А.Ундраа: Хар нүх дэлхийд аюулгүй
2019 оны 4 сарын 12

        Хүн төрөлхтөн сансарт анх ниссэний 58 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ үйл явдал шинжлэх ухаанд гайхамшигт нээлт болж дэлхий даяараа баярлаж байсан. Үүнтэй агаар нэг үйл явдал энэ өдрүүдэд болж буй нь M87 галактикийн төвд байх Хар нүх хэмээх сансрын биетийн гэрэл зургийг олон нийтэд харуулсан тухай юм.

        Энэ бол шинжлэх ухааны гайхамшигт нээлт. Галактикийн уудам дэх Хар нүхийг олж, гэрэл зургийг нь аван олон нийтэд харуулсныг эрдэмтэн, судлаачид их баяртайгаар хүлээж авч байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраа. А.Ундраа нь 29 насандаа цөмийн физикээр АНУ-д доктор хамгаалсан, АНУ-ынн Ливерморийн Үндэсний Хүрээлэнд судлаач, Станфордын их сургуульд профессороор ажилласан, цөмийн физикч, эрдэмтэн эмэгтэй юм.

        Бид түүнтэй энэ удаа улс төр бус хүн төрөлхтний олж нээсэн гайхамшигт нээлт Хар нүхний талаар ярилцлаа. Хар нүхний талаарх олон нийтийн ойлголт маш бүдэг мөртлөө харьцангуй бөгөөд энэ төрлийн мэдээлэл хүмүүст тэр чигээрээ танин мэдэхгүйн мэдээлэл түүнийг дагасан сониуч асуултыг үлдээж буй.

-Өнөөдөр би тантай улс төр ярихгүй. Харин таны үндсэн мэргэжлийн хүрээнд ойрын өдрүүдэд хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй Хар нүхний талаар ярилцах гэсэн юм. Энэ сарын 10-ны өдөр /2019.04.10/ Event Horizon Telescope төслийн 200 орчим эрдэмтний нээж илрүүлсэн Хар нүхний гэрэл зургийг олон нийтэд үзүүллээ. Олон нийт Хар нүх гэж чухам юу юм бэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Хар нүх гэж яг юу юм бэ?

-Хүн төрөлхтөн анх бий болсон цагаасаа огторгуй, сансар ертөнцийн талаар судалж, асуулт асууж түүндээ хариулахыг зорьж иржээ. Тодруулбал, хүн анх сансарт ниссэн, саран дээр буусан, Марс гариг руу экипаж явуулсан гээд тодорхой зорилготой ажлуудыг хийж ирсэн. Сансар ертөнцийг судлахаас гадна нарны аймаг болон одод, одод ертөнцөд болдог үйл явцыг ч мөн судалсан. Од бий болох үйл явц, од дэлбэрэх, тойроод бүслүүр үүсэх, насжилт нь дуусч устаж үгүй болох, задрах гэх мэт олон үйл явцыг судалж ирсэн. Үүн дотроос хамгийн онцгой нь галакси болон нарны аймаг юм. Оддын маш олон бөөгнөрөл бий. Оддын бөөгнөрлийн бие, биеэсээ алсран холдож тэлдэг, тодорхой хурдыг эрдэмтэд хэмжсэн байдаг. Тэлж буй тохиолдолд хэзээ агших вэ гэх асуулт гарна. Их тэсрэлтийн үйл явцаар тэлэлт бий болсон.

