Сурвалжилга: Баянзүрх эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал хоёрхон өдрийн дотор эрс нэмэгдэв
2022 оны 1 сарын 10

-Хүүхдийн тасгаас хийсэн сурвалжилга: Эмнэлгийн орчин, эмч нарын хандлага өөрчлөгдөж. Харин өвчилсөн хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна-

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, тэр дотроо хүүхдийн тасгаас хийсэн сурвалжилгаа хүргэж байна. Бодит нөхцөл байдал маш хүнд байна. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд хэвтэн эмчлүүлэхээр ирж буй хүүхдийн тоо эрс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэслээ. Энгийн өрөөнөөс эрчимт эмчилгээний тасагт шилжих хүүхдийн тоо ч өдөр өдрөөр нэмэгдэж байна. Ердөө амралтын хоёрхон өдөрт л өвчилсөн, хүндэрсэн хүүхдүүд олноор ирж байгаагаас харахад гадуур ханиад томуу ямар хэмжээнд байгаа нь илэрхий. Өнгөрсөн шөнө л гэхэд эл эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүүхдүүд коридор, физик эмчилгээний болон бусад зориулалтын бус өрөөнд байрлаж хонолоо. Өнөөдөр эмчилгээгээ сайн хийлгэсэн, бие  нь дээрдсэн бяцханууд гэртээ харьж, коридор бусад зориулалтын бус өрөөнд байрласан хүүхдүүд  ортой болох байх.

  Ханиад томууны улирал, өдийд нөхцөл байдал ийм л байдаг гэж эмч, сувилагчид хариулж байх юм. Магадгүй асар их ачаалал дунд төвөгшөөх ч эрхгүй ажлаад сурчихсан тэдэнд энэ бол ердийн үзэгдэл байж болох юм. Гэвч эмчлүүлэгч иргэний хувиар мөн хөндлөнгөөс харж байгаа сэтгүүлч надад бол эмнэлгийн эмч, ажилчид үнэхээрийн ачаалалттай ажиллаж байна. 

Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд аливаа өвчлөлөөс ямагт урьдчилан сэргийлж, өвчнийг даамжруулж хүндрүүлэхгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг энэхүү сурвалжилгаараа тодотгож өгмөөр санагдлаа. Бяцхан үрсийн өвчинтэйгээ тэмцэж буй дүр төрх, тарианы өвдөлт, зовиур, энд тэнд халуурч бачуурч, цээжээ өвдтөл ханиалгаж байгаа хүүхдүүд гээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн нөхцөл байдлыг тоочвол ямар дүр зураг гарах нь тодорхой. Хүнд хүүхдүүдийн талаар бүр ярилт ч үгүй биз. Үнэхээр зүрх зүсэм дүр төрх бол өвчиндөө шаналж буй балчир үрс шүү дээ. Өвчтэй үрээ элгэндээ тэврээд зогсож буй ээжийн харц, байгаа байдлыг харахад хүртэл сэтгэлд хөндүүр, гунигтай. Хүүхэд өвдөж байхаар би өвдчихгүй, эрхтэн л арга хэмжээ авдаг байж гэж халаглах ээжүүд. Тиймээс ийм нөхцөлд орохгүйн тулд хүүхдэдээ цаг ямагт анхаарал хандуулж, аль болох агаар салхинд гаргаж, зөв зохистой хоол хүнс хэрэглүүлж, дархлааг нь дэмжиж, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх зэрэг наад захын анхаарал халамжаа бүү орхигдуулаарай эцэг, эхчүүд ээ!.

Харин  эмнэлгийн орчин, үйлчилгээ бол дээрдэж. Ачаалал ихэсхээр ор хүрэлцдэггүй гэдэг асуудлаас бусдаар бол үйлчилгээ, нөхцөл байдал харьцангуй сайжирсан санагдлаа.

Хэдхэн жилийн өмнө эмнэлгийн байгууллагын үйлчилгээ, орчин нөхцөл асар их шүүмжлэл дагуулдаг байсан. Тоног төхөөрөмж хүрэлцээгүй, өрөөнүүдийн тохь тух муу,  эмч, эмнэлгийн ажилчдын харилцааны доголдол, хоол хангамж гээд бүгд л асуудал дагуулна. Гэтэл одоо энэ тоочоод байгаа бүхэн левел ахиж. 

Ядаж л эмч, сувилагчдын харилцаа хандлага эерэг болж. Зөв зохистой харилцааг бий болгож чаддаг болсон байна. Сандарсан, уймарсан ээжүүдэд чадлаараа тусална уу гэхээс чанга хатуу харьцаж буцаадаг өнгөрсөн үе ард хоцорч.

