“Ласанте” эмнэлгийн захирал З.БОЛОРМАА: ЭРЭГТЭЙ ХҮН ЦУЙВАН ИДЭХ ГЭЖ НУУЦ АМРАГ ДЭЭРЭЭ ОЧДОГГҮЙ
2019 оны 6 сарын 11

“Эмэгтэйчүүдийн хоёр дахь зүрх, байгалаас заяасан ихэмсэг нандин, бие болоод сэтгэлийн таашаалыг мэдрүүлдэг дотоод гоо сайхнаа та гадаад үзэмжтэйгээ адил анхаарч хайрладаг уу? Ийм асуултыг бүсгүй хүн бүрээс асуумаар санагдлаа. Учир нь гэр бүлийн аз жаргал, халуун дотно, бат бөх харилцаа бүсгүйчүүд бидний дотоод гоо сайхантай шууд хамааралтай байдаг хэмээн Монголд дотоод гоо сайхны асуудлыг цогцоор нь шийдэж байгаа Lasante эмнэлгийн захирал З.Болормаа онцлон өгүүллээ. Түүнээс ярилцлага авахаар эмнэлэг дээр нь зорин очиход олон бүсгүйчүүд оочер дугаараа хүлээн суух аж. Тэд бүгд амбицтай, арчаатай, амьдралаас таашаал авч чаддаг, үгүй ядахдаа таашаалтай амьдрахыг эрмэлздэг хатагтай нар байх гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Тэр дунд нөхөр нь нярай хүүхдээ тэвэрчихсэн гэргийгээ эмчилгээнд оруулж байхыг харах нь сэтгэлд хачин өег. Монголчууд бид нэг үеэ бодвол ихээхэн иргэншин соёлжжээ, эхнэр нөхрүүд нандин харилцаагаа хүртэл илэн далангүй түвшинд хүргэж, хамтын амьдралдаа нэгэн адил санаа тавьж байна гэх бодлын гялбаа миний сэтгэлийг өег болгосон хэрэг. Чөлөө учрал олдсон богинохон амьдралд жинхэнэ ханиа олж, түүнтэйгээ нэгэн бие мэт бүхэллэг, илэн далангүй, бие биедээ таашаал өгч амьдрах шиг сайхан явдал өөр хаана байх билээ. Энэ бол бүхэлдээ амьдрахуйн тухай, ёс суртахууны тухай гүн гүнзгий ойлголт юм. Утга учиртай ийм амьдралд бидний одоо хүргэх мэдээлэл, мэдэхүйн чанартай зүйлс чухал ач холбогдолтой юм. Та уншиж үзээд, эргэцүүлэн бодоорой.

-Эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан буюу үтрээ болон умайн эрүүл ахуй, гоо үзэмжийн асуудал нууц л болохоос цагийн цагт чухал асуудал байсаар ирсэн нь үнэн. Тийм ч учраас танай “Ласанте” эмнэлгийн үйлчилгээ, үйл ажиллагаа олон бүсгүйчүүдийн анхаарлыг татаж байгаа санагддаг. Юун түрүүн эмнэлгийнхээ талаар, үзүүлж буй үйлчилгээнийхээ талаар товч танилцуулаач?

-Манай эмнэлэг 2016 оноос хойш Францын Vivaltis факультетийн маш олон төрлийн нөхөн сэргээх төхөөрөмжийг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлсээр байна. Бүгд Монголд анхдагч эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ онцлог. Тухайлбал, 2016 онд Phenix Portabnle Uro, 2017 онд Phenix Nano, 2018 оны 1 сард Phenix Physio Uro, Phenix Liberty зэрэг төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн. Товчхондоо цахилгаан соронзон долгионы эмчилгээ хийж, хүний булчингийн эд эс бүрийг нөхөн сэргээдэг нано технологи бүхий аппаратууд. Эдгээр аппаратуудын тусламжтайгаар Франд улсад мэргэжил дээшлүүлсэн нарийн мэргэжлийн эмч нар аарцагны булчингийн оношилгоог олон улсын стандартын дагуу хийж байна. Тодруулбал, умайн унжилтын зэрэг, булчингийн сулралын хувь, булчингийн оёдлоос үүссэн наалданги болон төрөлтийн дүлэлт болон сэтгэцийн гэмтлээс үүдэлтэй булчингийн зангирал зэргийг бүрэн оношилсны дараа нөхөн сэргээх аппаратаар шээс задгайрлын шалтгаан, цагираг, хөндлөн булчингийн сулралын хувь, булчингийн уян хатан чанарын хувь, булчингийн тархи мэдрэлийн системтэй холбогдсон мэдрэлжүүлэлт, дур тавилтын цэгийн мэдрэмж зэргийг нарийн оношилдог. Ингээд хувь хүн бүрт тохирсон эмчилгээний программ гарган эмчилгээ хийгдсэнээр эмэгтэйчүүдийн шээс задгайрал, анхдагч болон хоёрдогч үргүйдлийн шинж тэмдгүүд, эрт цэвэршилт, хуурайшилт, умай унжилт, үтрээний булчингийн сулрал, геморрой буюу шамбарам /цагаан мах эргэх/ өвчлөлүүдийг 99,8-100 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг.

