ИТГЭЛ

“Чингис” зочид буудалд болсон “Grand lady” ёслолын дараахан М.Бундмаа Гавьяат тамирчны өндөр босгоор алхсан нь бидэнд билэгшээлтэй санагдсаныг хэлэх нь зүйтэй байх. Тэр өдөр шагналаа дөнгөж авсных нь дараа баяр хүргэхээр утас цохилоо. Бундаа гэтэл “Олимп” бааз руу бэлтгэлдээ явж байна гэв. Жүдогийн шигшээгийнхэн Орхон аймагт цугларалтад гараад хэд хонож байсан юм. Төрийн том шагнал, спортын гавьяат тамирчин болсон хүн чинь эндээ ганц хоног амрах юм болов уу гэтэл гавьяатын тэмдэг, цагдаагийн дүрэмт хувцсаа бушуухан тайлж үлдээчихээд бэлтгэл рүү гээ яарч яваа нь тэр байж.

Спортынхноор яагаад бахархмаар байдаг гээч. Ийм болохоор нь.
Тамирчин болно гэдэг эгэл хүний сонголт биш юм. Эрч хүчээ тасралтгүй өгч байдаг бэлтгэл сургуулилт, ар гэр, амьдралаа дандаа хоёрдугаарт тавих хатуу нэхэл, үргэлжийн тэмцэл, тулаан...Тэр бүхэнд бэлэн байх сэтгэлзүй. Чухам ийм олон шалгуурын ард гарч, өөрийгөө ялж, өрөөлийг дийлж, дээр нь эх орноо үүрч, дүүрч явдаг спортын салбараас “Grand lady” тодруулан нэрлэсэнд олзуурхаж байгаа.
2010 оны төгсгөл, 2011 оны эхлэл Бундмаагийн цаг хугацаа байлаа. Спортын карьерын хувьд түүний нэр хүнд, амжилт ар араасаа ундарч байв. Дэлхийн аваргын хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль, “Их дуулга” буюу жүдочдын нэрлэдэгээр “бага дэлхийн аварга”-ын алтан медаль. Дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдсэн шинэ рекорд. Дээр нь

“Grand lady” цом, Гавьяат тамирчны хүндэт алдар...
Гавьяат тамирчин Д.Мөнхбаярыг Барселоны олимпиос медальтай ирэхэд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн аав охиндоо буудлагаар хичээллэхийг зөвлөсөн гэдэг. М.Бундмаагийн тамирчин болсон нь ч бас ийм эхлэлтэй. Ер нь тамирчдыг тамирчид өөрсдөө төрүүлдэг гайхалтай түүх олон шүү дээ. Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд, Х.Батхишиг гээд жүдо бөхийн анхны эмэгтэй шигшээгийн жинхэнэ ясны тамирчдын баг араасаа олон сайн бөхчүүд төрүүлсний нэг үе М.Бундмаагаар эхэлнэ. Тэр дайчин эгч нарыг хараад жүдоч болох хүсэл тээсэн охин 12-хон насандаа тамирчин болохоор хотод иржээ.

Түүний хүргэн ах нь аав, ээжийг нь ятгасаар байгаад Хархорингийн арван жилд дөрөвдүгээр ангид сурч байсан хүүхдийг бараг шалгалт шүүлгийг нь таслуулаад хот руу татсан гэдэг. 12-хон настай, 36 кг жинтэй, Х.Эрдэнэт-Од эгч шигээ дэлхийн тамирчин болох мөрөөдөлтэй ийм охин 1997 онд Улаанбаатарт хөл тавьж байжээ.
Анхны тэмцээн алтан медаль авчирлаа. Олимпийн хорооны 40 жилийн ойд зориулсан өсвөрийн жүдочдын тэмцээнд зургаахан сар бэлтгэл хийсэн охин шууд аварга болсон нь  их том юмны эхлэл байсныг нь харуулсан биз ээ. М.Бундмаа “Монгол охид” клубын тамирчин боллоо. Тэр жүдод өдөр ирэх тусам дурлаж, бусад нь нэг бэлтгэлтэй байхад хоёрыг хийдэг байв. Тэгэх тэгэхдээ бүр томчуудын бэлтгэлээс салдаггүй байжээ.

