
Орхон аймаг бол Монголын Америк гэж олон хүн дуугарч байх юм. Энэ ч үнэн бололтой. Жилээс жилд бүтээн байгуулалт, бүтэлтэй ажлууд нэмэгдэж байгаа нь бодит ажлуудаас тод харагдана.
Баялаг хэзээ нэгэн өдөр дуусна. Харин дуусахаар нь яах вэ?. Уул уурхайг дагасан хотуудын эмгэнэлт түүхийг давтах ёстой гэж үү?. Тэгвэл Эрдэнэтийн уураг тархиуд үүнийг аль хэдийнэ бодож төлөвлөж, тооцоолсон байх юм. Тодруулбал, уул уурхайгүйгээр өөрсдийн хөгжлийг тодорхойлохоор эрхэм Засаг дарга ба түүний нөхөд хичээнгүйлэн ажиллаж эхэлжээ. Тэд юу юунаас илүү хүнээ төв болгосон, хүний хөгжил рүү чиглэсэн бодлогоор ажиллаж байна. Хүн нь хөгжиж байж, хүн нь эрүүл байж, хүн нь амар амгалан, идэвхи санаачлагтай амьдарч байж тэр аймгийн, тэр улсын хөгжил, ирээдүй тодорно шүү дээ.
Орхон аймаг бол оюуны болон эдийн засгийн өндөр чадамжтай газар. Тиймээс аймаг сумдынхаа хөгжил дэвшлийг тодотгох гол хүчнээр эрдэмтдийг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэмтдийн зөвлөл байгуулж, санаа бодлыг нь тусгуулж байна. Ингэснээр эрдэнэтийнхний оюуны потенциал дэлхийн зах зээлд гарна гэсэн үг. Энэ бол Эрдэнэтийн ирээдүйн баталгаанд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа ажил гэдгийг ч аймгийн Засаг дарга Д.Батлут онцолж байв.
Мөн төсөв хүндрэлтэй, эдийн засгийн хямралтай өнөө үед хөрөнгө санхүүдээ тааруулж ажиллаж байгаа газрууд олон бий. Харин Орхон аймгийн хувьд төсөв санхүүдээ баригдаж багахан ажлыг амжуулаад зүгээр суухгүй. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа гадна, дотны хөрөнгө оруулалтуудыг судалж, орон нутагтаа татах ажлыг Гадаад харилцааны албаараа дамжуулж хийхээр төлөвлөж байгаа аж. Эхнээсээ ч ажил хэрэг болоод явж байна.
Нөгөөтэйгүүр ах дүүгийн найрамдалт харилцаатай хотуудтайгаа харилцан ашигтайгаар хэрхэн хамтарч ажиллах болох вэ? гэдэг асуудлыг ч орхигдуулахгүй гэлээ.
Ийнхүү төсөв санхүүгээ нэмж, бага зардлаар их ажил амжуулж, нэг хүнийг ч орхигдуулалгүй хүн бүрлүү чиглэсэн үйл ажиллагаа явуулаад ирэхийн цагт Орхон аймаг хэрхэн хөгжихийг тодорхой цаг хугацааны дараа хүн бүхэн харах биз ээ. Ирээдүйн эмгэнэлт байдлыг үүсгэхгүйн төлөө өнөөдрөөс хичээн ажиллаж байгаа Орхон аймгийн талаарх тоймтой мэдээллийг бид цаг тухайд нь хүргэж байх болно.




Д.Дуулим
Сэтгэгдэл (3)