Манай эмчилгээний гол үр дүн нь тухайн өвчтний тархинд суусан рефлексийг ч давхар эмчилдэг явдал юм. Өөрөөр хэлбэл, тархи мэдрэлийн системд тогтсон буруу зуршлыг устгаад, шинээр зөв программ суулгаад өгчихөж байна гэсэн үг. Эмнэлэгт үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийн гэр бүлийн дотно харилцаанд эерэг өөрчлөлт гарсан, жирэмсэн болохгүй байсан эмэгтэйчүүд жирэмсэлж, сарын тэмдэг нь 5 жил ирээгүй байсан үйлчлүүлэгчийн сарын тэмдэг ирсэн зэрэг гайхалтай үр дүн гарсанд бид баяртай байгаа. Үйлчлүүлэгч маань ямар шинж тэмдэгтэйгээс шалтгаалан аппаратанд 10-25 удаагийн давтамжтайгаар орох бөгөөд үйлчлүүлэгч бүрт зориулагдан наалданги, булчингийн зангирлын массаж болон бусад эмчилгээнүүд курс хэлбэрээр нэмэлтээр хийгддэг. Нэг үгээр хэлбэл, аарцаг ёроолын булчингийн фитнесс гэсэн үг юм.

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХЭЛЭХЭД ЗАЙЛШГҮЙ ЭМЧИЙН ЗААЛТ БИШ Л БОЛ АЛЬ БОЛОХ ӨӨРӨӨРӨӨ ТӨРӨХИЙГ ХИЧЭЭГЭЭРЭЙ ГЭЖ ЗАХИМААР БАЙНА!

-Сая гэр бүлийн дотно харилцаанд өөрчлөлт ордог гэлээ. Сонирхолтой санагдаж байна л даа. Энэ талаар арай жаахан тодорхой ярилцъя?

-Манайд хуурайшилтаас үүссэн, сэрэл мэдрэмж алдагдсан, хоёрдогч үргүйдэлтэй гэх мэт аарцагны булчингын алдагдлаас үүдэлтэй янз бүрийн проблемтой эмэгтэйчүүд ханддаг. Эмчилгээний үр дүн өндөр учраас нандин харилцаагаа сэргээснээр олон зуун гэр бүлд аз жаргал, гэрэл гэгээ нэмсээр байгаадаа үнэхээр сэтгэл өег байдаг. Гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн халуун дотно уур амьсгалд эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний эрүүл мэнд, бэлгийн боловсрол маш чухал нөлөөтэй. Энэ ухагдахууны талаар зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд маш сайн ойлголттой байх ёстой. Манай эмнэлгийг зорин ирсэн үйлчлүүлэгч, гэр бүлийн гишүүд мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сексологичоос зөвлөгөө авах боломжтой байдаг.

Улс үндэстний хүн амын өсөлтийн бодлоготой хүртэл эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний эрүүл мэнд салшгүй холбоотой шүү дээ. Тиймээс аарцгийн булчингийнхаа фитнесийг хэр сайн, зөв хийнэ та тэр хэрээр эрүүл, аз жаргалтай амьдарна гэж ойлгож болно.

-Ингэхэд нэг хэсэг мэс заслын аргаар суларсан үтрээг бариу болгож байна гэдэг байв. Дараа нь лазер эмчилгээ орж иржээ гэсэн. Танай санал болгож байгаа эмчилгээ, үйлчилгээ эдгээр аргуудаас ямар ялгаатай вэ?

