• Махны экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

    Махны экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

    Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан өнөөдөр /2017.08.08/ Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Кыонг нар даргалж оролцов.

    Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

    Хуралдааны эхэнд Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын дарга, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлж, ЗГХК-ын 15 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав. Тэрээр Эдийн засгийн бодит өсөлт 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.3 хувьд хүрсэн байна. Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн нэн тэргүүнд улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаад буй хүндрэлийг даван туулахаар тал бүрийн арга хэмжээ авч ажиллаж байна. Бид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталсан. Эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр давж биелсэн гэв.

    2016 оны байдлаар Монгол-Вьетнамын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 43.0 сая ам.доллар /2010 онд 10 сая ам.доллар/, үүнээс экспорт 2,9 сая ам.доллар, импорт 40,1 сая ам.доллар байгааг дурдав. Экспорт 2,9 сая ам.доллар /гянт болдын хүдэр үхэр, адууны шир, шевро, гэх мэт/, Импорт 40,1 сая ам.доллар /цагаан будаа, угаалгын бодис, кофе, ургамлын тос, лаазалсан ногоо, жимс, самар, чихэр, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл эм, химийн бүтээгдэхүүн /будаг, угаалгын бодис, угаалгын нунтаг/, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд гэх мэт/ байна.

    Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг 2017-2019 онд Худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын худалдааны эргэлтийг 2020 онд 70 сая ам.долларт хүргэх, Монгол Улсаас ямааны гүн хөлдөөсөн мах, дулааны аргаар боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн Вьетнамд, Вьетнамаас гүн хөлдөөсөн далайн бүтээгдэхүүн, бэлэн хувцас, өргөн хэрэглээний бараа худалдан авах боломжтой. Эдгээр ажлыг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын яам онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.

    Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Вьетнам Улсад хийсэн айлчлалаар мах, махан бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлоход чухал ач холбогдолтой баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанаар Хүнсний эрүүл ахуйн Гэрчилгээг тохиролцсоноор хоёр улсын хооронд хүнсний бараа, бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байна. Тиймээс 2017-2018 онд эхний ээлжинд туршилтын журмаар Монголоос 200 тонн гүн хөлдөөсөн ямааны мах, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, Вьетнамаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бусад бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг дэмжиж хэрэгжүүлэх саналыг энэ удаагийн хурлын үеэр хөндөв.

    Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын дарга, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыонг-тэй ЗГХК-ын 16 дугаар хуралдааныг хамтран зохион байгуулсанд баяртай байгааг илэрхийлж, энэхүү яриа хэлэлцээ нь Монгол, Вьетнам найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан салбар хуралдаанаар үргэлжилж байна.
  • ТНБД Д.Даваасүрэн АРФ-ын сайд нарын уулзалтад оролцож байна

    ТНБД Д.Даваасүрэн АРФ-ын сайд нарын уулзалтад оролцож байна

    Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод 2017 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж буй АСЕАН-ы Бүсийн чуулганы (АРФ) Сайд нарын 24 дүгээр уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

    АРФ-ын үйл ажиллагаа нь гамшгаас авран хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудалд төвлөрдөг. АРФ-ын даргын үүргийг АСЕАН-ы тухайн жилийн дарга орон гүйцэтгэдэг бөгөөд 2017 онд Филиппиний ээлж тохиож байгаа юм. Энэ удаагийн уулзалтын үеэр АСЕАН үүсч байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж байгаа болно.

    Солонгосын хойгийн хурцадмал байдал, Умард Солонгосын цөмийн туршилт, Хятадын өмнөд тэнгисийн зөрчилдөөн, терроризм, кибер аюулгүй байдлын асуудал АРФ-ын Сайд нарын 24 дүгээр уулзалтын анхаарлын төвд байна.

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дээрх уулзалтад оролцох үеэрээ бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэв. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны чухал бүтцүүд болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох манай улсын хүсэл эрмэлзлийг нотлов.

    Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ен Хо, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын дэд ерөнхийлөгч Федерика Могерини нартай хоёр талын уулзалт хийв. Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Филиппин зэрэг улсын Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

  • 1,3 сая тун шүлхийн вакцин ОХУ-аас хүлээн авч вакцинжуулна

    1,3 сая тун шүлхийн вакцин ОХУ-аас хүлээн авч вакцинжуулна

    Мал, амьтны гоц халдварт өвчин нь дан ганц Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд малын гоц халдварт өвчин голомтлон гарч, эдийн засгийн үлэмж хохирол учруулсаар байна. Жил бүр гоц халдварт өвчний тохиолдол нэмэгдэж, шинээр өвчин бүртгэгдэж байгаа нь уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, гоц халдварт өвчин оношлогдсны дараа биш өмнө зохион байгуулалттайгаар сэргийлдэг, эрсдлийг бууруулдаг байх шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ нь олон улсын худалдаанд хориг саад болж, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг хааж, улс орон, аймаг сумын эдийн засагт төдийгүй малчдын орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 06 дугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн 21 дүгээр чуулганд оролцох үеэр “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Ийнхүү хэлэлцээрт гарын үэсэг зурснаар Оросын Холбооны улсын “Холбооны Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцин нийт 4 119,20 мянган тунг нийлүүлэх юм. Үүний эхний хэсэг болох 1,300,700 (нэг сая хоёр зуун наян мянга долоон зуу) тун вакциныг өнөөдөр /2017.07.31 / хүлээн авч байна.

    Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн захирал Б.Ганзориг, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын зөвлөх А.И.Николаевич, ОХУ-ын Бүх Оросын мал амьтан хамгаалах холбооны төвийн шүлхийн вакцин үйлдвэрлэх төвийн дарга Д.В.Михайлншин нарын төлөөлөл оролцов.

    Эхний ээлжинд нийлүүлэгдсэн вакцинаар төвийн, зүүн бүсийн голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсийн мэдрэмтгий малыг вакцинжуулахаар төлөвлөөд байна. Цаашид үлдсэн вакциныг тодорхой үе шаттайгаар Монгол улсад нийлүүлэх ажлыг ОХУ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран зохион байгуулах болно.
  • Орчуулгын уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

    Орчуулгын уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

    Жил бүр шинэ үеийн залуу орчуулагч нарын дунд зохион байгуулдаг ”Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан” энэ жил амжилттай болж өндөрлөлөө. Монголын орчуулагчдын эвлэлийн уламжлалт ажил юм.

    Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаанд 30 гаруй залуус орчуулсан бүтээлээ ирүүлснээс шилдэг 22 залуу орчуулагчдын 29 өгүүллэгийг ”Сонгодог өгүүллэгийн дээжис-4” номонд эмхэтгэн оруулсан юм. Монголын томоохон шатахуун импортлогч ”М-Ойл” групп ивээн тэтгэж хэвлүүлсэн энэхүү номын нээлт ”Азхур” номын их дэлгүүрт боллоо.

    Нээлтийн үеэр уралдааны дүнг танилцуулж, байр эзэлсэн шилдэг орчуулагчдад шагнал гардуулав. Энэ жилийн ”Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д оролцогчдоос Тэргүүн, Дэд, Гутгаар байраас гадна гурван Тусгай байрыг шалгаруулсан билээ.

    Ийнхүү Тусгай байрын шагналыг Г.Сүрэн, Г.Сугиррагчаа, Д.Золбоо нар хүртсэн байна.

    Харин гуравдугаар байрыг Ц.Эрдэнэцэцэг, хоёрдугаар байрыг Д.Ариунболд, тэргүүн байрыг Мө.Батбаяр нар эзэлж, шагналаа гардан авлаа.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх, бүс нутгийн IV их хурлын бэлтгэл ажил эхэллээ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх, бүс нутгийн IV их хурлын бэлтгэл ажил эхэллээ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх асуудлаар Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр их хурал манай улсад болно. 2019 онд зохион байгуулах их хурлын бэлтгэлийг өнөөдрөөс эхлүүлж, анхны уулзалтыг хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн, ЖАЙКА болон бусад олон улсын байгууллагууд, ТББ-ын төлөөллүүд уулзалтад оролцож байна.

    Ази, Номхон далайн бүс нутагт 57 орон багтдаг ба ойролцоогоор 650 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх баримт бий. Дээрх орнуудаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх сүлжээнд 37 орон гишүүнээр элссэн байдаг тухай уг сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани хэлж байна. Уулзалтыг нээж ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын зүгээс баримталж буй бодлого, УИХ-аас батлан хэрэгжүүлж буй хууль, баримт бичгүүдийн талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. 2009 онд манай улс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид нэгдэж орсон. Улмаар 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.



    Манай улс 4 дүгээр их хурлыг “Бизнест хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” уриатай зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд, бүс нутгийн орнуудаас 200 гаруй төлөөлөгч ирэх бөгөөд Монгол Улсын 21 аймаг, дүүргээс ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон улсын байгууллага, ТББ-ын төлөөллийг тэгш хамруулахыг зорьж байгаа юм. Ирэх хоёр жилийн хугацаанд зохион байгуулалтыг Засгийн газрын түвшинд анхаарч ажиллана гэдгийг уулзалтын үеэр тодотгож байв.

    Их хурал нь анх 2008 онд Тайландын Бангкок хотод болж 53 орны 600 гаруй иргэн оролцжээ. Дараагийн их хурал 2011 онд Филлипиний Манила хотод “Хүн бүрийг хамт олонтой болгоно” сэдвийн дор нэгдсэн бол гуравдугаар их хурал 2015 онд Японы Токиод “Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдвийн дор зохион байгуулагдсан. Тэгвэл 2019 оны гол сэдэв нь “Бизнест хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” тухай. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгэж, ижил тэгш хэмжээнд авч үзэх, улмаар ажлын байранд хамруулж, ядуурлыг бууруулахад чиглэж байна.



    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжих, хамт олонд хамруулан хөгжүүлэх хандлага ч олон улсад хэдийнээ түгэн дэлгэрсэн. Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Аки Ниномия “Disability Inclusive Business” буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулсан бизнесийн талаар ярьж байлаа. Тайланд, Вьетнам, Япон зэрэг оронд амжилттай хэрэгжиж буй DIB олон бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүнсний үйлдвэрт, модны үйлдвэрт маш олноороо ажиллаж харилцан бие биенийхээ бизнесийг өргөжүүлэхэд тусалдаг. Үүнээс гадна тухайн орны төр, Засгийн газар, үндэстэн дамнасан томоохон корпорациуд нь DIB-ийн бараа, бүтээгдэхүүнийг түлхүү захиалан хэрэглэж, дэмждэг тухай бодит жишээ хэлж байв. Энэ ч утгаараа Монгол Улс дөрөвдүгээр их хурлыг зохион байгуулагчийн хувьд амжилттай хэрэгжиж буй DIB төслүүдийн олон жишээ гаргаж, бүс нутагтаа сурталчлаасай гэж хүсч байлаа.

    Бэлтгэл ажлын уулзалт маргааш /7-р сарын 28-нд/ үргэлжилнэ.
60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026