Өнгөрөгч долоо хоногт хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хүлээн авсан. Тухайлбал Улсын их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Буд, Ц.Цэнгэл нар өргөн барив.Энэхүү шинэчилсэн найруулгад “Үндэсний их баяр наадмыг төр зохион байгуулах нь төсвөөс их хэмжээний зардал гарч, буцаан төвлөрүүлж чадахгүй байгаа учраас мэргэшсэн холбоодод зохион байгуулах эрхийг олгох нь илүү оновчтой” хэмээжээ. Ингэснээр хариуцлага сайжирч, улсын их баяр наадам жинхэнэ утгаараа ард түмний баяр болно гэж үзсэн юм байх. Нөгүүдүүл нь хөрөнгө төсвөө олигтой батлахгүй, батласан ч дээр доороос нь хамж, шимж идэж уусаар таарах байлгүй. Манайхан ямар ханаж цадахаа мэдэх биш. Хэн нэгний хэтэвчийг зузаатгаад л өнгөрнө. Мөн төсөлд тусгасан хоёр дахь томоохон заалт нь сэргээшийн шинжилгээтэй холбоотой гэнэ. Одоогийн хуулиар шөвгийн 16-д үлдсэн бөх болон сур харвааны эхний гурван байр эзэлсэн харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг ч шинжилгээний хариу гараагүй байхад буюу наадмын үеэр цол, чимэг олгодгийг хууль санаачлагч эрхэмүүд үгүйсгэж буй аж. Тэднийхээр бол шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүд болон харваачидад цол, чимгийг олгодог байхаар тусгасан. Бөхчүүд, харваачид нь хэзээ шинжилгээний хариу гарч цол, чимиг, бай шагналаа авах юм бол гээд хүлээж суух болж байна уу. Аль эсвэл нөгөө хэмнэх гээд байгаа улсын төсвөөсөө санхүүжүүлээд “Баяр наадмаар амжилт гаргасан бөхчүүд, харваачидад цол, чимиг олгох” УИХ-ын гишүүдээр ахлуулсан баг бүрдүүлээд араас нь гүйж, хөөж байгаад өгчих юм уу. Уг нь ард түмнийхээ өмнө авах ёстой шагналаа, хүртэх ёстой хувиа авч байх нь хэн хэндээ л сайхан байна.
Ард түмний их баяр наадам гэдгийн утга учир уг нь энд л баймаарсан.Харин нэг авууштай гэж болмоор заалт нь хурдан морины уралдаанд эрлийз морьд уралдах болсон тул түүнд бас шалгуур тавих хэрэгтэй гэж үзсэн нь. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд 75 буюу түүнээс дээш хувийн Монгол цустай морьд уралдуулж байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Ер нь 100 хувийн цэвэр цустай монгол морьдоо уралдуулсан ч болохгүй гэх учиргүй. Тийм боломж бидэнд байгаа. Хурдан гэхээрээ л заавал энэ тэндээс авчирсан эрлийз, хурлийз амьтаны цус холиотой байх ёстой биш.

Сэтгэгдэл байхгүй байна