Тэгэхээр хамгийн дээд хязгаартаа хүртэл тэлчхээд буцаад агшина гэсэн онолыг дэвшүүлээд туршлагаар батлаад байна. Одноос ирж буй гэрлийг бүртгэдэг янз бүрийн аргууд бий. Олон төрлийн цацраг туяа одноос ирдгээс бүртгэх боломжтой нь гэрэл юм. Үүнтэй уялдуулаад хэлэхэд хүн төрөлхтний гайхшралыг төрүүлдэг зүйл бол матери болон антиматери юм. Бид гарт баригдаж, нүдэнд үзэгдэх материаллаг зүйлсийг матери гэдэг. Матери, антиматери хоёр нэгдвэл оргүй хоосон болно. Үүнийг физикийн нэр томьёогоор вакум гэж нэрлэдэг. Нийт орчлон ертөнц, юмсын 96 хувь нь хар нүх шиг орсон мэдээлэл эргэж гарч ирдэггүй гэсэн онол бий. Тэгэхээр дөрвөн хувь нь таньж, мэдэж, харагдаж үзэгдэж болох зүйлс. Тэгэхээр мэдэхгүй, хэзээ ч хэмжишгүй нөгөө талд нь гарч болохгүй зүйл маш их.

-Хар нүх дэлхийд аюул учруулах уу гэдэг асуултыг олон нийт хамгийн ихээр сонирхож байна?

-Хар нүх бол хүн төрөлхтний хувьд маш том танин мэдэхүйн, оюуны үсрэлттэй нээлт боллоо. Энэ нь сансарт хүн ниссэнтэй адил томоохон үйл явдал. Өнөөдөр гэрэл зураг нь олон нийтэд дэлгэгдсэн хар нүх нь дэлхийгээс 54 сая гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд нарнаас 6.5 тэрбум дахин хүнд жинтэй. Гэрлээс илүү хурдан зүйл үгүй. 54 сая жил явж ирнэ гэдгийг бүртгэж байгаа. Хар нүхний өөрийнх нь онолоор бол орсон зүйл гардаггүй. Эгэл бөөм, цахилгаан соронзон долгион гээд юу ч орсон буцаж гарч ирдэггүй. Аливаа нэгэн зүйл хар нүхний эргэн тойронд дөхөх тусам жишээлбэл од ойртвол маш их нягтаршиж хүчтэй гэрэл гаргана. Гарч буй гэрэл, ялгаруулж буй долгионы давтамж нягтаршил нь нэмэгдэхийн хэрээр өөрчлөгдөнө. Асар их хүндийн хүчний орон зайд дөхөөд ирэхийн хэрээр гэрэл нугараад тойрдог. Бид босоо, хэвтээ эсвэл x, y, z тэнхлэг гурван хэмжээсээр огторгуй болон эргэн тойрноо төсөөлдөг. Гэтэл хугацааг дөрөв дэх хэмжээс гэж Эйнштейний Харьцангуйн онолд үзчихсэн байдаг.

Гэхдээ огторгуйн эгэл бөөм физикийн онолын төвшинд 11 хэмжээс онолын цаадах хөгжилд байдаг гэж хэлж болно. Энэ олон хэмжээст огторгуйд гэрлийн нугаралтыг томьёолж бичиж болдог. Бидний өнөөдөр үзсэн зураг хар нүхний асар их хүндийн орон зайд дөхөж ирсэн од болон бусад сансрын биетүүдийн нягтаршлын улмаас гарч буй долгионы зураг. Хар нүхийг тойрсон хэсгийг харвал бадамлан асч буй тод бүслүүр байгаа. Сансрын биетүүд хар нүх рүү татагдан орохынхоо өмнө асар хүчтэй илүү гэрэлтэж байгаа юм. Хар нүхийг тойрсон биетүүдийг бүртгэж авч байгаа. Тэр нь 54 сая жил явж очсон гэрэл. Тэгэхээр ой тойнд багтахад хүнд байгаа юм. Гэхдээ л гайхамшигтай. Ер нь бол дэлхийд аюулгүй. Хамгийн хурдан гэрэл 54 сая жил явж очсон байна шүү дээ. Манай дэлхий асар жижигхэн. Бид сансар огторгуйд хумхын тоос мэт жижигхэн гэх төсөөллийг төрүүлж байна.

-Та Хар нүхийг цаг хугацаа, орон зайн төгсгөл буюу ертөнцийн төгсгөл гэж цахим хуудаснаа бичсэн байсан. Яагаад төгсгөл гэж бичсэн юм бэ?