-Маш тодорхой бөгөөд том ялгаа бол мэсгүй, эмгүй, бэлгийн харилцаа хорихгүй, ямар нэг сөрөг нөлөөгүйгээр бие физиологт нь тохирсон эмчилгээ хийж өөрөөр нь нөхөн сэргээдэгээрээ давуу талтай юм. Өөрөөр хэлбэл энэ бол сэргээн заслын арга технологиор аарцаг ёроолын булчинг нөхөн сэргээж, хэвийн байдалд нь оруулах физик эмчилгээ.

Давсаг умай сойх мэс засал, төрөлтийн явцад урагдаж, хайчилсан хярзанг мэс заслын аргаар оёх үйлчилгээ манайд түгээмэл байдаг юм билээ. Зайлшгүй тохиолдолд буюу давсаг, умай унжсан үед мэс засал хийх заалт бий. Харин үтрээгээ бариу болгох зорилгоор ийм мэс засал хийлгээд өмнөхөөсөө дордсон тохиолдолд цөөнгүй байдаг. Оёдол нөхөн сэргээгдээгүй үед бэлгийн амьдралаас таашаал авч чадахаа болих ингэснээр дотно харилцаанаас зугтдаг, зайлсхийдэг болчихсон, үтрээний хуурайшилт үүсэх гэх мэт эрсдэлтэй байдаг. Угтаа бол аарцаг ёроолын булчин маш уян хатан чанартай, агшиж, сунах чадвар, цусан хангамж сайтай байвал эмэгтэй хүний бэлгийн амьдралаас авах таашаал ч их байна. Төрөхдөө ч элдэв урагдал, язралгүй төрөх боломжтой байгалиасаа гайхамшигтай зохицолтой эрхтэн. Гагцхүү булчингаа нэгдүгээрт эрүүл, хоёрдугаарт өөрөө мэдэрч, удирдаж сурах л чухал. Нөхөн сэргээх, физик эмчилгээний давуу тал, гайхамшиг энэ л юм даа.

...Судалгаагаар салалтын 80 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэсэн статистик бий. Үлдсэн 20 хувь нь мөнгө санхүү, үл ойлголцол гэх мэт бусад шалтгаанаас үүдэлтэй гэж үздэг боловч миний бодлоор гэр бүл салалт 100 хувь хосуудын сексийн амьдралтай холбоотой...

-Өөрөөрөө төрөх, хийсвэрээр төрөх хоёрт ялгаа байдаг уу?

-Мэдээж байгалийн төрөлтийг гүйцэх зүйл байхгүй шүү дээ. Цусны эргэлт ямар нэг тасалдалгүй, хэвийн урсаж байна гэдэг нь үтрээ чийглэг, бэлгийн харилцааны үед ердийн, төрөх үед хангалттай уян хатан байж буцаад илүү сайн агших чадвартай байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Хүндрэлтэй, хярзангийн оёдолтой төрсөн эхчүүдийн шээс задгайрах, умай, давсаг унжих гэх мэт хүнд хэлбэрийн бэрхшээлүүд үүснэ. Гэмтсэн булчингийн бүтэц, нягт байдал нь алдагдсанаас болж уян хатан чанараа алддаг. Үтрээний булчин бол аарцаг ёроолын булчингийн зөвхөн нэг хэсэг нь. Ер нь аарцагны булчин ярихаар цаашаа маш олон задраад явчихдаг. Шээс задгайрал, цэвэршилт, үргүйдэл, үтрээний булчингийн сулрал, сэтгэл зүй, гэр бүлийн харилцаа, гормоны хэвийн үйл ажиллагаа, цагаан мах гэх мэт дотроо маш олон бөгөөд том сэдвүүдийг агуулдаг. Охид, эмэгтэйчүүддээ хэлэхэд зайлшгүй эмчийн заалт биш л бол аль болох өөрөөрөө төрөхийг хичээгээрэй гэж захимаар байна. Яагаад гэвэл хийсвэрээр төрсөн ч гэсэн тээлттэй холбоотой аарцагны булчинд очих даралт байдгаараа л байна. Хагалгаа хийнэ гэдэг тэр хэсгийн булчин тасарна гэсэн үг. Энэ чинь аарцаг ёроолын булчинтай шууд холбоотой байдаг булчин. Хийсвэрээр төрсөн эхчүүдийн сав муу агшдаг, хэвлий хэсгээрээ буцаж анхны байдалдаа ордоггүй гэдэг нь үүнтэй холбоотой. Хэрэв булчингаа зөв удирдаад ямар нэг оёдолгүй өөрөөрөө төрж чадвал дараа нь бараг өмнөхөөсөө илүү агших чадвартай болох боломжтой. Хамгийн гол зүйл дадал хэвшил, дасгал, хандлага. Нэмж хэлэхэд хүнд юм өргөх үед, ханиах найтаах, өтгөн хаталт, эмийн буруу хэрэглээ, буруу рефлекстэй бол энэ булчин маш ихээр даралт авч байдаг. Тийм ч учраас жингийн илүүдэл, жирэмслэлт, үр хөндөлт нь төрсөн, төрөөгүй үтрээний булчин суллаж байдаг байх нь гэж ойлгож болно.