Мэдээж эмнэлэг баар, цэнгээний газар биш. Баримталдаг дэг жаяг, журам гэж бий. Үйлчлүүлэгчид, хэвтэн эмчлүүлэгчид үүнийг дагах л ёстой. Харин харилцаанаас харилцаа, хандлагаас холбогдох бусад зүйл хамаардаг гэдгийг л хаа хаанаа ойлгочих хэрэгтэй.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 давхарын хүүхдийн тасгийн 3 дугаар палат бол миний болон хүүхдийн маань хэвтэн эмчлүүлсэн өрөө. 8 ортой. 4, 4-өөрөө хана, хаалгаар тусгаарлагдсан. Өрөө хуучны модон цонх, нурж, цуурсан ханатай биш шүү. Айхтар ая тухтай байхаар тохьжуулж засаагүй ч өмнөхөөсөө бол хамаагүй дээр. Бусад палатууд 4 ортой, 8 ортой, 2 ортой гэхчлэн янз бүр. Мөн арай тухтай байж болохуйц төлбөртэй өрөөнүүд ч байдаг. Харамсалтай нь тэр бүр олдоод байдаггүй л болохоос.

Өдрийн гурван хоолтой. Эмнэлгийн хоол гэхээр л давсгүй, хүйтэн шахуу, амтгүй гэж санаж байсан надад бас л арай дээрдсэн санагдлаа. Санагдлаа ч гэж үнэн нь тэр юм. 

 Яахав аавууд хүүхдээ асарч байгаа бол цадахгүй байхаар л юм билээ шүү. Тэгэхээр порц арай бага юм уу даа л гэж санагдсан.  Ариун цэврийн хувьд ярилтгүй. Ойр ойрхон цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийж байна. Бүр нийтийн дунд байрлах ариун цэврийн өрөө нь хүртэл байнга шахуу цэвэрхэн байдаг болсон нь эмнэлгийн ажилчдын хичээл зүтгэл, эмчлүүлэгчдийн эерэг хандлага, ухамсартай шууд холбоотой.

Харин энд өнөөх л тоног төхөөрөмжийн хүрэлцээ гэдэг юм хөндөгдөж байна. Хүүхдийн утлагын аппарат энэ жигүүрт хоёрхон ширхэг. Нэг нь бүр нэлээн муу юм аа хөөрхий. Тэр хоёр аппарат дээр ээжүүд оочирлох үе ч гарна. Бас нэг дутагдалтай юм коридорт сандал байхгүй. Үүдний сандал дээр ээжүүд суух хориотой. Учир нь шинэ хүүхдүүд цаг тутамд ирж байдаг.

Коридорт сандал байхгүйгээс болж халуурсан, уйлсан хүүхдээ тэврээд чилтлээ явж байгаа ээжүүд үнэхээр өрөвдмөөр. Өрөөндөө орохоор хүүхэд нь уйлж бусад хүүхдийг сэрээнэ. Бусдад төвөг удахгүйн тулд хүүхдээ аваад коридорт чилтлээ алхах ээжүүд. За тэгээд үүнээс цаашилбал ээж хүний тэсвэр тэвчээр, өр өвдмөөр нөхцөл байдалруу далийчих байх.

Ямартаа ч хоёрхон өдрийн дотор ханиад нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна,  эмнэлгийн нөхцөл байдал харьцангуй дээрдэж гэдгийг л тодотгохыг хичээлээ.

Ер нь хүүхдийн физик эмчилгээний өрөөг бусдаасаа арай онцлогтой, хүүхдийн анхаарлыг татахуйц болгочихож болдоггүй юм байхдаа гэж бодогдсоныг энд бас онцолмоор байна. Физик эмчилгээ бол эмчлүүлж буй хүүхдүүдэд хамгийн чухал. Гэтэл бага насны хүүхдүүд физик эмчилгээнд орох маш дургүй. Албан хүчээр, чанаргүй үйлчилгээ аваад гарах нь олонтаа. Харин тухайн өрөөг нас насныханд тохирсон байдлаар тохижуулж, ядаж л эмчилгээгээ хийлгэх нөхцлийг нь бүрдүүлээд өгчихвөл хэн хэндээ амар байх байсан болов уу. Эмчлүүлж байгаа хүүхэд бүр харилцан адилгүй.  Гэрээсээ өөр орчинд байж чаддаггүй хүүхэд, олон хүнээс бишүүрхдэг хүүхэд, элдэв дуу чимээнээс мэдрэг хүүхэд гээд өөр өөр гэдгийг бас бодолцоод үзчихэд гэмгүй л байх.
Аа эцэст нь гэж хэлэхэд эмч нарт ая тал засаж шоколад, набор барьж гүйдэг үе өнгөрч. Эднийх бүр дотоод журмандаа эмч нарт юм өгөхийг хатуу хориглосон байдаг шүү. Хэвтэхэд нь эмнэлгийн журамтайгай танилцуулж гарын үсэг зуруулдаг юм билээ. За тэгээд хүүхэд эцэг, эхтэйгээ халуун дулаан гэр бүлдээ инээд цангинуулж, аз жаргалтай байх л чухал. Эмнэлэгт хэвтэх хүртэл нь хүүхдийнхээ өвчлөлийг бүү хүндрүүлээрэй. Сэрэмж хэзээд илүүдэхгүй.

М.БОЛОР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet