  • 05-19 20:13
    Retweet (0)
  • 05-19 20:12
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:07
    Retweet (0)