Солонго мэт амьдрал
2014 оны 5 сарын 1

Монголын элит гэр бүлийн тоонд зүй ёсоор багтдаг эрхмүүд бол АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай сайхан бүсгүй Л.Цогзолмаа гуайнх. Угтаа бол өрх гэрийнх нь тэргүүн нэрт сэтгүүлч, зохиолч СГЗ Ц.Намсрай агсан. Эднийх АЖ, Төрийн соёрхолт, УДЭТ-ын дэд захирал Н.Сувд, Ц.Балдорж агсаны гэргий “Монголньюс”-ын захирал Н.Шүр, ХБК-ийн сургалт хариуцсан дэд захирал Н.Ганчимэг, найруулагч Н.Энхтүвшин, “Инээмсэглэл”-ээр овоглодог ноён Н.Ганхуяг гээд гарын 5 хуруу мэт өв тэгш сайхан амьдарч яваа хүүхдүүдтэй. Ц.Намсрай агсаны голомт залгах ганц хүү Н.Ганхуяг ноёнтон нийтлэлийн маань гол баатар.

Үзэгчдэд ойр байдаг болоод ч тэр үү ноён Н.Ганхуягийг олонхи нь дуучин, урлагийн хүн мэтээр хүлээж авдаг. Үнэндээ бол МГУ-г Олон улсын харилцаа, дипломатчаар дүүргэсэн өндөр боловсролтой эрхэм. Тиймдээ ч түүний унаган орос хэл түүнээс өөрцгүй эзэмшсэн англи хэлний боловсрол нь олныг бишрүүлдэг. Л.Цогзолмаа гуай уг нь ганц хүүгээ нэртэй дипломатч болно гэж боддог байсан гэдэг. “Хүүгээ дипломатч болж ээжийгээ гадаад дотоодод аялуулна гэж бодсон чинь энэ муу монди банзан гитар нүдээд салах юм биш” хэмээн ярьж байсан удаатай гэнэ. Хар багаасаа урлагийн элитүүд хурж цугласан гэр бүлийнх нь орчин, Монголын анхны Нансалмаануудын нэг ээжийнх нь нөлөө түүнийг дипломат өндөр албанаас илүү урлагт дурлуулсан бололтой тэрээр “Инээмсэглэл”-ийн инээмсэглэдэг жентельмэний төрхөөр ард түмний сэтгэлд дотно танил болж алдаршсан билээ. Түүгээр ч барахгүй хань ижлүүдээ хүртэл нөгөө л хайртай урлагийн тогооноос сонгосоноос нь үзвэл ёстой эд эсээрээ урлагт дурласан эрхэм гэж болохоор.

Түүний анхны гэргий нь “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Д.Оюундэлгэр хэмээх бүсгүй. Дээхэн үед Б.Бадрууган агсантай хамтран “Хослон дуулъя” хэмээх хайрын дууг гайхалтай уянгалаг хоолойгоор дуулдаг байснаар нь андахгүй мэдэх энэ хатагтай “Эмон”-ы Чинбаатар хэмээн олонд танил эрхмийн төрсөн дүү. Нэг хамтлагт дуулж залуу халуун насны хайр сэтгэлээ хуваалцаж явсан Н.Ганхуяг ноёнтон, Д.Оюундэлгэр хатагтай 2 дундаасаа нэг охинтой. Хамтлаг нь уран бүтээл туурвихаа больж Н.Ганхуяг эрхмээс салсан цагаас хойш хэсэг хугацаанд усанд хаясан чулуу мэт алга болж орхисон үзэсгэлэнт дуучин бүсгүй 2 дахь амьдралаа бизнесмэн эрхэмтэй холбож элбэг хангалуун амьдардаг байна. Өдгөө 52 настай хэдий ч өнгөрсөн 6-р сард болсон хамтлагийнхаа 30 жилийн ойн тоглолтонд тайзнаа эргэн гарахдаа тэрээр нөгөө л энхрий ялдам дуу хоолой, нүд унагам гоо үзэсгэлэнгээрээ үзэгчдийг бишрүүлж орхисон. Энэ тухай Үндэсний телевизийн дарга, сэтгүүлч Ц.Оюундарь түүнийг хайрлаж ирсэн олон хүний энерги, сэтгэлийн хүч Д.Оюундэлгэр хэмээх энэ бүсгүйг ийм гоо үзэсгэлэнтэй, сэтгэл татам болгосон биз хэмээн тун онож хэлсэн байсан.