-Хүмүүс над руу маш олноороо хандаж байна. Тэд “яагаад төгсгөл гэж. Энэ бол эхлэл биз дэ” гэж надаас асууж байгаа. Төгсгөл гэж хэлсэнд минь бухимдсан. Одоо бидэнд буй мэдээллээр энэ бол орон зай, цаг хугацаа, оршихуйн төгсгөл. Гэхдээ эхлэл ч байж болно шүү дээ. Учир нь онолын хувьд задгай байна. Үүнд хариулахад дахин хэдэн арван жил зарцуулагдана. Магадгүй 22 дугаар зуунд хариулах байх. Бидний амьдарч буй ертөнц их тэсрэлтээр бий болсон шүү дээ. Хар нүхнээс тэсрэлт бий болж дараагийн ертөнц бий болохыг үгүйсгэхгүй. Хар нүхийг тэсрэлттэй холбох судалгааг эхлэх байтугай асуултаа ч томьёолж чадаагүй байна. Бид дараа, дараагийн асуултыг их хурдан тавьж байх шиг байна /инээв/. Аргагүй энэ бол маш их сонирхолтой зүйл.

-Хар нүхийг олж илрүүлж түүний зургийг авсан үйл явдлыг эрдэмтэд хэрхэн хүлээж авч байгаа вэ?. Мэдээж маш их баярлаж байгаа байх. Түүнээс гадна асар их зүйлийг дахин судлах шаардлагатай болж байгаа болов уу?

-Маш их баярлаж байгаа. Энэ судалгаа хийгдэж буйг би олон жилийн өмнө мэдсэн. Үр дүн гарахыг нь дотроо хүлээж байсан. Би баярласандаа урд шөнө унтаж чадаагүй. Эрдэмтэд үүнд их анхаарал хандуулж байна. Өмнөд туйл, Австрали тив, Хойд Америк, манай хөрш зэргэлдээ орон, Европын орон зэрэг маш олон оронд бүртгэлийн телескоп суурилуулсан. Телескопыг төв системээс удирдаж байсан. Түүнд ирсэн датаг цуглуулж анализ хийж гаргаж ирсэн дүн. Маш олон зуун хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил. Мөн олон жилийн турш маш өндөр өртөгтэйгөөр хийгдсэн судалгааны үр дүн. Үүний үр дүнд хүн төрөлхтөн анх удаа хар нүхний зургийг харж байна. Тэр бол гайхамшигтай. Өчигдөр /уржигдар/ агуу нээлт болсон.

-Зарим хүмүүс Хар нүхний цаана бидний мэдэхгүй агаартай, амьтай, биеттэй тэс өөр ертөнц бий гэж ярьж байна?

-Хар нүхгний зургийг олон нийтэд үзүүлсэнтэй холбогдуулан хүний орших эс оршихын эсвэл сүнсний ертөнцтэй холбоотой олон асуулт гарч ирж байна. Энэ чиглэлийн нарийн ажиглалт хийдэг хүмүүсийн тэр дундаа шашны, философийн сэтгэгчдийн таамаглал их байна. Тэр яриа хөөрөөг сонирхож үзэх нь надад ч сонирхолтой байна.

-Хар нүхийг судлах судалгаа цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Маш олон асуултад хариулахын тулд судалгаа үргэлжилнэ. Ертөнцийг танин мэдэх бидний хүсэл хязгааргүй. Нэг хариулт гарч ирэхдээ дараагийн асуултаа дагуулж байдаг. Хүмүүс энэ талаар асуулт асууж, уншиж, сонирхож байгаад би асар их баяртай байна. Миний баяр хөөр, сэтгэл хөдлөлийг хуваалцаж буй олон хүн байгаад маш их баяртай байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд ч мөн бүх эрдэмтнийхээ өмнөөс баярласнаа илэрхийлье.

Эх сурвалж. Medee.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (10)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • 07-16 16:12
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-16 16:49
    Retweet (1)
  • 07-16 16:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-16 16:51
    Retweet (0)
  • 07-16 16:45
    Retweet (0)
  • 07-16 16:33
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-16 15:50
    Retweet (0)