”Грандмед” эмнэлгийн шүдний их эмч Н.Баянзул: Улиралдаа нэг удаа шүдний эмчийн үзлэгт хамрагдах нь эрүүл мэнддээ оруулж буй том хөрөнгө оруулалт
2019 оны 10 сарын 15

Сайхан инээмсэглэл нүүрний төгс чимэг шүү дээ. Тэгвэл шүд эрүүл байж гэмээн төгс инээмсэглэлийг бүрдүүлдэг. Хүний гол тулгуур эрхтэн болох шүдний эрүүл мэнддээ цаг үргэлж анхаарах шаардлагатай байдаг. Тэгвэл энэ удаад зөвлөгөө булангаараа шүдний эрүүл мэнд, зөв арчилгаа, урьдчилан сэргийлэх зүйлсийн талаар тодруулахаар “Грандмед” эмнэлгийн шүдний их эмч Н. Баянзултай ярилцлаа.

-Сайн байна уу? Өөрийгөө товч танилцуулна уу? Шүдний эмчээр ажиллаад хичнээн жил болж байна? Танай тасаг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?

-Сайн байна уу? Намайг Баянзул гэдэг. 2013 онд ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийг төгсөөд 6 жил шүдний эмчээр ажиллаж байна. Манай шүдний тасгийн хувьд 2 эмч, 1 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа ба Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ЭНМЗ-ын тасгийн эрхлэгч, Анагаах Ухааны Доктор П. Даваадорж эмч маань зөвлөх эмчээр ажиллаж байна.

-Танай шүдний тасгийн давуу тал? Ямар төрлийн технологи ашигладаг вэ?

-Манай тасгийн хувьд олон улсын жишигт хүрсэн техник, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, америк, солонгос, герман, япон зэрэг улс орнуудын сүүлийн үеийн материал, тоног төхөөрөмж, техник технологийг ашиглан, эмчилгээ үйлчилгээгээ явуулж байна.

-Ашигладаг тоног төхөөрөмжүүдээ танилцуулбал?

-Солонгос Улсын Vatech компанид үйлдвэрлэгдсэн, Pax-I шүдний дэлгэмэл зураг авдаг рентген аппарат болон тус улсад үйлдвэрлэгдсэн дижитал сенсор аппаратыг оношлогоондоо хэрэглэж байна.

-Танай шүдний тасагт хичнээн төрлийн эмчилгээ хийдэг вэ? Түлхүү хийгддэг эмчилгээ нь юу вэ?

-Ерөнхийдөө цоорлын болоод цоорлын хүндрэлүүдийн эмчилгээ, шүдний салстын болон тулгуур эдийн эмчилгээ гэх мэтчилэн шүдний бүхий л төрлийн өвчнийг эмчилж байна. Мөн авагддаг болон авагддаггүй шүдэлбэр, тухайлбал ribbond шүдэлбэрийг хийж байна. Үүнээс гадна манай зөвлөх эмч имплант суулгац болон хүнд хэлбэрийн мэс ажилбаруудыг хийж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.

-Шүдний ямар өвчлөлүүд илүү давамгайлж байна?

-Цоорол болон цоорлын хүндрэлүүд Монгол Улсад өндөр хувьтай тохиолддог. Энэ төрлийн өвчлөл давамгай тохиолдож байгааг бид бүхэн мэдэж байгаа. Сүүлийн үед шүдний тулгуур эдийн өвчлөл их байгаад байгаа, тухайлбал шүдний чулуу, буйлны үрэвсэл гэх мэт өвчлөл их байна. Хүмүүс энэ төрлийн өвчлөлийг төдийлөн тоодоггүй, анхаарал тавьдаггүй. Гэтэл энэ төрлийн өвчин нь шүдний цоорлоос илүү хор хөнөөлтэй, бусад эрхтэн системийн өвчлөлд нөлөөлдөг нь сүүлийн үеийн судалгаануудаар батлагдаж байгаа. Иймд хүмүүс маань ийм төрлийн өвчлөл байгаа эсэхээ үзүүлж, оношлуулж байх шаардлагатай.

-Бага насныхан болоод томчуудын шүдний өвчлөлийн ялгаа нь юундаа байдаг вэ?

-Бага насны хүүхдийн шүдний анатоми болоод бүтцийн хувьд ярихад сүүн шүд нь байнгын шүдийг бодвол эмзэг, хэврэг, паалан нь сийрэг байдаг учир цоорлын өвчлөлд амархан өртдөг, өртөмхий байдаг. Мөн нөгөөтэйгүүр бага насны хүүхэд шүдээ өөрөө бие даан угааж, арчилж чаддаггүй. Ийм үед нь эцэг, эхийн анхаарал, халамж, арчилгаа дутмаг байвал дээрх өвчлөлд хүрэх замыг улам хурдасгаж өгнө. Насанд хүрэгчдийн хувьд цоорол өвчлөлд бага насны хүүхдийг бодвол бага өртдөг хэдий ч амьдралын буруу хэв маяг, хавсарсан өвчин зэргээс шалтгаалан өртөх нь элбэг байсаар байна. Мөн томчуудад тулгуур эдийн өвчлөл ихэвчлэн тохиолддог.

-Одоо үед хүмүүс харьцангуй шүдний гажиг, эрүүл мэнддээ түлхүү анхаардаг болсон байх. Энэ талаар танай эмнэлэгт хэр их хүмүүс хандаж байна?

-Тийм ээ. Хүмүүс урьдчилан сэргийлэх байдлаар үзлэг, шинжилгээнд хамрагдаж, шүдний үзлэг их хийлгэдэг болсон байна. Ер нь шүдний гажигтай байх, шүд өвчлөлтэй байх нь тухайн хүний гоо сайхан, гадаад үзэмжийг алдагдуулдаг учир хүмүүс энэ тал дээр ихээхэн анхаардаг болсон байна. Манай эмнэлгийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэг хийх, өвчлөлийг эмчлэхээс гадна сүүлийн үед хүмүүсийн мэддэг болсон, анхаарлыг татаад байгаа ажилбар болох Hollywood smile гэхчлэн шүдний гоо сайхныг сэргээх олон төрлийн эмчилгээ хийж байгаа.

-Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?

-Нэгдүгээрт улиралдаа нэг удаа заавал шүдний эмчид хандан, үзлэг, оношилгоонд орж байх шаардлагатай. Мэдээж шүдэнд хор хөнөөлтэй хоол хүнс, бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн амны хөндийн арчилгааг тогтмол хийж хэвших хэрэгтэй. Тэр тусмаа бага насны хүүхдүүдийг 6, 7 нас хүртэл нь эцэг эхчүүд шүдийг нь хамт угаалгаж, туслаж, тогтмол шүдний арчилгаа хийх дадал зуршил суулгаж өгөх нь тухайн хүүхдийн ирээдүйн эрүүл мэндийн боловсролд нь томоохон хөрөнгө оруулж байгаа хэрэг юм. Дэлхий нийтээрээ өвдсөн хойно нь эмчлэх биш, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх тал дээр анхаардаг болсон өнөө үед та бүхэн маань ч бас тогтмол үзлэг, шинжилгээндд хамрагдаж байх нь зүйтэй юм. Шүд эрүүл бол бүх бие эрүүл байдаг. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-13 19:59
    Retweet (42)
  • 10-28 19:47
    Retweet (32)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-15 13:14
    Retweet (4)
  • 11-15 13:14
    Retweet (2)
  • 11-15 12:22
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-15 13:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-15 13:28
    Retweet (0)