Н.Ганхуяг ноёнтны дараагийн гэргий нь Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа. Тухайн үеийн “Мөнгөн харандаа”, “Хөх тэнгэр” зэрэг хамтлагуудад дуулж урлагийн карьераа эхэлсэн поп хатагтайг ердөө 16-хан настай байхад тэдний хайрын романс эхэлсэн гэдэг. 90-ээд оны эхэн үед нэг хэсэг үзэгчдийн байлдан дагуулсан “Женко” Х.Баттулгын санаачилсан “Саятан” сугалаат нэвтрүүлгийн үеэр Б.Сарантуяа хатагтай шигтгээ сэлтээр чимэглэсэн хар пиджакаар дэгжирхэж, эл гоёлоо хадам ээж нь бэлэглэсэн хэмээн хэвлэлд ярьж байсныг тод санадаг юм. Ер нь Л.Цогзолмаа гуай бэрдээ уран бүтээлийн найрсаг зөвлөгөө өгдөг байсан төдийгүй энэ гэр бүлийн нэр сүр, нөлөө хүрээлэл нь ирээдүйн гавьяат дуучны эхэн үеийн карьерт солонго мэт гэрэл гэгээ болж өгсөнийг дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Романтик болзоогоор эхэлсэн тэдний хамтын амьдрал төд удалгүй хоёр тийш болсон нь хэн хэнийх нь сөргөлдсөн карьераас үүдэлтэй гэж үзэх хүн олон байдаг.

Харин Н.Ганхуяг ноёнтон дараагийн сонголтоо сонгодог урлагийн тогооноос хийсэн нь эцсийн мэргэн сонголт байлаа. Нэгэн үеийн шижигнэсэн балетын бүжигчдийн нэг Ч.Батгэрэл түүнд хүү, охин 2 төрүүлж өгсөн. Анхны охиноо төрүүлэхэд хэвлэлүүд “Дуучин Н.Ганхуягийн амьдралд солонго татлаа” хэмээн шуугиж байв. Солонгоо нь өдгөө дунд сургуульд суралцдаг бөгөөд төгөлдөр хуураар хичээллэдэг нь цусны урлагт хайртай генийн үргэлжлэл гэдгийг нь батлах мэт. Дараагийн хэнз хүү нь аавтайгаа жигтэйхэн адилхан бяцхан амьтан Зайсангийн дээдсийн цэцэрлэгт хүмүүждэг байна.  

Цагтаа дуурийн театрын нүүр царай болж явсан хатагтай Ч.Батгэрэл сонгодог урлагийн хатуу хуулийн дагуу аль хэдийнэ тэтгэвэртээ гарсан бөгөөд хувийн балетын сургууль ажиллуулдаг. Чамгүй олон сонголтын эцэст олж ханилсан ханьдаа ноён Н.Ганхуяг халуун хайр, халамжаа харамгүй зардаг бөгөөд хаа нэг урлаг соёл, дээдсийн арга хэмжээнд хөтлөлцөн ирж олны нүдийг хужирладаг. Нас явах тусам өнгө зүс нэмж, үзэсгэлэн төгөлдөр болсоор буй Ч.Батгэрэл хатагтай ханийн хайр халамжинд бөмбөрдөг хүүхнүүд цаанаа өнгө жавхаатай, гэрэл гэгээтэй байдгийг батлах мэт санагддаг.

Урлагийн элит гэр бүлд төрж өсөн амин сүнснээсээ түүнд дурлаж амьдралынхаа утга учир болгож яваа ноён Н.Ганхуяг урлагийн сор болсон бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлж, өнгө будаг сүлэлдсэн солонго мэт баялаг намтараар амьдралынхаа түүхийг бичиглэж яваа давтагдашгүй нэгэн дүр. Хэрэгт дуртай нэг нь Н.Ганхуяг шиг тийм төлөв төвшин, өндөр боловсролтой хүн ийм олон амьдрал зохиосон гэхэд итгэмгүй юм хэмээн дуу алддаг ч үнэндээ тэр өөрийнхөөрөө, сэтгэлийнхээ дуудлагаар хайрлаж дурлаж, амьдарч яваа эр хүн.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 06-25 13:54
    Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • 06-26 00:00
    Retweet (14)
  • 06-25 14:06
    Retweet (12)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • 06-26 01:23
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)