Эхлэн цэг тавихаасаа өмнө “элеганс” гэдэг харь үгийг монгол хэлнээ хэрхэн яруу тансагаар буулгаж болох вэ гэж бишгүй бодлоо. Уг утга нь тансаг учраас яг буулгаж чадсангүй. Ингэж бодол болсны учир нь эл хөрөг бичлэгийн эзэн бүсгүйг хэрвээ тодорхойлъё, төсөөлье гэхэд зөвхөн “элеганс” гэдэг үг л орж ирээд байсан хэрэг. Сэтгүүлчийнхээ хувьд олон хүнтэй уулзаж, ярилцлага хийж, заримдаа нүдэндээ нулимстай, цээжиндээ гунигтай, эсвэл багтаж ядсан баяр, бахархалтай гэх мэт сэтгэлзүйн янз бүрийн илрэлтэй буцаж оддог. Хэн нэгэнтэй уулзахад тухайн хүний талаарх төсөөлөл заавал ч үгүй тогхийгээд буугаад ирдэг нь магадгүй сэтгүүлч хүний араншин байх. Гэхдээ ямар ч сэтгэгдэл төрүүлдэггүй нөхдүүд бас байдаг аа. “MTS” группийн захирал хатагтай Х.Жавхлантай анх 2008 онд уулзаж, ярилцлага авч байхад ийм мэдрэмж төрж байсныг тод санаж байна. Эмх цэгцтэй, эмэгтэй хүнд байдаг эрхэмсэг хэрнээ аядуу аристократ араншин түүнтэй уулзахад л мэдрэгддэг. МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Москвагийн Нийгмийн ухааны сургууль хэмээх 2 том “школ”-ыг суурь боловсролоо болгосон нь хувь хүнийх нь характерт үлдэж шингэсэн нь энэ биз. Уг гарал нь Дарьганга боловч унаган хотын охин дундаж гэр бүлд төрж өсөн, сургууль соёлын мөр хөөн оджээ. Москвагийн Нийгмийн ухааны их сургуулийг дүүргэж ирчихээд ажлынхаа гарааг “Скайтел” компанийн ресепшний ажлаас эхэлж байсан нь найзуудынх нь инээдь гайхлыг зэрэг төрүүлж байсан гэдэг. Захирал нь хүртэл гадаадад сургууль дүүргэсэн хүнийг яаж үүдэндээ суулгахав гэсэн ч залуу бүсгүй зөрсөөр байж хамгийн доод албан тушаалаас нь ажлын гараагаа эхэлсэн нь зөвхөн Жавхлан хатагтайгаас гарах араншин. Бүх зүйлийг доороос нь эхэлж сурах ёстой нөгөө талаар бусдын ажлыг цалгардуулж болохгүй гэсэн хувь хүний хариуцлагатай бодлоос үүдэлтэй. Энэ тухайгаа тэр үед хэнд ч тайлбарлаагүй, хожим хойно хэлсэн хэмээн тэр учирласан.
Хар багаасаа хөдөлмөрийн амт, мөнгөний үнэ цэнийг мэдэрч хүмүүжихэд, ер нь өнөөдрийн Жавхлан хэмээх хувь хүний төлөвшилд хамгийн их нөлөөлсөн хүн нь түүний ээж. Охиноо 8-р ангид байхад Сүлжмэлийн үйлдвэрт үйлчлэгч, дараа жил нь бичиг цаас цэгцэлдэг ажилд оруулсан нь залуу бүсгүйг ирээдүйн бизнесмэн хатагтай болох үндсийг тавьсан биз ээ. Ээж нь 20 хүртлээ ухаан ороогүй бол тэр чигээрээ дуусдаг, 30 хүртлээ эрдэм сураагүй бол түүнийг хүний тооноос хас гэж үздэг хүн байсан аж. Энэ л зарчмаар амьдралаа, бизнесээ удирдаж яваа тэрээр компаниа ч багаас нь эхэлж үндэсний хэмжээний том компани болгон бойжуулсан 8 жилийг ардаа орхижээ. 2004 онд нэг нягтлан, нэг менежер, 5 оюутантай, өөрөө даргаас нь үйлчлэгч хүртэл бүх ажлаа хийдэг хэв маягтайгаар МТS компанийнхаа суурийг тавьж, бизнесийн гараагаа эхлэв.
Тэгвэл өдгөө 256 ажилтантай, үйлдвэрлэл, газар тариалан, гадаад худалдаа зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хэмжээний том компани болон өргөжөөд байна. Үндэсний топ 100 аж ахуйн нэгжийн тоонд дээгүүр давхидаг тус компанийн охин компани “Сэлэнгэ тариа” гэхэд л 10.000 га эргэлтийн талбайд улаанбуудай, арвай, овьёос болон төмс хүнсний ногоо тарьж ургуулан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Аливаад Монгол чанар, үндэсний стандарт тогтоож, нийгмийн хариуцлагатай эрүүл хүнсээр ард түмнээ хангах нь МТS-ийн үндсэн зорилго. Ерөөс нийгмийн хариуцлага гэгч амин чухал зүйлийг эрхэмлэн, бүхий л зүйл дээр эл чиг зорилгыг баримталж ирсэн нь тус компанийн ерөнхий захирал, хатагтай Х.Жавхланг “Grand lady-2010” ёслолын ажиллагааны хамгийн эрхэм, чухал номинаци болох Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй удирдагч болоход түлхэц болсон нь эл бүгдээс харагдаж байгаа юм.