-Аарцаг ёроолын булчин сулрах өөр шалтгаан байдаг уу? Үүнээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Доод эрхтэн системийн үйл ажиллагааг хэвийн байлгах нь тухайн хүнээс маш их шалтгаална. Олон улсад аарцагны булчин сулардаг дараах шалтгаанууд байдаг гэж үздэг. Нэгдүгээрт, өтгөн хаталт. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид хүүхдүүдээ багаас нь суултуур дээр зөв сууж хэвшүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, жирэмслэлт. Хүүхэд тээх явцад эрхтэн системүүд жингээрээ маш их даралт өгдөг учраас аарцагны булчин сулардаг. Кесарево хагалгаагаар төрсөн ч гэсэн аарцагны булчингаа нөхөн сэргээж, чангалах хэрэгтэй. Гуравдугаарт, хэвлийн таргалалт. Эрхтэн систем өөхлөлт ихтэй, хэвлийн таргалалттай удаан явснаар аарцагны булчинд даралт өгч сулардаг. Иймд жингийн илүүдэлтэй хүмүүс шээс задгайрах өвчинд өртөх нь элбэг. Дөрөвдүгээрт, удаан хугацаагаар ханиалгах, дархлаа султай байх, астма өвчтэй хүмүүсийн аарцгийн булчин сулардаг. Ханиалгах тоолонд аарцгийн булчинд ачаалал өгдөг учраас ийнхүү сөргөөр нөлөөлдөг. Мөн манай улсад эрс тэс уур амьсгалтай холбоотойгоор булчин их сулардаг. Дархлаа муудсанаар булчин суллах антибиотик эмчилгээ ихэссэн, хярзангийн хайчилбартай, урагдалтай, оёдолтой төрснөөс булчин буцаж агших процесс бага явагддагаас асуудал их үүсдэг.

-Үнэндээ таныг илэн далангүй ярихаар л нүд нээгдэх шиг болж байна л даа. Тэгэхээр бидэнд нийтээрээ энэ талыг мэдлэг, боловсрол тааруу байна гэж болмоор ч юм шиг...

-Тийм шүү. Бэлгийн боловсрол маш чухал шүү гээд байгаа нь энэ. Хүн болгон математикч болохгүй харин хүн болгон эцэг эх болно гэдэг шүү дээ. Манайх аарцагны нөхөн сэргээх физик эмчилгээг Монголд анхлан нэвтрүүлсэн. Эхлээд энэ талын ойлголтгүй хүмүүс их ирдэг байсан. Одоо бол өөрчилөгдөж байна. Ямартай ч энэ эмчилгээг Монголд нэвтрүүлснээр олон олон гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд эерэг өөрчлөлт гарч байгаа нь бидэнд ихээхэн урам зориг өгдөг. Энэ бол хүмүүс урьдчилан сэргийлэх аргад суралцаж байгаатай холбоотой. Наад зах нь хүний доод бие эртхэнд аарцагны булчин гэж чухал булчин байдаг, түүнийгээ ханиаж найтаахдаа, хүнд юм өргөхдөө чангалаад хэвшчих хэрэгтэй гэдгийг үйлчлүүлэгчид маань мэддэг болж байна. Тэд охиндоо, охин дүүдээ, эгчдээ хэлнэ. Гэх мэтээр энэ талын соёл түгээх нь манай хамт олны нэг чухал зорилго. Энэ бол нийгмийн хариуцлага гэж бид үздэг. Франц улсад төрсний дараа эмэгтэйчүүдийг заавал аарцагны булчингийн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж, төрөхөөс өмнө байсан хэвийн байдалд нь оруулж байж явуулдаг. Төр засгаас нь үүнд онцгойлон анхаарч төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээг нийгмийн даатгалд албан ёсоор хамруулж өгсөн байдаг. Улс үндэстний хамгийн гол, цөм баялаг бол гэр бүл гэж үздэг учраас гэр бүл бат бэх байх ёстой гэдэг үүднээс ийм бодлого явуулдаг байх нь. Бид ч гэсэн энэ талаар бодож үзэх хэрэгтэй гэж боддог.

