Хулан

Хоёр мянга дөрвөн оны хавраар санагдана. Офицеруудын ордон үзэгчдээр пиг дүүрсэн байлаа. Тайзнаа Дэндэвийн Пүрэвдорж, Пунцагийн Бадарч гэсэн хоёр ардын уран зохиолч, Цоодолын Хулан хатагтайн хамт дүүхэлзэн гарч ирэв.
Хурсан олон алга нижигнүүлэн ташиж, эрхэм зохиолчдод хүндэтгэл үзүүлээд шүлгээ унших мөчийг нь тэсэн ядан хүлээж байгаа нь илт. Эхлээд Пүрэвдорж гуай “Тусгаар тогтнол”, “Чингис”-ээ уншлаа. Дараа нь Бадарч гуай “Есөн эрдэнийн орон”-гоо дуудлаа. Сүүлд нь Хулан найрагч “Би дургүй” хэмээх шүлгээ гал цогтойхон уншсан юм.   

“…Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сураглахад дургүй
Цэмгэр нь дэндүү харчуул, цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд би дургүй…
…Холоос айсуй морьтон гэнэт өөр зүгт давхихад би дургүй
Холбиромтгой ааш, уян жаданд дургүй
Нүүрнээс далдуур хүн муулах хэлэх
Нүдэн дээр минь гөлөг зодоход би дургүй…” гэж ёстой нэг “нам авч” өгсөн.

Хулангаас тийм л иртэй, омог бадрангуй, аливаа зүйлийг чинээнд нь тултал хэлж чаддаг шүлэг сонсох гэж хүлээж суусан олон загатнасан газраа маажуулсан мэт гарынхаа алгыг хорстол сэтгэлийн цэнгэл эдэлсэн юм. Ер нь Хулангийн шүлгийг сонссон  бүхэн дотоод сэтгэлийн ямар их эрч хүч, энерги авдаг гэж санана.
Тэрээр үзэгч фенүүдээ гомдоож байсан удаагүй болов уу. Гомдооно гэдэг нь муу шүлэг бичиж, өөрөөсөө урваж, Хулан гэдэг ерөнхий чиг шугамаасаа хазайгаагүйг нь хэлж байгаа хэрэг. Тэр аливаад харц дээгүүр байж, хэчнээн ч эр хүнтэй тэнцэх эр зоригоор жигүүрлэж явдаг. Хэн нэгэн том дарга, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн өмнө харцаа унагаж, өчүүхэн байхад бүр нэг язгуураасаа дургүй.

Шударга бус зүйлтэй хэзээ ч эвлэрч чаддаггүй нь бүхний нүдэн дээр ил байдаг. Ямар сайндаа улс төрийн хүрээнд ийм нэг үг гарахав дээ. Ардчилсан намыг Со(Сосорбарам гавьяатыг хэлж байна), Ху намыг Хулан л шинэчилж байна даа гэж. Өнөө Ху нам нь одоо Ардын нам болсон биз дээ. За тэр нам мам ч яахав.
Гэхдээ мань хүн улс төрийн тогоон дотор нь биш юм аа гэхэд, хэлэх үгээ хэн буйгаас ч айлгүй хэлчихээд ад болдог ч тал бий.
 
“Лхамсүрэнгийн Энэбиш тэргүүтэй жинхэнэ “мужи”к эрчүүд энэ намыг удирдаж байхад би улаан батлахыг нь гардсан юм шүү. Та хэд жаахан ч гэсэн зангарагтай байгаарай” гээд хэзээ билээ дээ, намын хурлаа орхиод гарч байсан санагдана.
Аливаа юманд учир начир, зүй тогтол гэж байдаг бололтой. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр одоогоос гурван жилийн өмнө “Хулангийн үдэш” хэмээх нэгэн утга төгөлдөр баяр болоход Дөнгөтийн Цоодол найрагч “Охиндоо яагаад Хулан гэж нэр өгсөн юм бэ” гэх утгатай шүлэг уншиж байлаа.

Цоодол гуайн гурван охинтой. Дунд охин нь Хулан. Өдгөөгөөс дөчин жилийн өмнө төрсөн охиндоо цэл залуухан найрагч Хулан гэж нэр өгсөн байгаа юм. Тэгээд зогсохгүй манцуйдаа тарвалзаж байгаа улаахан амьтныг хараад “салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй, алсаас тоос нь л харагдаад өнгөрдөг онгон танхил хулан шиг хиймортой яваарай, миний охин” хэмээн шүлэглэжээ. Манцуйдаа байсан жаахан амьтан найрагч аавынхаа шийрийг хатааж Монголын том найрагч, эрчүүдийн байтугай хүүхнүүдийн харц унадаг хийморь жавхаатай бүсгүй болсон.
Тэгэхээр яалт ч үгүй л учир ерөөл гэж байдаг бололтой.

Түүний шударга бус зүйлтэй тэмцсэн, дайтсан, дотоод сэтгэлийнхээ хүч, хийморь лундаагаар бусдыг номхруулсныг нь тоочоод барахгүй ээ. Сүүлийн нэг бодит жишээ бол Улсын хүүхэлдэйн театрын дарга болсон явдал. Бавуугийн Лхагвасүрэн хэмээн ганц хүний ноёрхлоос улсын өмчийг, хүүхдүүдийн өмчийг салгаж авсан эр зориг. Ямар ч дарга сайдуудад тал алддаггүй, төрийн томчуудтай хэзээний дотно нөхөрлөдөг нөхөр Лхагвасүрэнгээс Хүүхэлдэйн театрыг салгаж чадах ганц хүн ерөөсөө  Хулан л байсан даа. Одоо хүүхэлдэйн театрыг хар. Хичнээн зуун сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн гэлээ. Улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд гэртээ орж ирж байгаа юм шиг, театрт тухлах болсон.

Эцэг эхчүүд ч юм л болбол хүүхэлдэйн театр руу гүйдэлтэй болсон. Театрын ажилчид ч нар нь гарсан мэт өөрийн орны болон дэлхийн сонгодог жүжгүүдээс өдөр дараалан тоглож эхэлсэн. Ингэж Хулан авхай Монголын хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийсэн билээ. Энэ том гавьяагаараа “GRAND LADY-2010”-ын шилдгээр тодорсон биз ээ. Уул нь соёл, урлагийн салбарын шилдгийн төлөө Дуурийн театрын захирал Б.Сэргэлэн, Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн шагналт, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Азийн ятгын хатан хаан өргөмжлөлт Ч.Мөнх-Эрдэнэ, гавьяат жүжигчин И.Одончимэг гээд соёл урлагийн өнөөгийн өнгө нь болж яваа лидер бүсгүйчүүдтэй тунаанд үлдсэн байсан. Аргагүй юм, аргагүй ээ гэдэг шиг Хулан авхайг олон түмэн онцолжээ. Шагнал нүдээ олжээ гэснээс өөр хэлэх үг олдохгүй нь.

Сэтгүүлч, яруу найрагч Н.Гантулга
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025