Хүмүүнлэг энэрэнгүй үйлс гэдэг хүн болж төрсөний хамгийн том гавьяа, эрхэм үүрэг юм. Тиймдээ ч шинэ зуунд аливаа компаниудыг зах зээлд эзлэх багтаамж, цар хүрээ, олж буй ашиг орлогоор нь бус харин нийгмийн хариуцлагаа хэр түвшинд биелүүлж буйгаар нь эрэмбэлэдэг жишиг тогтоод байгаа. Эмэгтэй захиралтай болоод ч тэр үү, МТS компани нийгмийн хариуцлага тал дээр туйлын оновчтой, нүдээ олсон энэрэнгүй үйлс хийсээр ирсэнийг, хамгийн гол нь түүнийгээ дөвийлгөж, сүржигнээд байдаггүй эртээс анзаарсанаа нуух юун. Цусны хүнд өвчин туссан Үлэмжбилгүүн хүүгийн эмчилгээнд зарцуулагдах мөнгө цуглуулах ажил дээр тус компани чамгүй хүч чармайлт, хөрөнгө хүч хаяж, үр дүнд нь нэгэн бяцхан амьтан өдрөөс өдөрт эрүүлжсээр байгааг мэдрэх хатагтай Х.Жавхланд хамгийн сайхан жаргалын нэг.
Энэ мэтээр чадалтай, чадвартай хүмүүс, шоу бизнесийг дэмжихийн оронд чухамдаа халамж хайр хэрэгтэй, хөдөлмөрлөх чадваргүй эсвэл шинэ залуу үеийнхэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийж туслахыг тэд илүүд эрхэмлэдэг аж. Тухайлбал, хэн ч анзаардаггүй, зарим нь хүнийн тоонд авч үздэггүй ТҮК-ийн ажилтнууд, ахмад настнууд, хүүхдүүд бол МТS-ийнхний гол анхаарал халамжаа чиглүүлсээр ирсэн бүлэг. “Номин талст” хамтлагийн 10 жилийн ойг ивээн тэтгэж байсан тэд хамгийн сүүлд гэхэд соёл урлагийн нийгмийн хариуцлагын хүрээнд АЖ Д.Зангадын тэртээ 30 жилийн өмнө дуулж амилуулсан “Алтан намар” дууны клипийг бүтээхэд ивээн тэтгэлээ. Насаараа нэг ч клип хийлгэж үзээгүй, нас дээр гарсан Ардын жүжигчинд нэг л өдөр утас цохиж “Алтан намар” дуунд тань клип хийлгэх гэсэн юм гэхэд итгэж чадаагүй гэдэг. “Би энэ насандаа таны уран бүтээлийг дэмжье гэсэн үг хүнээс дуулж үзээгүй. Залуу зандан насандаа ийм юм үзээгүй байхад хөгшин настай намайг хэн тоож клипийг чинь хийж өгье гэх юм, би клип бэлэн болтол итгэж чадахгүй байсан” хэмээн нулимсээ цэлэлзүүлэн ярьж суусныг санаж байна. Ийм л хүмүүст МТS компани, түүний ерөнхий захирал Х.Жавхлан хатагтай санаа тавьж, олсоноо хуваалцаж суудаг буянтай нэгэн.
Ямартаа л нөхөр нь гэргий, охин хоёроо “Та хоёр тусламж хүмүүнлэгийн байгууллага, улаан загалмай зэрэг газар ажиллавал хүрэх ёстой зүйл хүрэх ёстой хүмүүсийнхээ гар дээр яг очно доо, тийм зориулалттай” хэмээн хошигнодог аж. Х.Жавхлан хатагтайн хувьд энэ бүгдээ хийх ёстой ажил, байх ёстой зүйл хэмээн үздэгт л хэргийн учир байгаа юм. Ийм л нэг энэрэх нигүүлсэх сэтгэл сүлэлдсэн, эгэл даруухан хэрнээ эрхэмсэг, “элегантны” бүсгүй сэтгүүлийн маань зүгээс анхлан зохион байгуулсан, бүхэлдээ хүмүүнлэг зорилготой үйл ажиллагааны маань гол баатруудын нэгээр шалгарсанд хувьдаа сэтгэл хангалуун, баяр хөөр дүүрэн суугаагаа нууж чадахгүй нь. Түүний ажил, амжилтын мөр бүхэн сэтгэл шиг нь сүүн цагаан зам дагуулж, эгэл бусдад ивээлээ харамгүй хайрласаар байг.
М.Уранчимэг
Сэтгэгдэл байхгүй байна