-Нийгмийн хөндөж амжаагүй далд гоо сайхны талаарх таны мэдлэг мэдээлэл гайхалтай юм. Өөрөөр хэлбэл та гэр бүл бат бэх байх суурь нь дотно харилцаа гэх гээд байнаа даа?

-Яг тийм. Хайр гэдэг чинь өөрөө гэр бүлийн бэлгийн амьдрал шүү дээ. Зарим талаар эрээ цээргүй мэт сонсогдож байж болох ч амьдралын үнэн бол ердөө л энэ юм. Тиймээс аарцаг ёроолын булчингаа эрүүл, хүчирхэг байлга л гэж хэлмээр байна. Дээр нь бидний бэлгийн боловсрол, туршлага үнэхээр тааруухан хэмжээнд байна. Бэлгийн боловсрол, туршлага гэхээр манайхан сексийн байрлал, шалиг завхай явдал мэтээр ойлгодог. Үнэндээ энэ бол биеийн анатомийн бүтцээ ойлгохоос эхэлнэ. Манай дээр анх ирж байгаа маш олон хүн аарцаг ёроолын булчин байтугай үтрээний булчин гэж юу байдаг, хэрхэн сулардаг эсэхийг ч мэддэггүй. Өвчилсөн хойно нь эмчилдэг. Угтаа дунд сургуулийн боловсролын системд бэлгийн боловсрол олгох тал дээр анхаараад, өглөө болгон шүдээ угаахтай адил өдөр бүр Кегелийн дасгал хийж хэвшихийг, эхнэр нөхөр, бэлгийн амьдрал гэж юу болох талаар анхан шатны мэдлэг, мэдээлэл өгвөл юм хөгжчихсөн үед үлдсэн мэдээллээ тэд өөрсдөө олж авна.

Манай хамт олон энэ боловсрол, энэ мэдлэгийг олгох тал дээр бүхий л талаар анхаарч, чармайж ажиллаж байна. Үр дүнд нь ядахдаа л аарцагны булчин гэж байдаг, түүнтэй хэрхэн яаж харьцахаа мэдэж авч байна. Цаашилбал олон зуун гэр бүл сексийн амьдралын тухайд шинэ шатанд гарч, амьдралаас аз жаргал мэдэрдэг болсон гэх мэт олон сайхан үр дүн байгаа учраас бид их л урамтай ажиллаж байна даа. Бэлгийн боловсрол, гэр бүл төлөвлөлт сайн байна гэдэг гэр бүлийн харилцаа эрүүл байхын үндэс шүү. Төр засгийн зүгээс ч гэсэн энэ тал дээр анхаараасай гэж боддог. Эмэгтэйчүүд маань олон төрөх тусмаа улам дэлгэрч, таашаал мэдрэмжийн дээдийг хүртэх боломжтойгоо тэр бүр мэддэггүй. Иймээс бид сэтгэл зүйч, секслогич нартай хамтран ажиллаж байна. Гэр бүлийн тухайд жинхэнэ ёс суртахуун гэдэг бол эхнэр, нөхөр бие биедээ үнэнч байхаас, бэлгийн амьдрал нь цэвэр ариун байхаас эхэлнэ. Гэтэл манайд сүүлийн үед гэр бүлээс гадуурх харилцаатай хосууд маш олон болж. Гэр бүлээсээ салахгүй байх нь ёс суртахуун гэж үзээд байна л даа. Үр хүүхэдтэй, гэр бүлтэй хэрнээ өөр хүнтэй явалдаад байгаа чинь өнөө л бэлгийн амьдралын таашаалтай холбоотой зүйл шүү дээ. Тиймээс л би эрчүүд хэзээ ч цуйван идэх гэж нууц амраг дээрээ очдоггүй гэж хэлээд байгаа хэрэг. Ийм үнэнтэй бид нүүр тулгарч, ярьж хэлэхгүй бол үнэндээ гэр бүлийн ёс суртахууны асуудал манайд улаан гэрэл асаачихаад байна. Хүүхэд төвтэй гэр бүл маш их олширч байна. Ийм байдалд хүртэл нь гэр бүлийг явуулахгүйг хичээж манай эмнэлгийн хамт олон үйлчлүүлэгч нэг бүртэйгээ тулж ажиллаж байна.

-Хүүхэд төвтэй гэр бүл гэдэг нь?

