Д.Оюунтуулыг эгч нь сахиж байна
2014 оны 4 сарын 30

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа жүжигчин Д.Оюунтуул руу буцалсан халуун ус цацсан хэрэг дуулиан тараад байгаа.

Жүжигчин Д.Оюунтуулын бие маш хүнд байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа тул бид эмнэлэгт нь очиж түүнтэй уулзсан юм.

Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргаан дэгдэн жүжигчин Д.Оюунтуул түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэсэн мэдээлэл өчигдөр тархсан. Харин өнөөдөр жүжигчин Ц.Алдармаа “Оюунтуул эхлээд над руу халуун ус цацсан. Би ч гэсэн түлэгдсэн, хохирогч. Би ч гэсэн эмнэлэгт хэвтэж байгаа” гэж ярьсан.

Харин продакшны ахлагч жүжигчин Бооёо “Тэд хувийн асуудлаас болж маргалдсан. Аль аль нь гомдол гаргаагүй, юунаас болж маргасныг би мэдэхгүй” гэсэн мэдэгдэл хийснийг хүмүүс нэг жүжигчин нь гэмтчихээд байхад арай л хөндий, хүйтэн хандаж, өөрийгөө хамгаалж байна гэсэн шүүмжлэл дэгдээгээд байгаа.

Д.Оюунтуулын нурууны хэсэг нь тэр чигтээ түлэгдсэн зураг ч мөн олны өмнө ил болсон. Түүний бие 65 хувийн түлэгдэлтэй гэсэн мэдээлэл гараад байгаа бөгөөд энэ үнэн бол амь насанд нь ч эрсдэл учруулж болохуйц хүнд гэмтэлд тооцогддог гэж мэргэжлийн эмч нар хэлж байна.

Түлэнхийн төв байрлаж байгаа “Мөнгөн гүүр” эмнэлгийн байранд очиход мэдээж биднийг дотогш оруулахгүй байлаа.

Жүжигчин Д.Оюунтуул хэнтэй ч уулзаж, ярилцлага өгөх боломжгүй байгаа гэж тасаг руу нь орохыг тэндхийн эмч, ажилчид хориглож байсан ч ямартаа ч бид өрөөнд нь орж, цөөн үг солилцлоо.

Алаг нүдэн, хөөрхөн жүжигчин бүсгүй үнэхээр бие нь хүнд, шаналалтай байгаа нь андашгүй харагдаж байсан. Зөвхөн нуруу ч биш цээжин бие нь ч түлэгдсэн бололтой, битүү боолттой, хэвтэх ямар ч боломжгүй байгаа бололтой гартаа шингэн залгаастай зогсч байлаа. Түлэгдсэн цагаасаа хойш ингэж аргагүй эрхэнд босоо байгаа бололтой.

Хэдийгээр хэн ч харсан эмзэглэмээр, бие нь ч их хүнд шаналгаатай байгаа нь харагдаж байсан ч бид түүнээс ярилцлага авахыг хичээсэн. Харамсалтай нь, “Таны биеийн байдал ямар байна” гэсэн асуултад  “Үнэхээр мэдээлэл өгөх боломжгүй байна. Би дараа нь албан ёсоор мэдэгдэл хийнэ” гэхээс өөр зүйл хариулсангүй, хариулах ч боломжгүй байлаа.

Зөвхөн энэ хариултыг сонсож амжсаны дараа бид өрөөнөөс нь гарахаас өөр аргагүй болсон. Түүнийг сахиж байгаа, эгч нь бололтой бүсгүй биднийг өрөөнөөс гарах шаардлага тавилаа.

Арга ч үгүй, хэн ч гэсэн ийм байдалд сэтгүүлчдийг хөөхөөс ч яахав.

Гэхдээ бид дахин оролдлого хийж, эгчийг нь гуйж байж цөөн хэдэн асуулт тавьсан юм.

-Оюунтуулын биеийн 65 хувь нь түлэгдсэн гэсэн, үнэн үү. Зарим нь энэ худлаа мэдээлэл гэсэн байсан?

-Үнээн үнэн.

-Нэлээн зовиуртай, хүнд байгаа юм шиг санагдлаа, биеийн байдлыг нь харахад?

-Хэцүү байна. Унтаж чадахгүй байгаа ш дээ. Яаж ч унтаж чадах юм бэ. Ар нуруу, цээж хэсэг нь түлэгдчихсэн юм чинь. Унтаж чадахгүй л байна.

-Эмнэлэг дээр ухаангүй ирсэн гэсэн, үнэн үү?

-Үгүй, үгүй арай ч ухаангүй ирээгүй ээ.

-Алдармаа бас түлэгдсэн гэсэн. Бас эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн, энд ирсэн үү?

-Түлэгдсэн, үгүйг нь та нар Алдармаагаас утасдаад л асуучихгүй юу.

-Алдармаа Оюунтуулыг эргэж тойрч ирсэн үү?

-Үгүй ээ үгүй.

-Утсаар ч юм уу, ярьж уучлалт гуйсан уу?

-Уучлалт гуйгаагүй.

Тэрээр үүнээс өөр хариулт өгөхийг хүссэнгүй. Эмнэлгийнхний зүгээс биднийг гарахыг шаардаж байлаа.

Түлэгдэлт гэдэг маш хүнд зовиуртай, эмчилгээ, арчилгаа шаардлагатай хэцүү гэмтэл байдаг. Жүжигчин бүсгүй ийм зовиур шаналгаатай байхад нь элдвийг асуусандаа хүлцэл өчихийн зэрэгцээ, биеийн байдал ямар байгаа талаар бодит мэдээлэл хүргэхийг л зорьсноо илэрхийлж байна.  

Д.ЦЭГЦ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)