Гэрээсээ бол хичээлдээ явахаар гардаг тэр охин Спортын ордон, заал танхимд өдрийг өнгөрүүлж, татами, кимоно, жүдо гэсэн япон үгс цээжлэн, цагаан өмсгөлт тамирчдын тухай “хичээл”-д сайн дураараа суудаг байв. Спортод шунан дурласан тамирчид яг ийм замыг туулж эхэлдэг. Тэднээс тэсвэртэй нь үлдэж, тэднээс чадалтай нь ялгардаг. М.Бундмаа анхнаасаа ялгарч, шигшигдэж, ялж чадаж байсан юм.
Хотод ирээд хоёр жил бэлтгэл хийчихсэн багагүй туршлагатай жүдоч охины анхны олон улсын тэмцээн самбын Азийн аварга байв. М.Бундмаа тэр тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа. Харин түүний насанд хүрэгчдийн том тэмцээнд гаргасан анхны амжилт нь 2005 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байжээ. М.Бундмаа насанд хүрэгчдийн тивийн аваргаас хүрэл медаль хүртэж, чухам энэ үеэс Х.Эрдэнэт-Од шиг барилдчихаар эвлэгхэн жүдоч охиныг Монголын ард түмэн таньдаг болсон юм.

2006 он: Зүүн Азийн наадмын хүрэл, Азийн наадмын мөнгө.
2007 он: Оюутны “Универсиад” наадмын алт.
2008 он: Ази тивийн аваргын мөнгө.
2010 он: Азийн наадмын мөнгө, Дэлхийн аваргын хүрэл.

Энэ бүхнийг М.Бундмаагаар овоглох олон олон амжилтын эхлэл гэж хэлж болно шүү. Ир нь орсон, туршлага суусан, дэвжээн дээр хэнтэй, яаж өрсөлдөхөө мэддэг болсон цэл залуухан жүдочид ингэж найдах бүрэн үндэслэл бий.
Монголын жүдо бөхийн түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хоёрхон бүсгүй байдаг. Тэрний нэг нь Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, нөгөө нь М.Бундмаа юм. Яагаад ч юм М.Бундмааг спортынхонд танигдаж эхэлсэн үеэс энэ охин Х.Эрдэнэт-Одыг залган гарч ирэх жүдоч байна аа гэж олон хүн ярьдаг байсан. Одоо бодоход спорт мэддэг хүмүүсийн итгэж байсан тэр л замаар М.Бундмаа явж байна.

Спортод нэг нь нөгөөгөө залгамжилдаг бичигдээгүй хууль байдаг. Ерээд оны сүүл, 2000 оны эхэн үед гавьяат тамирчин О.Пүрэвбаатар чөлөөтийн, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од жүдогийн нэр нүүрийг тахалж явлаа шүү дээ. Олон сайн тамирчин байсан ч том, жижиг тэмцээнээс хэзээний л энэ хоёр тодроод гараад ирдэг байсан. Яг ийм спортын харагдах байдал, олон жилийн амжилтаараа О.Пүрэвбаатарыг Б.Наранбаатар, Х.Эрдэнэт-Одыг М.Бундмаа яахын аргагүй залган гарч ирсэн. Гинжин холбоо шиг энэ урсгал хэзээ ч тасардаггүй нь спортын гайхамшигтай намтар юм.
М.Бундмаа их хөгжилтэй. Эргэлдсэн алаг нүд, цэвэрхэн, хөөрхөн царай, хүүхдийрхүү зантай. Бас тэр их даруухан + шударга, шулуухан. Ер нь маш товчоор бол М.Бундмаа их зөв хүн. Энэ бүх эгэл зан чанаруудын цаана нуугдаж байдаг бат бэх хүч, дайчин, эрэмгий характерыг нь нэмбэл ТЭР жинхэнэ ТАМИРЧИН юм.

М.Бундмаа саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа “Түвшээ ах, Цагаанаа хоёр шиг тэвчээртэй, Хандаа эгч шиг хатуужилтай, Эрка багш шигээ дайчин байвал “алах” байх даа” гэсэн байна лээ. Уг нь бол яг тэр чанарууд өөрт нь бүгдээрээ байдаг шүү дээ. Тэвчээр, хатуужил, зориг... Тийм ээ, бүгд түүнд байгаа.
Залуу хүний хүсэл мөрөөдөлд элдвийн л зүйлс эргэлддэг байх. Харин энэ бүсгүйн хүслийг бид бүгдээрээ мэднэ. Олимпийн наадам, дэлхийн дэвжээ, тэнд намирах алтан соёмбот далбаа, тэнд эгшиглэх эх орны минь Төрийн дуулал...
Ийм агуу мөрөөдөл биелэх эрхэмсэг өдөр ирэх байх аа. Дэлхийн тамирчин бидний дунд амьдарч байгаад, дэлхийн бөх “Гранд” сэтгүүлийн баатар болж байгаад бахархаж байна.Их спорт таныг ивээг.
Б.Бадамгарав

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025