-Уг нь эрүүл харилцаа бол гэр бүл төвтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл эхнэртээ, нөхөртөө хайртай учраас тэд хамт амьдардаг, хамтын амьдралаасаа таашаал авдаг байх ёстой. Гэтэл анхны хүүхэд төрлөө, дараагийн хүүхэд төрлөө, хосуудын бие биенээсээ авах таашаал багасах буюу байхгүй болсон үед анхаарлын фокус хүүхэд рүү шилждэг. Өөрөөр хэлбэл хүүхэдтэй учраас л салахгүй байгаа, хүүхэд л тухайн гэр бүлийн аз жаргал, оршин тогтнох үндэс болдог. Энэ бол эрүүл харилцаа биш шүү дээ. Ийм тохиолдолд гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх нь элбэг. Хүүхдийн хүмүүжилд анхаарах ёстой, хүүхэд аав ээж хэрхэн бие биедээ өгөх хайрыг, үг үйлдлийг л харж хүмүүждэг шүү дээ.

Ер нь анхны бэлгийн хавьтал маш чухал байдаг. Анх бэлгийн харьцаанд орохдоо хүсэхгүй байсан эсвэл хүчирхийллийн нөхцөлд анхны бэлгийн харьцааанд орсон эмэгтэйчүүдийн аарцагны булчин зангираад, гэмтчихсэн байдаг. Ийм тохиолдолд бэлгийн таашаалын тухай яриад ч хэрэггүй. Энэ булчингийн зангирал, саажилтыг тавиулчихаар дур хүсэл нь хэвийн болох гэх мэт янз бүрийн кэйсүүд бий.

-Ингэхэд танай эмнэлэг хоёрдогч үргүйдлийг эмчилнэ гэжээ. Үргүйдэл, аарцагны булчин хоёр ямар хамаатай байдаг вэ?

-Хоёрдогч үргүйдэл гэдэг маань өмнө нь төрж байсан, гэвч сүүлийн 10, 20 жилд жирэмслэхгүй байгаа, жирэмслэх боломжтой ч жирэмслэхгүй байгаа явдал шүү дээ. Үрийн сувгийн битүүрэл хоёрдогч үргүйдлийн урдаа барих шалтгаан болдог. Манай эмчилгээ хоёрдогч үргүйдэл дээр илүү үр дүнтэй байгаа. Умай орчмын булчингийн гэмтэл эдгэрч хэвийн болсноор, наалданги салснаар, өндгөвчний архаг үрэвсэл бүрэн илааршсанаар олон жил жирэмслээгүй хүмүүс жирэмлэх нь элбэг байна. Сайхан мэдээ дуулгахад удахгүй манай эмнэлэг анхдагч үргүйдлийг эмчлэх эмчилгээ нэвтрүүлэх гэж байгаа.

- “Lasante” эмнэлэгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн хамгийн нийтлэг проблем юу юм бол?

Монголд гурван хүн тутмын хоёр нь шээс задгайрал, 10 эмэгтэй тутмын ес нь дотно харилцаанаас дур тавихгүй байх, таван хүн тутмын дөрөв нь цагаан мах эргэдэг, цэвэршилтийн нас залуужаад 35 хүрсэн, бэлгийн замын өвчлөл маш их, бэлгийн буруу чиг хандлага сүүлийн жилүүдэд огцом өссөн гээд статистик баримт ярьвал үнэхээр харамсмаар дүр зураг харагдана. Эдгээрээс шээс задгайрлыг хамгийн түгээмэл бэрхшээл гэж болно. Аарцаг ёроолын булчингийн сулралаас, мэдрэл гэмтсэнээс үүдэлтэй шээс задгайрдаг. Энэ нь мэс засал хийгээд, давсаг сойгоод ч зүгээр болдоггүй. Ханиаж найтаах, биеийн хүчний дасгал хийх тоолонгоор шээс дусагнана, задгайрна гэдэг маш том асуудал шүү дээ. За тэгээд сексийн дур хүсэлгүй болчихсон, бүр амьдралынхаа турш тавьж үзээгүй хүмүүс хүртэл ирдэг. Ер нь анхны бэлгийн хавьтал маш чухал байдаг. Анх бэлгийн харьцаанд орохдоо хүсэхгүй байсан эсвэл хүчирхийллийн нөхцөлд анхны бэлгийн харьцааанд орсон эмэгтэйчүүдийн аарцагны булчин зангираад, гэмтчихсэн байдаг. Ийм тохиолдолд бэлгийн таашаалын тухай яриад ч хэрэггүй. Энэ булчингийн зангирал, саажилтыг тавиулчихаар дур хүсэл нь хэвийн болох гэх мэт янз бүрийн кэйсүүд бий. Шалтгаан нь нөгөө л яриад байгаа бэлгийн боловсрол, анатомийн мэдлэг, мэдээлэл.

