Гашуун үнэн: Жирэмсэн эхчүүд гэмт хэргийн хохирогч болж амиа алджээ

Эх, хүүхдийн эндэгдэл өссөн аймшигт он жил, сар өдрүүдийг манай улс аль хэдийнэ давжээ.  Үүнийг батлах статистик тоон үзүүлэлтийг ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд үзүүлж байна.   Эхийн эндэгдэл хэдхэн сарын өмнө бүр 89.9 хувьд хүрээд байсан бол өдгөө 30 хувь болтлоо буурчээ. Зөвхөн аравдугаар сарын байдлаар эхийн ноцтой хүндрэлтэй буюу бараг найдваргүй болчихсон 253  эхийн амь насыг аварч чадсан байна. /Энд нэг хар бараан мэдээлэл сонордуулахад, гэмт хэргийн улмаас хоёр эх амь насаа алджээ/ Үүгээр зогсохгүй 2-5 сард ханиад томуу туст вирүс, улаанбурханы халдвараас болж хүүхдийн эндэгдэл эрс өссөн байсан бол одоо урьд, урьдны жилүүдээс илүү доогуур үзүүлэлттэй байна гээд л  ЭХЭМҮТ-ийн алтан гартай эмч нарын гавьяаг тоочоод барахгүй нь.

Яахын аргагүй нөр их хөдөлмөр буцалж байдаг энэ л гал тогоонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцах ховорхон боломж манай сурвалжлах багт тохиосон юм.

Энэ хамт олон он цаг улиран явахын хэрээр өнгөө алдаж, хуучирч зэвэрдэг тогтолцооноос гажиж улам өнгөө засч, чанарыг эрхэмлэж, үйлчлүүлэгчдийн ая тухыг хангах болсон нь эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцад тод харагдаж байлаа. Хамгийн найдвартай гэх эрхэм алдрыг иргэдээсээ авч чадсан ЭХЭМҮТ-ийн боловсон хүчнүүд урт болон ойрын хугацааны стратеги зорилт тавин, түүнийгээ даван биелүүлэхийн төлөө цаг наргүй энхийн манаанд ажиллаж байна.

Зөвхөн зорин ирэгсдэд бус эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд хүрч үйлчлэхийн төлөө шаардлагатай бүхий л зүйлсийг хийж байгаагаа ч эмнэлгийн удирдлагууд дуулгасан юм. Өөрөөр хэлбэл, алслагдмал орон нутаг, аймаг сумдад эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо хангаж байгаа төдийгүй ОБЕГ болон бусад холбогдох газруудтай хамтарч нисдэг тэрэг хүртэл “дайчилдаг” болох гэж буйгаа бидний нөхдөд онцолж байв.

Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах боломжийг ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат олгосон. Түүний хувьд энэ үеэр эмнэлгийн эмч ажилчидтай танилцаж, санал бодлыг нь сонсож нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм.

Энэ л эмнэлэгт хэнз охиноо өлгийдөн авч цагаан халаатнуудын ажиллах дүр төрхийг 20 гаруй хоногийн турш ажиж , өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсан гэдгээ Төрийн нарийн маань дурсаж, ихэд дотночлон ярьж байсан юм. Мөн эмч нарын хариуцлага, айдас түгшүүрийг бага ч гэсэн хөнгөвчлөх зорилготой Эрүүл мэндийн ажилчдын даатгалын тухай хуулийн төслийг хүртэл өргөн барьж буйгаа онцолж байсан нь эмнэлгийн ажилчдын сэтгэлийг гэгэлзүүлээд авсныг нуух юун.

Манай улсын хувьд төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого нь нэг талаасаа хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чиглэсэн боловч нөгөө талаасаа эрүүл мэндийн байгууллагын засаглал, бие даасан байдлыг бодлогын гадна орхигдуулсан байдаг.  Тэгвэл үүнийг өөрчилж, засаж сайжруулахын төлөө ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэх эмч нарын үгс ч ТНБД Д.Очирбатад тусаж үлдсэн биз ээ.

Төрөх, үхэх хоёр адилхан гэгддэг энэ орчлонд дөнгөж мэндлэх бяцхан үрийг ижийтэй нь хамт эрүүл энх амаржуулах үүрэгтэй төрөхийн эмч нарын түүх, дурсамжийг сонсож суухад яахын аргагүй өөрөөсөө ч илүү бусдыг гэсэн сэтгэл, ариун цагаан бодлууд нь сэнхийн үнэртэж байсан билээ.

Дээр дурьдсан хоёр эх гэмт хэргийн улмаас амиа алдсан харамсалтай мэдээллийг хүргэж байгаа нь бодит үнэнийг гуйвуулахгүй гэсэн чин эрмэлзлэл, нөгөөтэйгүүр эмч нар маань аливаа зүйлийг хав дардаггүй, харин ч үнэнээр өгүүлдгийг илтгэх гэсэн бяцхан оролдлого байлаа.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025