Өвөлжилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс нэмэлт өвс, тэжээл олголоо

Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүн Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, Онцгой комисст заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. Өнөөдөр /2017.01.02/ шуурхай бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Сүхбаатар сумдад ажиллаа. Улсын хэмжээнд нийт 15 аймгийн 130 гаруй сум зудын байдалтай цаг үеийн нөхцөл байдал хүндхэн байгаа юм. Тиймээс хүндэрсэн аймаг, сумуудад улсын нөөцөөс өвс, тэжээл, хүнсний бараа, материал, малын эм био бэлдмэл, донор байгууллагуудын тусламжийн барааг хуваарлан хүлээлгэж өгч байгаа юм.

Сэлэнгэ аймагт өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад 100 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө, Хүн амын нягтрал ихтэй Мандал, Сайхан сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт хоёр автомашин, 138.2 литр эм , био бэлдмэл, улсын нөөцөөс 160 тонн өвсийг үнэгүй, 160 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулж нийт 233.7 сая төгрөгийн хөрөнгийг олгожээ. Үүнээс гадна Шадар сайд энэ өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллахдаа тус аймгийн өвөлжилт хүндэрсэн 8 суманд нийт 160 тонн өвс , 80 тонн тэжээлийг нэмж хүлээлгэж өглөө.

Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар 17 сумын 56 багт 9512 малчин өрхийн нийт нэг сая 599 мянга 750 толгой мал өвөлжиж байна. Харин одоогийн байдлаар Баруунбүрэн, Зүүнбүрэн, Цагааннуур, Хүдэр, Шаамар, Хушаат, Ерөө,  зэрэг 7 сумдад өвөлжилт хүндэрч 900 гаруй толгой мал хорогджээ. Өвөлжилт хүндэрсэн сумдад 913 малчин өрхийн 3439 иргэн өвөлжиж байгаагаас Жирэмсэн эмэгтэй-43, 0-5 насны 410, өндөр настан-187, Хөгжлийн бэрхшээлтэй-144 иргэн өвөлжиж байгааг хэлж байна.Шадар сайд маргааш /2017.01.03/ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумдад үргэлжлүүлэн ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ өгч, шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэн ажиллана. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025