
Нэгэн баярт мэдээ. Монгол дээл дэлхийн загварын чиг хандлагад хүч түрэн орж ирж буйг дуулгахад таатай байна. Мэдээж загварын хувьд даашинз мэт хэв маягтай чамин ганган нь дийлдэшгүй болсон гэж болно. Тэгвэл эх орондоо энэхүү трэндийг “Монсоник”-ийн Б.Баярмаа дэлгэрүүлж. Бас ч үгүй гадаадын тэмцээнд бүтээлээ сойж байсан дизайнер бүсгүйн хурганы арьсан дээл зах зээл дээр 15-20 саяар үнэлэгдэж байна. Хүүхнүүд хуйлран бүр хоёроор нь авч байна гэнэ дээ, цаана чинь. Үнийн хувьд шиншила оруулгатай нь арай илүү үнэтэй. Оруулгагүй энгийн гэхдээ цэцэг навч болсон нь 15 сая. Нью-Йоркийн загварын долоо хоногт анх гарсан энэхүү орчин үеийн дээл ингэж моодонд орох гэж. Ээжийн оёж өгдөг энгийн нэгэн хурган дээл орчин цагт загварын ертөнцөд ноёллоо. Гэхдээ нэг эрсдэл байна. Хөх зүү хөндлөн барьдаг хэн ч гэсэн оёчих эд болохоор хэдийнэ дуураймал нь гарсан гэнэ. Ер нь тэгээд огт хуулбар гарахгүй бол тэр сайн бүтээгдэхүүн биш. Олон хувилагдаж олны нүдэнд өртөх тусмаа сайн байлгүй.

“Дачин Лоу” хуулийн фирмийг эх орондоо оруулж ирснээр танигдсан Д.Нандинцэцэг энэхүү дээлээр гоёжээ. Харин гутал нь сүүлийн үед охидын шүүгээнд байх болсон “Loriblu”. Бүсгүй ер нь үндэсний хэв маягаар хувцаслах болжээ.
“O Couture” загварын шоуны үеэр нэгэн бүсгүй мөн ийм загварын дээлээр гоёж. Брэндийн эзэн нь өөрөө иймэрхүү ягаан дээлтэй гарч ирснийг загварт дурлагсад санаж байгаа байх.

М.Зоригтын бэр модель Ө.Содгэрэл хурган дээлнээс хоёрыг худалдаж авсан гэж байгаа.
Сонирхуулахад Ким Кардашиан гэр бүлээрээ хурганы арьсан шуба хийлгэж өмссөн байна.
Ар араасаа “хурган” гангачууд гарч ирсээр байна. Хөдөөнийхний хувьд бол энэ зүгээр л хэрэглээ. Ихэвчлэн багачууд нь хурган дээлтэй гулгаж явдаг. Тэгэхээр манай малчид айхавтар ганган, баян “тарган” хүмүүс байх нь. Нэг л өдөр хотод орж ирээд энэ олон хурган дээлтүүдийг хараад малчид алмайрах байх даа. Дараагийн удаад хотынхон үргэлж шооддог, сүүлдээ бүр ОРК гэж хочлох болсон хөдөөнийхнөөсөө юу “туух” бол?


Сэтгэгдэл (19)