Од ба Гэгээ: Үзэгчдийн БОЛОВСРОЛ хэзээ дээшлэх вэ?
2019 оны 4 сарын 10

"Од ба Гэгээ" уран сайхны кино өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд даруухан нээлтээ хийлээ. "Од ба Гэгээ"-гийн хувьд энэ нь анхны нээлт биш юм. Тус бүтээл өнгөрсөн оны “Бусаны олон улсын кино наадам” болон “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын нээлтийн киногоор шалгарч, аль хэдийн үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байсан. Киноны ерөнхий найруулагчаар Л.Бат-Амгалан, Иян Аллардайс нар ажиллаж, Одын дүрд Магнолиан буюу Б.Дөлгөөн, Гэгээгийн дүрд реппер М.Номин- Эрдэнэ (NMN) нар тоглосон.

Найруулагч Л.Бат-Амгалан, Иян Аллардайс нарын хувьд "Гайхамшигт нислэг" богино хэмжээний киногоороо Токио, Лондон, Кардиф, Манчестерийн кино наадамд оролцож байсан. Мөн "Good old days" баримтат кино Нью-Йорк, Лос Анжелес, Токио, Бусаны олон улсын кино наадамд оролцсон гээд чамгүй туршлагатай.

Харин тэдний шинэ уран бүтээл "Од ба Гэгээ" элдэв маяг, гял цал чимэг, хэтрүүлэгтэй үйл явдал, хурц зөрчил үгүй. Эхлэл, өрнөл, төгсгөл тэр чигтээ капитал нийслэл хотыг дүрсэлсэн. Өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байх байшин барилгын олон деталуудаас улам л шигүү, эмх замбараагүй болж буй их хотыг харж болно. Киноны гол тээш бие хүн болон төлөвших гэж хичээж буй залуус хоорондын харилцаа, нийгмийн амьдрал, аж төрөхүйн асуудлууд, хүсэл мөрөөдөл, хувь хүн өөрөө өөрийгөө үл ойлгох хэсэгхэн үе зэргийг энгүүн сайхнаар өгүүлнэ.

Киноны найруулагчид хөгжмийн кино хийнэ гэж эртнээс хүсч иржээ. Тэр хүсэл нь “Од ба Гэгээ” кинонд биеллээ олсон нь энэ. Ардын хөгжмийг амьд хөгжимтэй хослуулсан түүнээс үүсч буй аялгуу дуу танхим суудлаа эзэлсэн үзэгчдийг уйдаах бус харин ч тэдэнд таатай мэдрэмжийг төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

Найруулагч Л.Бат-Амгалан “Монголыг гадныхан хөдөө нутгаар нь л төсөөлдөг, энэ үзэл бодлыг нь өөрчлөхийг зорьсон” хэмээн Улаанбаатар кино наадмын нээлтийн үеэр ярьж байсантай нь хийсэн бүтээл нь яв цав таарсан мэт сэтгэгдэл үзэж байхад төрсөн. Яг үнэндээ Монголын кино урлагт мюзикл, дээрээс нь инди орчин үеийн бүтээл тун цөөхөн. Тийм ч болохоор "Од ба Гэгээ" Монголын орчин үеийн кино урлагт татсан “Гэгээ” байлаа. Үүнийг тодотгож хэлэхэд ч бахдам байна.

  • Нээлтээ хийгээд хоёр долоо хоног ч болоогүй “Од ба Гэгээ” ихэнх театруудаас буужээ. Энэ үйл явдал өөрөө л Монголын кино урлаг хэр түвшинд явж байгааг, явж ирснийг илтгэх шиг. Үнэхээр сайн бүтээлийг үзэгчид яагаад үзэхгүй байна вэ?

“Улаанбаатар” кино наадмаар "Од ба Гэгээ"-г үзсэн цагаас хойш хэзээ нээлтээ хийж олон үзэгчдэд хүрэх бол гэсэн хүлээлт өндөр байсан юм. Ингээд кино нээлтээ хийсэн мэдээг сонссон даруйдаа театрт дахин үзэхээр очлоо. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэдэг ч их сонин. Гэтэл кино эхлэх цаг болчихоод байхад театрын танхим талдаа ч хүрэхгүй хүнтэй харагдав. Өмнө нь яг ийм дүр зурагтай хэд хэдэн удаа таарч байжээ. Эндээс нэг зүйл ажиглагдсан. Сайн бүтээлийг монголчууд үздэггүй. Монгол үзэгчид хэтрүүлэгтэй жүжиглэлт, утга учиргүй зодоон, амьдралаас хол зөрчил бүхий усан кинонд л шуурч үздэг.  

Үзэгчдийн кино боловсрол дээшилсэн цагт кино урлаг хөгжих болно. Дэлхийн жишиг ч өөрөө ийм шүү дээ. Монголчууд жинхэнэ “бүтээл”-ийг тоож ч үздэггүй нь эмгэнэлтэй байна. Ингээд удалгүй дараагийн харамсалтай мэдээ сонсогдов. Нээлтээ хийгээд хоёр долоо хоног ч болоогүй “Од ба Гэгээ” ихэнх театруудаас буужээ. Энэ үйл явдал өөрөө л Монголын кино урлаг хэр түвшинд явж байгааг, явж ирснийг илтгээд өгчих шиг. Үнэхээр сайн бүтээлийг үзэгчид яагаад үзэхгүй байна вэ?

Энэ асуултад зарим хэсэг нь манайхан ийм төрлийн кино угаасаа үзэхгүй, ойлгож хүлээж авахгүй гэх. Инди бүтээлийг инди “тархи” л хүлээж авдаг гэсэн ойлголт нь өөрөө кино урлагийн ахиц дэвшилд тушаа болж байж ч магадгүй. “Би жинхэнэ уран бүтээл л үздэг, массын кино үздэггүй. Масс нь массын киногоо л үзнэ” гэсэн хандлага зарим сайн киног урагш алхахад, уран бүтээлчдийг илүү хөгжихөд, инди төрлийн бүтээл туурвигчид Монголд олширч, энэ зах зээл илүү сайжирхад сөргөөр нөлөөлж байхыг ч үгүйсгэхгүй. Гол нь үзэгчид сайн ба муу уран бүтээлтийг ялгаж салгадаг байх хэмжээний кино боловсролтой байхыг л бид нэг нэгнээсээ шаардах ёстой юм болов уу.

Монголын кино урлаг гэгээтэй байгааг “Од ба Гэгээ”-г үзээд олж харсан юм сан. Харамсалтай нь, үзэгчид тэр гэгээг олж харсангүй. Мөнгө төлж үзэж буй бүтээлдээ шаардлага тавьж, дүгнэж, юу үзэх, юуг үзэхгүйгээ өөрсдөө шийдэх чадвартай болох цаг иржээ, үзэгчид ээ!

Эх сурвалж: Zindaa.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-23 09:24
    Retweet (8)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • 04-23 09:56
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 09:44
    Retweet (1)
  • 04-23 09:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 09:30
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 10:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-23 10:13
    Retweet (0)