-Тэгвэл нэгэнт хярзангаа хайчлуулчихсан, эсвэл давсаг сойх хагалгаанд орчихсон эмэгтэйчүүд яах уу? Жишээ нь танай эмнэлэгт хандсанаар буцаж хэвийн байдалдаа орох уу?

-Оролгүй яахав. Ер нь хийсвэр ч бай, өөрөөрөө ч бай төрсөн эмэгтэйчүүд заавал ч үгүй төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ хийлгэх нь маш чухал байдаг. Цаашлаад эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, дараагийн жирэмслэлт, төрөлтөө удирдаж явах гол тулгуур болдог. Энэ асуудлыг мэддэг зарим эмэгтэйчүүд маань гадаадад очиж төрөхийг эрхэмлэдэг. Тэгвэл одоо заавал гадаадад биш Монголдоо төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээнд орох боломжтой болсон гэсэн үг юм. Мөн манай эмнэлэг нь зайлшгүй хагалгааны заалтаар хагалгаанд орсон хүмүүст хагалгааны өмнөх нөхөн сэргээлт, дараах нөхөн сэргээлт хийдэг нь үйлчлүүлэгчдийн маань булчинг хурдан нөхөн сэргээх, жирэмслэх хүсэлтэй эмэгтэйчүүдийг төрөхөд бэлдэх үйлчилгээ болж байна.

...Бэлгийн боловсрол гэхээр манайхан сексийн байрлал, шалиг завхай явдал мэтээр ойлгодог. Үнэндээ энэ бол бид биеийн анатомийн бүтцээ ойлгохоос эхэлнэ. Манай дээр анх ирж байгаа маш олон хүн аарцаг ёроолын булчин байтугай үтрээний булчин гэж юу байдгийг ер тийм булчин байдаг эсэхийг ч мэддэггүй...

-Эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин суларч, гэмтснээс болж үтрээний булчин алдагддаг юм байна. Тэгвэл эрэгтэй хүний бие организмд үүнтэй ижил процесс явагдах уу?

-Явагдалгүй яахав. Эрэгтэй, эмэгтэй хүн аль альд нь аарцаг ёроолын булчин байна. Аль алиных нь үүрэг адилхан. Гагцхүү бэлэг эрхтний бүтцээрээ ялгаатай шүү дээ. Эрэгтэйчүүд төрдөггүй учраас энэ асуудал харьцангуй даруу түвшинд яригддаг болохоос ялгаагүй хүнд юм өргөх, илүүдэл жин, амьдралын буруу хэвшил аарцаг ёроолын булчинг гэмтээж, сулруулж энэ нь бэлгийн чалхад нөлөөлж байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд хөнгөн шинж тэмдэг нь шээс дусагнах, дутуу шээсэн мэт санагдах, дүлж шээх, хүндэрсэн үедээ шээс хаагдах аюултай байдаг. Үүнээс болж түрүү булчирхайн шохойжилт, бэлгийн сулрал хөрөлт, шамбарам зэрэг асуудлууд үүсдэг. Олон улсын анагаах ухааны туршлагад эрэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчинг нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ байдаг. Эрчүүд ч ялгаагүй аарцаг ёроолын булчингаа хайрлаж, адилхан дасгал хийж, зөв дадал хэвшилд суралцах хэрэгтэй.

-Танай эмнэлгийн нэр “Ласанте” Ямар утгатай нэр вэ?

-Sante гэдэг нь францаар эрүүл мэнд гэсэн утгатай үг. Францчууд оргилуун дарс тулгахдаа Ла Санте гэдэг. Эрүүл мэндийн төлөө гэсэн утгатай үг л дээ. Өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх эмчилгээ, үйлчигээ үзүүлэхийг бид гол зорилгоо болгож байна. Иргэд маань ч гэсэн өвчилсөн хойноо биш өмнө нь эмнэлэгт очдог байгаасай, энэ талын мэдлэг, мэдээлэл их байгаасай. Энэ бүхэн төрийн бодлогын түвшинд хэрэгжээсэй гэж боддог доо. Ийм агуулгаар энэ нэрийг сонгосон.

Урьдчилан сэргийлэх арга зам зааж өгөх, нэгэнт өвчилсөн бол аль болох химийн болон мэс заслын аргаас өмнө нөхөн сэргээх эмчилгээ хийх нь ерөнхийдөө Францчуудын, европчуудын соёл. Энэ соёл, энэ арга технологи манайд ч гэсэн нутагшаасай.

-Монголд танайхаас өөр нөхөн сэргээх эмчилгээтэй эмнэлэг бий юу?

-Байгаа, гэхдээ манай эмнэлэгтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа, газар бүхэн үр дүн адил гэж ойлгож болохгүй. La Sante эмнэлэг нь энэ чиглэлээр анхдагч бөгөөд нөхөн сэргээх эмчилгээний ухагдахууныг Монголд сурталчлан таниулах гэж маш их туршилт, судалгаануудыг хийж, хүний нөөцийг дэлхийн стандартын дагуу бэлдэж, чадваржуулсан. Цаашлаад хөдөө орон нутагт салбаруудаа нээж байна. Одоогоор Дорнод, Өмнөговь, аймагт, Дархан, Эрдэнэт хотод нээгдээд байна. Аажимдаа бүх аймагт салбараа нээх зорилго тавин ажиллаж байна. Эмнэлгийн давуу талын хувьд, ЭМ-ийн сайдын баталсан тушаал, олон улсын эмчилгээ үйлчилгээний удирдамж, стандартуудыг чанд хатуу мөрдөж, тав тухтай орчин, эмнэлгийн халдвар хамгааллыг чандлан баримталж, мэргэжлийн эмч мэргэжилтнүүд маань “Эрүүл Монгол эмэгтэй, Элэг бүтэн гэр бүл” алсын хараатайгаар эмчилгээ үйлчилгээгээ түгээн дэлгэрүүлж байна. Эмч ажилчдын хувьд, Франц улсад олон улсын сертификаттай сургалтад 2017 онд хамрагдсан, 2018 онд Франц эмч нарын олон улсын сертификаттай сургалтанд нийт ажилчдаа дахин хамруулснаас гадна Монгол улсдаа мэргэжлийнхээ чиглэлээр сургалт авч, мэдлэг чадвараа байнга дээшлүүлж байна.

-Сүүлчийн асуулт. Та, танай эмнэлэг эмэгтэйчүүдэд юуг ам бардам амалж чадах вэ?

-Манай эмнэлгийн эмчилгээнд хамрагдсанаар аарцагны булчингийн асуудлаас ангижирч, сэтгэл зүйн эмчилгээ үйлчилгээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролтой болж төгс үр дүнг мэдрээд гарна. Энэ зөв дадал хэвшлээ амьдралынхаа хэв маяг болгож чадвал хүн бүхэн хүч чадалтай үтрээтэй болох боломж бий. Бид дэлхийд номер нэг нано технологи бүхий аппаратын ид шидээр аарцагны булчингийн нөхөн сэргээх физик эмчилгээг хийж манайд хандсан хүн бүрт эрүүл, хүчирхэг, аз жаргалтай амьдрах боломжийг олгож байна.

-Илэн далангүй ярилцаж хүн болгоны амьдралд, аз жаргалтай хамаатай мэдээлэл өгсөнд баярлалаа. Өөртөө хайртай, гэр бүлийн халуун дотно, бат бөх харилцаагаа эрхэмлэгч бүсгүйчүүд маань үүнийг уншаад нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа гэдэгт итгэлтэй байна. Танай хамт олны ажил үйлсэд улам их амжилт хүсье!

-Баярлалаа. Хүн бүхэн дор бүрнээ бие биедээ аз жаргал бэлэглэхийн төлөө хичээх ёстой гэж би боддог. Бид хувьдаа, манай эмнэлэг бүхэлдээ иргэдийнхээ эрүүл, аз жаргалтай амьдрал, элэг бүтэн сайхан гэр бүлийн төлөө чадах чинээгээрээ зүтгэж байна. Үүнийгээ бид нийгмийн хариуцлага гэж ойлгодог. Энэ мэдээллийг биднээс авч олон нийтэд түгээж байгаа танай хамт олонд ч гэсэн талархлаа. Улам их амжилт хүсье!

Ярилцсан: М.Саян

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (23)
  • 09-20 07:51
    Retweet (16)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-20 07:00
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 09-20 07:52
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-20 08:16
    Retweet (2)
  • 09-20 08:02
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-20 09:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)